Х.Тэмүүжин: Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгох санал гаргасан ПРОКУРОРЫГ алгасаж, шүүх рүү дайрсан нь зохион байгуулалттай ТОГЛОЛТ байсан юм биш биз

Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 33 секунд

Их хэмжээний мөнгө угааж, татвараас оргон зайлсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг өнгөрсөн тавдугаар сард баривчлах шүүхийн захирамж гарсан ч Дүүргийн хялбар ажиллагааны шүүхийн шүүгч С.Олзод НПГ-ын хяналтын прокуророос ирүүлсэн санал, мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Уг асуудал нь нийгэмд шүүх байгууллагын хараат бус байдал алдагдаж, шүүгчид авлигачдын талд шийдвэр гаргалаа гэх шүүмжлэлийг дагуулсан бол Ерөнхий сайд “Ц.Элбэгдоржийн үед томилогдсон шүүгчид эзэндээ үйлчилж байна” хэмээн улс төрийн том мэдэгдэл хийж, харин ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх. Авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна” гэж ярьсан нь шүүгчийн томилгооны асуудал улстөрчдийн халааснаас гараагүй гэдэг утгыг нийгэмд лавшруулж шидэв.

Тэгвэл шүүхийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд байгуулагдсан Хялбар ажиллагааны шүүх болоод хэрэг хянан шалгах, шийдвэр гаргах процесстой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Хүний эрх заримдаа цаг, минутаар хэмжигддэг учраас түүнийг хангасан хялбар ажиллагааны шүүх байх ёстой-

-Юун түрүүнд өнгөрсөн парламентаар батлагдсан Шүүхийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Хялбар ажиллагааны шүүхийг байгуулж, энэ сарын нэгнээс эхлэн ажиллаж эхэлсэн. Хялбар ажиллагааны шүүх байгуулсан гол зорилго, үндсэн шалтгааныг та юу гэж харж байна гэдгээс яриагаа эхэлье?

-Нэгдүгээрт, төрийн явуулж байгаа ямар ч үйл ажиллагаа өндөр өртөг, зардалтай. Энэ өртөг зардлыг татвар төлөгч иргэд нуруундаа үүрдэг.Тиймээс аль болох зардал багатай, үр ашигтай ажил явуулдаг байж гэмээн төр татварын дарамтыг иргэдэд учруулахгүй байх юм.

Зарим төрлийн хэргүүдийг хянан шийдвэрлэхэд их төвөгтэй байдаг. Төвөгтэй байдлаасаа шалтгаалаад маш урт процессыг туулдаг. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримт, үйл баримтуудыг цуглуулж илрүүлэх шаардлага тулгарна зэрэг анхан шатны шүүх рүү очтол маш урт хугацааг туулдаг хэргүүд бий. Энэ маш их өртөг, зардалтай шүүхийн процессыг туулдаг. Тиймээс хохирол багатай, шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээчихсэн зэрэг тодорхой зарим зөрчил, маргааныг хялбарчилж шийддэг дэвшилттэй тогтолцоо бусад улс орнуудад байдаг.

Бид ч мөн татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй ашиглахын тулд ийм дэвшилтэт аргыг хэрэглэх ёстой. Түүний нэг нь Хялбар ажиллагааны шүүх буюу хялбаршуулсан журмаар маргаан шийдвэрлэдэг тогтолцоо. Үүнийг ихэнхдээ эрүүгийн маргаанд хэрэглэж байгаа. Учир нь гэм бурууг төр тогтооно гэсэн маргааны зарчим үйлчилдэг. Иргэний маргааныг хэлэлцэхдээ шүүхийн зардлыг угаас маргаж байгаа талууд гаргах ёстой.

Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй хурдан шуурхай шийдвэрлэх ёстой болдог. Энэ үед тасралтгүй ажилладаг шүүхийн систем үйлчлэх хэрэгтэй. Гэтэл шүүгч нь амраад явчихдаг. Ард нь иргэд асуудлаа шийдвэрлүүлж чадалгүй хугацаа алддаг. Хүний эрх гэдэг зүйл зөвхөн өдөр хоногоор биш заримдаа цаг, минутаар хэмжигддэг учраас шүүх тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, хугацаа алдалгүй хэрэг маргааныг шийдвэрлэдэг тогтолцоо руу шилжих зорилгоор Хялбар ажиллагааны шүүхийг байгуулсан.

-Хэрэг нь шүүх рүү огт очдоггүй. Шалгаж байгаа нэрээр алга болгодог мөрдөх байгууллагад санаа зовох ёстой-

-Хялбар ажиллагааны шүүхээр иргэн, ААН-үүд, цаашлаад улсад их хэмжээний хохирол учруулсан, магадгүй хянан шалгах процессын хувьд хугацаа их шаардагдах хэрэг маргаануудыг Хялбар ажиллагааны шүүх хэрхэн дэнслэх ёстой вэ?

-Хялбар ажиллагааны шүүх зөвхөн анхан шатанд үйлчлэх юм. Давж заалдах юм уу, хяналтын шатанд боломжгүй. Хялбар ажиллагааны шүүхээр орох тохиолдолд Мөрдөн шалгах ажиллагааны төвөгтэй нөхцөл байдлаас шалтгаална. Тухайлбал, гэм буруугаа хүлээсэн, үйл баримт нь маш тодорхой, нотлох баримтууд нь тодорхой ойлгомжтой маргааныг шүүх удаах шаардлагагүй байдаг.

Монгол Улсын үндсэн хуульд шударга шүүхээр шүүлгэх эрх гээд бичсэн байдаг боловч дэлхийн бусад улс орнуудад шударга шүүхээр шүүлгэх эрхэд хоёр гол эрхийг агуулж үздэг. Нэг нь шударгаар шүүлгэх тухай агуулга. Гэтэл манайд үүнийг шударга шүүх буюу байгууллага гэж хардаг. Эсрэгээрээ шударгаар шүүлгэх гэдэг нь шүүхийн процессыг хэлээд байгаа юм. Хэрэг маргаан шийдвэрлэх процесс эхний шатаасаа эцсийн гарах шийдвэр хүртлээ эрүүл зарчмаар, үнэн зөв байх асуудал энд яригддаг.

Өмнө нь дундад зууны үед хүнд найддаг байсан байж болох ч орчин үед тогтолцоондоо л найдна. Тэр нь хөгжиж явсаар шударга байдлыг бүрэн дүүрэн хангасан процесст найддаг болж байна. Энэ зүйл Монгол Улсад шинэ байж магадгүй. Учир нь бид социализмын үед “зорилго нь зөв бол арга нь хамаагүй” гэдэг зарчмаар явсан. Харин одоо бол зорилго нь зөв ч гэсэн бас арга нь зөв байх ёстой гэдэг зарчим руу шилжиж байна.

Хоёр дахь агуулга нь өөрийнхөө холбогдож байгаа хэрэг маргааныг нэн даруй шүүхэд сонсгох гэдэг зарчим байгаа. Түүнээс биш шүүх болж байна гээд 2, 3 жилээр асуудлыг нь шийдвэрлэхгүйгээр цээрлүүлээд байж болохгүй. Манайхны дунд “хуулийн байгууллагын үүдэнд чулуу нясална”гэж үг байдаг. Энэ ч нь өөрөө эрүү шүүлтийн нэг хэлбэр шүү дээ. Ийм байлгахгүй байхын тулд аль болох тодорхой бөгөөд, хөдөлшгүй, ойлгомжтой нотлох баримттай хэргүүдийг хурдан шийдвэрлэх хэрэгтэй.

Харин хэрэг нь тасралтгүй шалгагдаж байгаа эсэх нь тодорхойгүй хаалттай хаалганы цаана далд хийж байгаад алга болгодог асуудал социализмын үеийн тогтолцоо байсан. Одоо ч тэр зарим хэрэг шүүхэд огт очдоггүй. Процесс дотроо удаад сүүлдээ юу болсон нь мэдэгдэхгүй алга болдог. Үүнийг ард “завшдаг” үйлдлүүд байдаг. Тиймээс Хялбар ажиллагааны шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэх асуудалд болгоомжлох биш харин шүүх рүү хэрэг нь огт очдоггүй, мөрдөн шалгаж байгаа нэрээр гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагын дотор алга болдог хэргүүдэд бид илүү санаа зовох ёстой.

-Тэгэхээр та цагдаа, прокурорын байгууллагад гол асуудал байна гэж хэлэх гээд байна уу?

-Тийм. Шударгаар шүүлгэх тухай асуудал процессын тухай ойлголт гэж би өмнө нь хэлсэн. Өөрөөр хэлбэл шүүгч шийдвэрийг дангаараа гаргах биш энэ процесст шүүгч, прокурор мөрдөгч оролцож байж шүүгч шийдвэрийг гаргадаг гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс шударгаар шүүлгэх тухай асуудал хэрэг хянах, мөрдөн шалгах байгууллагатай салшгүй холбоотой зүйл. Шүүгч бол зөвхөн тэр процессыг л удирдаж байгаа.

Шүүгчийн бэлгэдэл ч гэсэн тийм. Нүдээ боож, дэнс барьсан эмэгтэйн гол утга учир нь барьсан дэнс дээр ямар нотлох баримт авчирч тавихыг мэддэггүй. Түүнийг авчир гэж захиалдаггүй. Прокурор, өмгөөлөгч хоёр тэр дэнс дээр нотлох баримтуудыг авчирч тавьдаг. Шүүгч түүнийг нь харах боломжгүй. Үүнийг нүдээ боосон дүрслэлээр илэрхийлж байгаа юм. Зөвхөн жинлүүр хаашаа дарж байна тэр талынх нь зөв. Тэнд байгаа нотлох баримт үнэн гэдгийг илэрхийлж шийдвэр гаргадаг. Шүүгч хүнийг гол зарчим энэ.

Харин шүүхэд нотлох баримтыг хэн авчирч, гэм буруутай гэдгийг нотлох ёстой хүн нь прокурор. Нөгөө талд цагаатгах буюу өмгөөлөх эрх нь өмгөөлөгчид байдаг. Энэ хоёрын оролцоог тэгш хангасан, шударга байлгасан, оролцоог нь хууль ёсны байлгах үүрэг нь шүүгчид бий.

Тэгэхээр шүүхийн дотоод эрх мэдлийн хуваарилалтыг бид зөвөөр ойлгохгүй бол зөвхөн шүүх л ийм шийдвэр гаргаж байна гэдэг нь өөрөө том алдаа. Харин шүүх алдаагүй шийдвэр гаргах процесстой юу, түүнийг нь хуульчилж өгч чадсан уу, тэр процесст оролцож байгаа прокурор нь социализмын сэтгэлгээнээсээ салсан уу гэх зэрэг олон асуулт хариулт нэхэж байгаа.

-Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоол хүчингүй болсон асуудалд ганц шүүх рүү дайрч байгааг хардаж байна-

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг ХУД-ын ЭХАШШ-ээс баривчлах тогтоол гаргачихсан байсныг Хялбар ажиллагааны шүүхийн шүүгч хүчингүй болгосон асуудлыг та хэрхэн дүгнэсэн бэ?

- Шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлүүдийг сонсоогүй учраас аль нь шударга, шударга бусыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг асуудал тод үлдсэн. Яагаад гэнэт шүүх рүү дайрав гэдэгт эргэлзээ бий. Тэр шүүгч би ийм асуудлыг шийдье гэж өөрөө санаачилга гаргаж шийдэх ямар ч эрхгүй.

Эсрэгээрээ шүүх рүү асуудал оруулсан прокурорын тухай яагаад огт ярихгүй байгаа нь сонин. Прокурор яагаад өмнөх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох саналыг гэнэт шүүх рүү оруулсан юм. Тэр тухай хэн ч ярихгүй байгаа нь гайхал төрүүлж байна.

Үүний ард хардах нэг өнцөг нь шүүгчийг, шүүхтэй нь муухай харагдуулах гэсэн зохион байгуулалттай тоглолт явж байгаа юм биш биз гэж болгоомжилж харж байна.

Өөрөөр хэлбэл прокурорыг алгасаж, шүүгч рүү санаатайгаар чиглэсэн дайралт хийсэн пиар байсан юм биш биз гэсэн хардалт үүсэж байна.

-МАН эрх барьсан сүүлийн 8 жилдээ юу ч шийдээгүй байж гаслаад сууна гэдэг өрөвдөлтэй-

-Ерөнхий сайд “Ц.Элбэгдоржийн үед томилогдсон шүүгчид эзэндээ үйлчилж байна” гэж өөрөө улс төрийн том агуулгатай мэдэгдэл хийсэн шүү дээ. Үүнийг юу гэж харсан бэ?

-Өнгөрсөн 8 жил МАН дангаараа засагласан. Сүүлийн гурван жил дотор нь МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч байгаа. Ц.Элбэгдоржийг дайснаа гэж боддог. Ц.Элбэгдорж л энэ улс орныг дампууруулсан гэж боддог, түүнийгээ ил цагаан хэлдэг улс төрч түүний өмнөх дөрвөн жилийн Ерөнхийлөгч байсан. Ингээд харахаар энэ алдаа завхралыг засах боломж МАН-д хангалттай байсан. Хууль эрх зүйн орчин, процессыг нь сайжруулах, мөрдөн шалгах үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон ажлуудыг хийж болох байсан.

Гэтэл эргээд харахаар 2012-2016 онд хийгдсэн хуулийн салбарын шинэтгэлийг бүгдийг нь нураагаад түүнээс урагшаа явсан зүйл нэг ч алга. Үнэхээр л эрх баригчид шүүх процессын асуудлыг шийдье гэвэл тогтолцоог нь бүхэлд нь өөрчил л дөө. Прокурорын байгууллагаа өөрчлөх ёстой шүү дээ. Үнэхээр алдаа байгаад, захиа даалгаварт өртөөд байгаа шүүгч нар байгаа бол шалгаад, шүүх эрх мэдлээс нь татаад шоронд явуулах хэмжээний хугацаа дууслаа.

Зүгээр л нэг эзэн биегүй мангас бүтээчхээд тэр мангастайгаа байлдаж байгаа баатрын жүжиг тоглоод байх хэрэггүй.

Үнэхээр өөрчилье гэж байгаа бол зоригтой шийдэх шийдлүүд зөндөө байна. Ядаж л авлигатай холбоотой гэрч, хохирогчоо хамгаалдаг Тахарын албаа буцаагаад байгуулах хэрэгтэй. Мөрдөх албыг ч байгуулах хэрэгтэй.

Одоогийн хуучинсаг арга барилаар энэ төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэж чадахгүй гэдэг нь тодорхой харагдсаар л байна. Шүүхийн системээ сайжруулахын тулд анхан шатны шүүхийн процессоосоо эхлээд сайжруулах хэрэгтэй. Үүнийг шийдвэрлэх гэж оролдсон процессын хуулиудыг 2016 онд МАН УИХ-д олонх болоод хамгийн анхны шийдвэрээрээ л алга болгосон. Сүүлийн арваад жилийн дотор юу ч шийдээгүй байж гаслаад сууна гэдэг өрөвдөлтэй байна.

Ярилцсанд баярлалаа

Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!