Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын ноос, ноолуурын холбоо К.Номинжинг буруутгалаа

Ангилал
Social pop
Огноо
Унших
4 минут 4 секунд

Амьтанд Энэрэнгүй Хандахын төлөө Хүмүүсийн Нийгэмлэг (PETA)-ээс ямааг самнаж, хэрхэн амьтны эрхэнд халддаг талаар Монгол улсаас бэлтгэсэн видео сурвалжлагаа нийтэлжээ.

Энэхүү бичлэгт дуучин, амьтны эрхийг хамгаалагч К.Номинжин дуу оруулж, өөрийн санаа бодлыг хүргэсэн ажээ. Тэрбээр, “Хэрэглэгчдийг ноолуур худалдан авахын тулд өчнөөн сая ямаа ийм харгислалд ахин дахин өртөн тарчилж байна. Ямаа ийнхүү олон жил тарчлан зовсны эцэст ноолуурын аж ахуйд ямар ч хэрэгцээгүй болмогц арьс, махыг нь ашиглаж, худалддаг байна. Ноолуурын үйлдвэрлэл ийм харгис хэрцгий төдийгүй Монгол орны байгаль орчныг ч бас сүйтгэж байна. Хэрвээ та ноолууран эдлэл хэрэглэдэг бол амьтныг шархлаан зовоож, байгаль орчныг сүйтгэдэг үйлдвэрлэлийг сүйтгэж байгаа шүү. Хэрэглэгч бид энэ зовлон шаналыг зогсооход тусалж, ноолууран болон амьтны гаралтай ямар ч хувцсыг худалдан авахгүй байх нь бидний сонголт. Бид таныг дэлгүүрт үзэж буй барааныхаа шошгыг шалгаж, ноолуур гэж бичсэн байвал лангуун дээр нь орхихыг хичээнгүйлэн гуйж байна” хэмээжээ.

НООС НООЛУУРЫН ХОЛБОО: Монгол улсын ноолуурын салбарын нэр хүндийг унагаах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, бодит бус мэдээллээр бусдыг уриалах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна

Тус бичлэгийг олон нийтэд түгээсэнтэй холбогдуулан Монголын ноос, ноолуурын холбооноос дараах мэдэгдлийг хүргэжээ. Энэхүү мэдэгдэлд “Монгол ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой Монголын нэр, нөлөө бүхий залуу үеийн төлөөлөл олон нийт, ялангуяа гадаадын улс орны иргэдэд буруу ташаа ойлголт өгөхүйц мэдээллийг цацжээ.

Ноолуурын салбар нь Монгол Улсын стратегийн гол салбарын хувьд, олон улсын зах зээлд танигдсан, өөрийн байр сууриа нэгэнт олж, нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй, малын тавлаг байдлыг хангасан үйлдвэрлэл эрхлэхийг гол зорилгоо болгон хөгжиж байгаа билээ. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь малчид, малчдын хоршоотой нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж малын эрүүл мэнд, малын тавлаг байдлыг хангах, ноолуурын чанарыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг тогтмол хийж ирсэн болно. Цаашдаа ч энэ салбарын хөгжлийг улам түргэтгэж, монгол ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх том зорилгын дор салбараараа идэвх зүтгэлтэй ажилласаар буй. Үүнд Монгол Улсын иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал билээ.

Гадаад зах зээлд монгол ноолуурын нэр хүнд өсч байгаа, “Монголын гуравдагч хөршийн худалдааны хууль” АНУ-н Конгресст өргөн баригдсан байгаа зэрэг түүхэн, эгзэгтэй цаг үед монгол ноолуурын салбарын нэр хүндийг унагаах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, бодит бус мэдээллээр бусдыг уриалах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Монголын ноос, ноолуурын холбооноос гаргасан статистик мэдээллээс авч үзвэл 2018 онд тус салбар 454.9 сая ам.долларын борлуулалт хийж, 742 мянган ширхэг эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргасан нь стратегийн голлох салбаруудын нэг гэдгийг илтгэнэ.

Харин энэхүү асуудалд жиргээчид ямар байр сууринаас хандаж байгааг хүргэе.

Сонирхуулахад, Амьтанд Энэрэнгүй Хандахын төлөө Хүмүүсийн Нийгэмлэг буюу (PETA) нь 1980 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 400 орчим ажилтан, 6.5 сая гишүүд, дэмжигчидтэйгээр амьтны эрхийг хамгаалах, халамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Б.Лхагвацэрэн

Сөрөг байр суурь: Путин эрх мэдлээ авч үлдэхийг санаархав
Сөрөг байр суурь: Путин эрх мэдлээ авч үлдэхийг санаархав
 
ЭЕРЭГ: Орхон аймаг хүүхдийн хоолны төсвийг нэмэгдүүлж, сурагчдад шим тэжээлтэй хоолоор үйлчилж эхэлжээ
ЭЕРЭГ: Орхон аймаг хүүхдийн хоолны төсвийг нэмэгдүүлж, сурагчдад шим тэжээлтэй хоолоор үйлчилж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.