Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн тойргийн зодоон ба Говьсүмбэрийн зовлон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 14 секунд

Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо улс төрийн хүчнүүд төдийгүй улстөрчдийн дунд маргаан дагуулаад байна. Эрх баригч хүчин Улаанбаатар хотын мандатын тоог цөөлж, орон нутгийн мандатын тоог нэмэх бодлого барьж буйгаа албан бусаар мэдэгдсэн. Харин парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж буй Ардчилсан намынхан хүн ам, нутаг дэвсгэр болон эдийн засгийн нөөц бололцоонд тулгуурлан тойрог байгуулах, тойргийн мандатын тоог хуваарилах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэн спикерт албан тоот хүргүүлсэн.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ тойрог байгуулах, тойргийн мандатын тоог ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө амжиж батлах ёстой. Хугацаа давчуу байгаа эдгээр өдрүүдэд ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд хүч үзэхээр горилж буй эрхмүүд сонгуулийн тойрог, тойргийн мандатад анхаарал хандуулж, өөрсдийн нөөц бололцоогоо урьдчилан тооцож, элдэв хорыг найруулж, лобби хийж эхэлжээ.

Үеийн үед сонгуулийн тойрог байгуулах асуудал дээр маргаанд хамгийн ихээр өртдөг аймаг нь Говьсүмбэр аймаг. Монгол Улсын 21 дэх аймаг болж 1994 байгуулагдсан цаг үеэс Говьсүмбэр аймаг УИХ-ын сонгуульд Дорноговь аймагтай нэг тойрог болж, харин мандатын тоо хэлбэлзэж ирсэн юм. Тодруулбал, 1992-2000 онд Ё.Адилбиш, Ц.Шаравдорж нар УИХ-д сонгогдсон бол 2000-2008 он хүртэл Л.Одончимэд, Ц.Шаравдорж нар Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээн төрд төлөөлсөн юм. Харин 2008 онд Ж.Батсуурь /МАХН/, Я.Батсуурь /АН/ нар сонгогдсон бол 2012 онд нэг л мандаттай болж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Ж.Батсуурь ялалт байгуулсан. 2016 онд Дорноговь, Говьсүмбэр аймаг нэг тойрог болж, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг нар сонгогдсон юм.

Сүүлийн үед  Говьсүмбэр аймгийг Дорноговиос салгаж, Дундговьтой нэгтгэх яриа нилээд гарах болсон нь анхынх биш. 2016 оны сонгуулийн өмнө тойргийн хуваарилалт дээр Говьсүмбэр аймгийг Дорноговиос салгаж, Дундговьтой нэгтгэхээр санаархсан ч төдийлэн дэмжлэг аваагүй юм.

Тэгвэл энэ яриа мөн л энэ удаагийн сонгуулиар дахин яригдаж, тэр бүү хэл Дорноговь, Говьсүмбэр аймгаас анх удаагаа УИХ-д сонгогдсон яруу найрагч Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой нэгдэн Говьсүмбэр, Дундговь аймгийг сонгуулийн нэг тойрог болгож, хоёр мандаттай байхаар лобби хийж эхэлжээ. Тэдний лобби ч хүчийг авч УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын сонгуулийн хуульд олон мандаттай тойрог гэж заасан. Тэгэхээр тухайн тойрогт хоёр буюу түүнээс дээш мандаттай байна гэсэн үг. Тухайн тойрогт хэдэн мандаттай байхыг хүн амын тоо, төвлөрлийг тооцон гаргах ёстой. Цөөн хүн амтай аймгууд бий. Жишээлбэл Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгээд хоёр мандаттай тойрог болгомоор байгаа юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагандаа онцолжээ.

Угтаа бол УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Говьсүмбэр аймаг болон Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах болон Өргөн сумын ард иргэдийг төлөөлөн УИХ-д сууж байгаа юм. Гэвч 2020 оны УИХ-д сонгуульд дорноговьчуудаас санал авч чадахгүй гэж бодсон уу, аль эсвэл өөрийгөө өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төлөөлж чадсангүй гэж бодоод уу Дорноговь аймгаас зай барьж, Дундговь аймгийг налахаар шийджээ. Ийнхүү өнгөрсөн хугацаанд өөрийн тойрогтой олигтойхон ажил хийж чадаагүй учир сонгогчдынхоо нүүрийг дахин харж чадахгүйд хүрсэн Д.Дамба-Очир, Г.Мөнхцэцэг нар сонгогдсон тойргийнхоо сонгогчдоос “зугтаж”, Дундговь, Говьсүмбэрийг нэгтгэхээр санаархаж байна.

Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог тогтоох бүрт Говьсүмбэр аймгийн асуудал яригдаж, Дундговь, Дорноговиос сонгогдох гэсэн горилогч нар булаалдаж байгаа нь говьсүмбэрчүүдийн эрх ашгийг үл хүндэтгээд зогсохгүй доромжилж байгаатай утга ижил юм. Үр дүнд нь Говьсүмбэр аймгийн ард иргэдийн дуу хоолой төрд хүрч чадахгүй, орон нутгийн нийгэм-эдийн засгийн байдал сайжрахгүй байна.

Сонгуулийн тойргийг зөв зурж, мандатын тоог нэмэгдүүлж чадвал сонгуульд ялалт байгуулж, УИХ-д сонгогдох боломжтой байдаг. Энэ дагуу сонгуульд хүч үзэхээр горилж буй эрхмүүд нэг аймгийн ард иргэдийн итгэл үнэмшил, орон нутгийн хөгжил цэцэглэлтээр наадаж болохгүй.   

 

Австралийн нугасан хошуут мөхөхөд хүрчээ
Австралийн нугасан хошуут мөхөхөд хүрчээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.