Сүүлийн үед өсвөр насныхан архи, согтууруулах ундааны хэрэглээ нь аюулын харанга дэлдэж эхлэв. Тодруулбал, 2024 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс /НЭМҮТ/ 15-24 насны 1002 залуусын дунд согтууруулах ундааны хэрэглээ ямар түвшинд байгааг судлахад 13 хувь нь ЭРСДЭЛТЭЙ хэрэглээтэй гэх дүгнэлт гарчээ. Хамгийн сонирхолтой нь 15-17 насныхан архи, пиво хэрэглэх болсон шалтгаанаа "Хөгжилтэй байхын тулд, тэмдэглэлт баярыг илүү гоё болгодог, нийгэмшихэд тусалдаг, хэн нэгэнтэй танилцаж дотносохын тулд, "күүл" харагдахын тулд уудаг" гэсэн байна. Тэдний ихэнх нь нэг сар өнжөөд архи, пиво уудаг гэсэн бол сард 2-4 удаа уудаг гэж 32 эрэгтэй, 46 эмэгтэй хариулжээ.
Түүнчлэн архи нь асуудлаа мартахад тусалдаг, өөртөө илүү итгэлтэй болдог, гутарч шаналсан үед тусалдаг согтох мэдрэмж нь гоё гэж хариулсан байх юм.
2023 онд цагдаагийн байгууллагад "14 настай эмэгтэй Н нь хичээлдээ явна гэж гараад гэртээ хариагүй алга болсон" гэх дуудлага бүртгэгдсэн байдаг. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад дээрх хүүхэд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архидан согтуурсан байдалтай байсныг олсон байдаг. Мэдээж энэ бүхний ард нийлж байгаа найзууд, гэр бүлийн анхаарал, халамж яригдах нь тодорхой.
15-25 насны хоорондох үеийг сэтгэл хөдлөлийн цонх үе гэж нэрлэдэг. Тэр дундаа 9-13 насанд эцэг эхээс хайрлагдах мэдрэмжийг аваагүй хүүхдүүд сэтгэлзүйн хувьд сул дорой байдаг учраас хорт зуршилд амархан татагддаг аж. СЭМҮТ-д жилд 1300-1400 хүн хэвтэн эмчлүүлдэг. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь гэр бүлийн асуудалтай, архийг хамгийн анх 16-18 насандаа амсаж, олон хоног дараалж уусан нас нь 25 дотор багтана.
Хүүхдүүд эцэг эхээсээ хол байх тусам хайрлагдах мэдрэмж авахаа больж, улмаар тархи нь эцэг эхтэйгээ байсан дурсамжаа тайрч хаядаг
Энэ талаар СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч анагаах ухааны магистр тэргүүлэх зэргийн эмч Б.Энхчимэг:
-Хүний тархи хойноосоо эхэлж хөгжиж, 25 насанд дух магнайн хэсэг нь гүйцэт боловсорч дуусдаг. 9-13 буюу өсвөр насанд тархины хөгжил ид явагдаж байх үед архи, пиво, тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэвэл тархины эд эс эмзэг байгаа учраас амархан донтдог. Тархины хөгжлийн 1-3 нас маш чухал үе. Энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдээ анхаарч бөөцийлж, энэ хэрээр хүүхдүүд халамж хайраар дүүрэн мэдрэмж авдаг учраас тайван амгалан байдаг. 3-9 насанд уураг тархинд шинэ холбоосууд үүсдэг. Юмыг танин мэдэж эхлэх гээд яагаад, яагаад гэсэн асуулт их асуудаг даа.
9-13 насанд тархи дахин загварчлагдаж хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл, дурсамж зэргийг ялгаж эхэлдэг.
Өчигдөрхөн гэхэд нэг эмчлүүлэгчийн ээж нь ирээд надтай уулзлаа. Хүүхдээ таван настай байхад нь амьдралын эрхэнд Солонгос руу ажил хийхээр явсан юм байна. Хүүхэд нь одоо 30 настай манай тасагт эмчлүүлж байна. Ээж нь Солонгост байх хугацаандаа хүү рүүгээ тогтмол мөнгө шилжүүлж, хувцас, авахыг хүссэн зүйлсийг нь явуулдаг байж. Гэвч хүү нь ээжийгээ гэх хүндлэх хайрлах, сэтгэл байхгүй өдийг хүрсэн байна. Би ярианы эхэнд 9-13 насанд тархи дахин загварчлагддаг гэж дурдсан даа. Тэр үедээ тархи нь ээжтэйгээ байсан дурсамжаа тайрчихсан гэсэн үг. Хүмүүс зарим юмаа мартчихдаг. Тэр нь мартсандаа биш хэрэггүй юмаа хаяж байгаагаас өөрцгүй.
Хүүхдүүд эцэг эхээсээ хол байх тусам хайрлагдах мэдрэмж авахаа больж улмаар тархи нь эцэг эхтэйгээ байсан дурсамжаа тайрч хаядаг. Хожим хойно тэр хүүхэд эцэг эхтэйгээ хөндлөнгийн хүн аятай харьцдаг болдог.
Тиймэс хүүхдийг насанд хүрсэн хойно нь эсвэл өсвөр насанд нь мянга анхаарал тавиад хичээгээд зүтгээд ойлголцох гээд ямар ч нэмэргүй болно. Цахим сүлжээнд хэтэрхий хэрцгий байдлаар эцэг эхтэйгээ харьцдаг бичлэгүүд цацагддаг. Энэ бүхний суурь нь үүнтэй холбоотой.
Судалгаа: ЕБС-ийн 13-17 насны 7 суралцагч тутмын 1 нь нэг ба түүнээс олон удаа согтож үзжээ
Ерөнхийдөө улсын хэмжээнд өсвөр насныхан архины хэрэглээ ямар байгаа талаар хийсэн томоохон судалгаа байдаггүй юм байна. Гэхдээ 2023 онд НЭМҮТ-өөс хот хөдөөгийн 8-12 ангийн 3311 сурагчийг хамруулсан судалгаа хийжээ. Тэднээс 14 наснаас өмнө архи, пиво хэрэглэж үзсэн эсэхийг асуухад 42.3 хувь нь хэрэглэж үзсэн гэжээ. Энэ судалгаагаар ЕБС-ийн 13-17 насны 7 суралцагч тутмын 1 нь нэг ба түүнээс олон удаа согтож үзсэн, 10 сурагч тутмын 1 нь сүүлийн 30 хоногт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэжээ. Үүнд хотын сурагчдын эзлэх хувь давамгайлсан байна.
"Нууцлаг үйлчлүүлэгч" тандалт судалгаагаар дэлгүүрүүд 17-20 насны хүүхдээс үнэмлэх асуугаагүй, үнэмлэх шалгасан дэлгүүрүүд насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж архи, пиво заржээ
Уг нь "Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд "Үйлчилгээний байгууллагууд 21 нас хүрээгүй хүнд үйлчлэхгүй, 21 нас хүрээгүй гэх үндэслэл байгаа бол иргэний үнэмлэхийг нь шалгана" гэж заасан байдаг. Гэвч хар амиа бодсон, хэдэн төгрөг олж л байвал болоо гэх хандлагатай худалдагчдын улмаас дээрх хууль нь гууль болсныг харуулж байна.
2023 оны арванхоёрдугаар сарын сүүлээр "Амьдралын гүүр" ТББ-аас "нууцлаг үйлчлүүлэгч" тандалт судалгааг хийсэн байна. Тандалт хийх зорилготой 17-20 насны хүүхдүүд 22:00 цагаас хойш хөл хөдөлгөөн ихтэй гэгдэх Сүхбаатар, Баянзүрх дүүргийн үйлчилгээний 31 газраар оржээ. Үүнд 11 сүлжээ дэлгүр, найман нэрийн дэлгүүр 8, супермаркет 6, зоогийн газар 3, бусад 3 газар багтсан байна.
Худалдаа эрхлэгчдийн 83.9 хувь нь үнэмлэх асуугаагүй, 90.3 хувьд нь архи, пиво зарсан, үнэмлэх шалгасан байгууллагын 40 хувь нь насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж заржээ.
15-25 насны хоорондох үеийг сэтгэл хөдлөлийн цонх үе гэж нэрлэдэг. Энэ үед хүний сэтгэл хөдлөл төлөвшиж тогтдог гэсэн үг. Гэвч өсвөр наснаас архи, согтууруулах ундаа хэрэглэх нь донтох эмгэгт хурдан хүргэдэг юм байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!