Хятадын эрх баригч Коммунист нам урт хугацааны эдийн засаг, хөгжлийн төлөвлөгөөний дагуу тэтгэвэрт гарах насыг хойшлуулахаар болсон нь цахим сүлжээнд иргэдийн бухимдал, шүүмжлэлийг дагууллаа.
2018 оны байдлаар Хятадын 1.4 тэрбум хүн амын 250 сая нь 60-аас дээш насныхан байжээ. Энэ нь нийт хүн амын 17.8 хувь гэсэн үг бөгөөд 2053 он гэхэд энэ тоо 33 хувь болон өсөх төлөвтэй байна.
Шинхуа агентлагийн энэ сард мэдээлснээр Засгийн газрын 2035 он хүртэлх төлөвлөгөөнд иргэдийн тэтгэвэрт гарах насыг аажмаар нэмнэ гэжээ. Сүүлийн 40 жилийн турш Хятадын төрийн албаныхан болон цагаан захтнуудын тэтгэвэрт гарах нас өөрчлөгдөлгүй эрэгтэй 60, эмэгтэй нь 55 байсаар ирсэн.
Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар Хятадын 40 жил хэрэгжүүлж, 2016 онд болиулсан нэг хүүхдийн бодлогын уршгаар ажиллах хүч улам багасч, хөгшчүүдийн тоо өссөн. Ард иргэд тэтгэвэрт гарах насыг хойшлуулах шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байгаа ч төрийн мэдлийн мэдээллийн агентлагууд “Тэтгэвэрт гарах насыг хойшлуулах олон улсын түвшинд байдаг зүйл. Гадаад орнуудаар аялаад үзвэл 60 хүрсэн ч ажлаа хийж байгаа хүмүүс маш олон бий. Энэ бол хэвийн зүйл” хэмээн мэдээлж байна.
БНХАУ-ын тэтгэвэр гарах насыг олон улсынхтай харьцуулахад эрт юм. Жишээ татвал, Япон улсад тэтгэвэрт гарах нас 65 байдаг төдийгүй өнгөрсөн жил Абэ Шинзогийн мэдээлснээр Засгийн газар үүнийг 70, эсвэл 75 нас болгох төлөвлөгөөтэй байгаа аж.