Яг ийм л үдшээр өөрийн чинь дотор өвдгөө тэврээд нуугдчихсан өөрийгөө олмоор санагддаг уу. Би лав тэгдэг. Аяга шар айраг хувааж уугаад инээж, уйлж суумаар болдог. Хэзээ ч юм хаа нэгтээ гээж орхисон гэнэ сэргүй, залуухан, инээд алдсан өөрийгөө дахин нэг хармаар бодогддог. Хүмүүс ямар байсныг, өрөөний минь охид юу ярьдаг байсныг, ямар загвар моод болж байсныг, энэ бүгд хэрхэн өөрчлөгдсөнийг хармаар санагддаг.
Тэгэхэд будсан уруулын минь будаг зохиж байж уу үгүй юу. Тэр үдэштэй хадгалсан инээд, догдлол хоёр минь ялдам байж уу үгүй юу. Яагаад тийм яруу байсныг, яаж яваад зам салсныг, бороо хэзээ зогссоныг, гэртээ ороход юу гэж хэлснийг. Бүгдийг нь нэг эргүүлж хармаар болдог. Үгүй гэж үү?.
Бороонд алхах дуртайг минь юу гэж бодсоныг, норсон үс, нойтон хүрэм минь яаж харагдсаныг, дуулж бүжиглэх дуртай минь таалагдсан эсэхийг, гитар тоглоход догдолдгийг минь юу гэж харсныг яг ийм л үдшээр мэдмээр болдог.
Өөрийн чинь дотор өвдгөө тэврээд нуугдчихсан чи сууж л байгаа. Яг тэр үеийн чамайг дурсамжтай чинь хадгалаад хүлээж байгаа. Яг ийм л үдэш уулзаарай...
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!