Кино зохиолчид жүжигчин, СТА Э.Тодгэрэлд эсрэг дүрийг санал болгох нь олонтоо. Тэрбээр 2019 онд нээлтээ хийсэн "Хийморь" УСК-ны Бадарчингийн дүрийг тунчиг чадварлаг бүтээж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан удаатай. Түүнчлэн 2024 онд үзэгчдийн хүртээл болсон "Гарц" олон ангит УСК-нд Содбаяр гэх эсрэг дүрийг бүтээсэн. "Зоригтой байх аминд халтай шүү" гэх үг нь дээрх дүрийн товч илэрхийлэл. Тэгвэл Э.Тодгэрэл Монгол Улсын Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, Б.Тамирын бүтээл "Цөвүүн цаг" УСК-нд Бадрал гэх шилийн сайн эрийн дүрийг бүтээжээ. Энэ талаар жүжигчин, СТА Э.Тодгэрэлтэй ярилцлаа.
-----------------
-Ярилцлагын эхэнд таны тоглосон "Цөвүүн цаг" УСК-ны талаар асуумаар санагдлаа. Танд Бадрал гэх эрийн дүрийг бүтээх саналыг хэн тавив. Та хувьдаа хэрхэн хүлээж авсан бэ ?
-Миний тоглосон түүхэн киноны анхны дүр бол жүжигчин, кино найруулагч Г.Эрдэнэбилэг ахын найруулсан "Хийморь" киноны Бадарчны дүр. Тэр дүрдээ маш их хайртай. "Цөвүүн цаг" УСК хоёр дахь уран бүтээл маань болж байна. Б.Тамир ах над руу утсаар яриад "Аав, ээж хоёр түүхэн кино хийх гэж байгаа. Удахгүй зургандаа гарна. Говь руу явна" гэсэн. Өмнө нь "Хийморь" УСК-ны зураг авалтыг нэг сарын хугацаанд Говьд авч байсан учраас би халууныг нь мэддэг болохоор шийрэгнээд байгаа мөртлөө дотроо уран бүтээлч хүний хувьд олзуурхаад байдаг. Тэгээд зохиолоо ч уншаагүй байж шууд зөвшөөрсөн.
-Та өмнө нь Б.Тамир найруулагчтай ЗУРА III, “Цэвэрлэгээ” УСК дээр хамтарч ажиллаж байсан шүү дээ. Зохиолоо уншаагүй байж зөвшөөрсөн гэхээр бас л том зориг шүү.
-Угаасаа чанартай уран бүтээл хийдэг шүү дээ.
-Тэгвэл таны тоглосон Бадрал гэх дүрийн онцлогын талаар.
-Би "ZURA-3" УСК-нд Авлигатай тэмцэх газрын ахлах комиссор Сэргэлэнгийн дүрд тоглосон. Маш гоё, эргэлттэй дүр. Ер нь найруулагчид надад эсрэг дүр өгөх гээд байдаг талтай. Жишээ нь "Хийморь" УСК-ны Бадарчны дүр нь нэг цаг үеийн соёлыг харуулдаг. Тийм учраас би бадарчныг судалж, тэрэнд уусах хэрэгтэй болсон. Ямар дүрийг хүнд хүргэмээр байна, түүнийхээ ертөнцийг бүтээх хэрэгтэй гэж боддог.
Б.Тамир ах надад "Миний дүү одоо эерэг дүрээр кинонд тогловол яадаг юм. Маш гоё дүр байгаа. Бадралын дүр бол бараг гол дүр шүү" гэж хэлж байсан.
Миний тоглосон Бадрал шиг дүр өнөө цагт бараг байхгүй дээ. Улсын байгууллагад ч тэр. Төрд байгаа нөхдүүд ч тэр. Сайхан Монгол эр хүн ер нь байгаа эсэх асуудал хүртэл яригдана.
Киноны нэр нь хүртэл "Цөвүүн цаг". Өнөөдөр бид 21 дүгээр зуунд амьдарч байгаа мөртлөө цөвүүн цаг шиг л амьдарч байна. Кино уран бүтээл бүр нийгэмд заавал хүргэх гэсэн мессеж, болохгүй байгаа зүйлсийн талаар шүгэл үлээдэг. Эр хүн дотроо ар гэр, ахуй амьдрал төр улс гэх мэт бүх зүйлсийг тээж явдаг уул шиг хүмүүс байдаг. Тийм дүр өнөөдрийн нийгэмд байхгүй юм уу даа л гэж би харсан. Зохиолоо уншихад үнэхээр таалагдсан учраас дүр дээрээ чадан ядан ажилласан.
-"Цөвүүн цаг" УСК-ны трейлер өнгөрсөн ням гарагт /2025.02.09/ цацагдсан. Трейлерээс харахад та хүүгээ эх барьж харагдсан. Таны хувьд аав болоод удаагүй байгаа учраас Бадрал гэх дүр дээр ажиллахад арай дөхөм байв уу ?
-Тийм шүү. Хүү маань одоо нэг настай. Ид бужигнуулдаг үе дээрээ байна. Аав болсон мэдрэмж надаас холдоогүй байсан болохоор Бадралын дүр надад магадгүй илүү сэтгэлд ойр байсан байх. Эцэг хүний сэтгэлзүй гэдэг шал ангид зүйл байдаг юм байна.
Аав болсны дараа үрээ харах харц, тэврэх тэврэлт, дуу хоолойны өнгө зэрэг бүх зүйлс өөр болдог юм байна лээ. Мэргэжлийн мундаг ах, эгч нар "Чи амьдрал үзэж байж жүжигчний мэргэжлийг ойлгоно" гэж хэлдэг байсан. Тэр ийм л учиртай байсан юм байна.
-Та 2023 оны арванхоёрдугаар сарын 6-нд аав болж байлаа. Тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Хүүгээ төрөхөд уйлаад л байсан. Хүү минь урд байхад яг л өөрийгөө хараад байгаа юм шиг санагддаг. 30 гаруй насандаа хүсэж ирсэн үр минь амин зүрхнийх болдог байна. Анх аав болсон мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Бүхэл бүтэн бяцхан ертөнц миний өмнө ирэхэд би хүчтэй, зоригтой байдаг юм байна лээ. Бүх зүйл дүүрээд ирсэн.
Хайр гэдэг зүйл гарт баригдахгүй, биегүй зүйл боловч хүнийг асар ихээр догдлуулж даль жигүүр ургуулдаг. Хөөрөөд хүн бүрийг тэвэрмээр ч юм шиг. Би өөрөө их уяхан хүн. Аав болсон чинь нулимс бүр ойрхон болсон байна лээ. Одоо ч гэсэн хүүгээ бодохоор үе, үе дотроо зангирдаг /уйлав/. Хүн хүнийхээ хажуугаар зүгээр өнгөрдөггүй. Үүнтэй адилхан би эхнэр, хүүтэйгээ учрах ёстой болоод л учирсан гэж бодож явдаг.
-Эхнэр гэснээс та хоёр хэрхэн танилцаж байв.
-Манай эхнэрийг н.Хонгорзул гэдэг. Бид хоёр танилцаад гурван жил болж байна. Манай эхнэр Японд барилгын инженер хийдэг байлаа. Бид анх цахимаар танилцсан. Одоо бодоход бид хоёрын юм бүхэн маш хурдан өрнөсөн. Яг учрах ёстой хүнтэйгээ учирсан гэж боддог. Энэ яг миний нөхөр юм байна, би энэ хүнтэй амьдарна гэж шийдээд Японоос над дээр ирсэн. Тэгэхээр эмэгтэй хүн нэг шийдхээрээ айхтар байгаа биз. Бүх зүйлээ орхиод миний хажууд ирж, удам залгах нуган үрийг төрүүлж өгсөн тийм л гайхалтай эмэгтэй дээ.
Аливаа кино уран бүтээлийн нээлт яг л шалгалт шиг. Хамгийн эхний аудитын хөндлөнгийн шүүгч бол манай эхнэр. Манай эхнэр яг хэлдэг. Барилгын инженер мөртлөө урлагийн өндөр мэдрэмжтэй. Кино зохиол ирвэл бид хоёр хамт уншдаг. Жүжигчид, найруулагчид хоорондоо задалж байгаа юм шиг манай хүн логикийн алдааг нь хүртэл гаргаж ирдэг. Киноны нээлт бүр дээр бид хамт очдог. Хэрэв би дүрээ гайгүй сайн гаргасан бол миний гарыг атгаж байгаа атгалт бас өөр. Орой гэрт ирээд намайг үнэрлэж, үнсээд "Миний хань мундаг тоглосон байна. Би чамаар бахархсан" гэх жишээний. Дүрдээ жаахан тааруу тоглосон бол "Яах вэ дээ" гээд өнгөрдөг.
-Та яриандаа "Аливаа кино уран бүтээлийн нээлт яг шалгалт шиг" гэж дурдаад өнгөрсөн. Таны тоглосон "Цөвүүн цаг" УСК гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийх гэж байна. Айдас, догдлол зэрэгцэж байна уу.
-Мэдээж. Үзэгчдээсээ үнэлгээ авна. Салбарын олон ах, эгч нар, кино шүүмжлэгчид үзнэ. Тэгэхээр алдах эрхгүй. Тодоо муу тоглосон байна, дүрээ гаргаагүй байна гэж яригдвал бас онцгүй. Гоё халуун алга ташилт, урмын үг авах чинь бас янзын шүү дээ. Дараагийн уран бүтээл рүү чүү гээд орох ташуур болдог. Тиймээс дүрдээ сайн тоглохыг хичээсэн. Эцсийн үр дүн нь нээлт. Нээлт бол бас чанга шүү дээ.
Гоё баяр боловч миний хувьд тусдаа шалгалт л байдаг. Кино үзэж дууссаны араас хүнд нэг дүр үлддэг дээ. Тэгж үлдвэл гоё.
Бид одоог хүртэл "Сэрэлт" киноны Бумаа гэх мундаг эмэгтэйг Т.Цэвээнжав гуай гэдэг нэрээр нь мэддэггүй. Бумаа гэх дүрээрээ ард түмэн дунд нэрээрээ алдаршсан. Миний дотор байдаг ганц зорилго нь өөрийнхөө нэрээр биш дүрээрээ хүмүүст нэрлэгдсэн уран бүтээлч болохыг хүсдэг. Гэхдээ бас л өдий байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!