
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ ноцтой хэд хэдэн мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,
- 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэгдсэн 527 сая 875 мянган төгрөгийн төлбөртэй тусламжийн орлогоос 478 сая 970 мянган төгрөгийг иргэд цагтаа ирээгүй, хэвтээгүй хэмээн цуцалж, данснаас буцаан гаргаж авсан зөрчил илэрсэн
- СЭМҮТ-д нас барсан иргэдийн 20 хувьд нь ОНОШИЙН ЗӨРҮҮ гарсан
- СЭМҮТ-д ажилладаггүй иргэн О СЭМҮТ-ийн өмнөөс байр түрээслэх 82.5 сая төгрөгийн гэрээ хийсэн нь тогтоогдсон. Дээрх зөрчлүүд 5 жил гаруйн хугацаанд үргэлжилсэн тул өмнөх дарга нар ч холбоотой гэдгийг онцолсон.
Мөн өнгөрсөн есдүгээр сард СЭМҮТ-ийн даргаар томилогдсон Г.Анхболдыг чөлөөлж, түр дарга томилсон байгаа гэсэн байдаг.
Тэгвэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Г.Анхболд зарим хэвлэлүүдэд мэдээлэл өгчээ. Ингэхдээ "Би 2024 оны есдүгээр сард томилогдсон. Эрүүл мэндийн сайдын яриад буй асуудлуудыг би гаргаж ирж, шалгуулж ирсэн. Би шалгалт явуулаад гаргаж ирсэн зөрчлүүдээ өөрийн албан тоот дээрээ АТГ-т өгч, шалгуулах албан бичиг өгч байсан. Мөн ЭМЯ руу ч явуулж байсан. Улмаар 2025 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас үргэлжлүүлсэн нарийн шалгалт хийгээд явж байсан асуудал юм. Надаас өмнөх 5 жилийн хугацаанд 500 гаруй сая төгрөгийн зөрчил байсан. Энэ зөрчлүүдийг арилгахаар ажиллаж байсан" гэжээ.