Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: Монгол хэлний дүрэм 1949 оноос хойш өөрчлөгдөж, шинэчлэгдээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 9 секунд

Зургийн тайлбар: “Үндэсний үсэглэлийн аварга” шоу нэвтрүүлгийн Монгол хэлний зөвлөх багийг хоёр дахь жилдээ ахалж ажиллаж байгаа хэл шинжлэлийн ухааны доктор Ж.Ганбаатар

“Үндэсний үсэглэлийн аварга” шоу нэвтрүүлгийн сүүлийн дугаарт “идэвхэжжээ”, “туялзна”, “цоморлог” гэдэг үгсийг оролцогчдоор үсэглүүлсэн нь хүмүүсийг гайхшруулаад байна. Уг асуудлаар МУИС-ийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор Ж.Ганбаатартай ярилцлаа.

-ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ЭРДЭМТЭД ҮГСИЙН ДҮРМИЙГ ДУРААРАА ӨӨРЧЛӨӨД БАЙГАА ЗҮЙЛГҮЙ-

-Та “Үндэсний үсэглэлийн аварга” шоу нэвтрүүлгийн Монгол хэлний зөвлөх багийг ахалж ажилласан. Дан хэлний мэргэжлийн хүмүүс байв уу?

-Бид Боловсрол суваг телевизийн “Үндэсний үсэглэлийн аварга” шоу нэвтрүүлгийн монгол хэлний зөвлөхөөр хоёр дахь удаагаа ажиллаж байна. Багийн бүрэлдэхүүнд хэл шинжлэл болон боловсрол судлалын чиглэлээр ажилладаг 6 судлаач бий. Энэ нэвтрүүлгийг 2018 онд хэвлэгдсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийн 38 мянган орчим толгой үгтэй санд тулгуурлан хийж байна.

-Монгол хэлний эрдэмтэд үгсийн дүрмийг дур мэдээд байн байн өөрчлөөд байна гэж олон хүн шүүмжилж байна. Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон кирилл бичгийн дүрмийг өөрчилсөн тохиолдол бий юу?

-Хүмүүсийн өдөр бүр асуудаг асуултын нэг болж дээ. Хэл шинжлэлийн эрдэмтэд үсгийн дүрмийг дураараа өөрчлөөд байгаа зүйлгүй. Нэг шөнө унтаад сэрэхэд л байхгүй болчихдог дүрэм журам гэж хаана байх вэ. Нэгэнт олон нийтийн дунд үсгийн дүрэм, тэр бүү хэл монгол хэлийг өөрчлөөд байна гэсэн ташаа ойлголт тодорхой хэмжээнд байгаа учраас цэгцтэй ойлголт өгөх хэрэгтэй болов уу. Монголчууд 1941 онд кирилл бичигт шилжих шийдвэр гарч, 1941, 1946 онд дүрмээ боловсруулан сайжруулж, 1949 онд хэвлүүлсэн байдаг. Ингээд шинэ үсгийн дүрэмд зориулсан анхны толь бичгийг Ц.Дамдинсүрэн, С.Цэвэл нар 1952 онд хэвлүүлжээ. Түүнээс хойш 1983 онд “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар хэвлэхдээ “монгол үсгийн дүрэм”-ийг хавсралтаар гаргасан. Үүнийг хүмүүс Ц.Дамдинсүрэнгийн дүрэм гэдгээр нь сайн мэднэ. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс тухайн дүрмийг өөрчлөхгүй гэсэн шийдвэр гарчихсан шүү дээ. Өнөөдөр тэр дүрмийг албан ёсоор баримталж байна. Манай улс “Монгол хэлний тухай” тусгай хуультай улс, хоёр гурван хүн үгсэн тохироод хэл өөрчилнө, дүрэм солино гэж юу байх вэ. 2018 онд гарсан зөв бичгийн дүрмийн толь Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг баримталсан.

-МӨРДҮҮЛЭХ ГЭЖ ДҮРЭМ БАЙДАГ-

-Анхны зохиосон дүрмээрээ одоог хүртэл яваа юм байна. Тэгвэл “Миний үед ингэж бичдэггүй байсан” гэж үзээд маргаан дэгдээгээд байгаа хүмүүс цөөнгүй байна.

-Шулуухан хэлэхэд өөрөө буруу сурчихаад буруугаа хүлээхгүй “намайг сурч байхад тийм байсан, миний багш ингэж заасан” гэж ярьдаг хүн олон. Гэтэл тухайн хүнийг сургуульд заалгахаас өмнө, магадгүй төрөхөөс ч өмнө аль хэдийн монгол хэлний үсгийн дүрэм өнөөдрийн энэ байдлыг олчихсон байжээ. Хүмүүсийн хамгийн их шүүмжилдэг үг бол шавж. “Шавьж” гээд зөөлний тэмдэгтэй байсан үгийг зөөлний тэмдэггүй болгочихсон гэцгээдэг. Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл нарын 1952 оны толь, Ц.Дамдинсүрэн гуайн 1983 оны толь бичигт “шавж”, “шавж”-аараа л байгаа. Ярианы хэл, бичгийн хэл хоёр нэлээд ялгаатай. Тухайн үгийг хэлэхэд яагаад зөөлөрч сонсогдоод байна вэ гэхээр тухайн үгийг бүтээж буй авианууд хүний өгүүлэхийн эрхтнээр цувран гарахдаа бие биедээ нөлөөлж буй хэрэг юм. Хамжин шүргэх “Ж” гийгүүлэгчийн нөлөөгөөр “В” тагнайшиж зөөлөрч дуудагдана. Энэ нь авианы нөлөөтөн хувьсах үзэгдэл болохоос “В”-ийн ард “ь” юм уу, “и” байгаа хэрэг биш. Угаас толь бичиг дээр байгаа зүйлийг буруу сурчихаад түүнийхээ бурууг бусдаас хайгаад байж болохгүй шүү дээ.

-Ярианы болон бичгийн хэл өөр гэлээ. “Автуус ба амьдрал” зэрэг ном хэвлэгдэж байна. Олон нийтийн сүлжээгээр “явжийсан”, “тэгдийшд” зэргээр шууд ярианы хэлээрээ бичих нь түгээмэл болсон. Энэ байж болох зүйл мөн үү?

-Бичгийн хэлний хэм хэмжээний дагуу бүрэн хэлбэржүүлж бичих ёстой. Ямар нэг бичиг үсгийг авч хэрэглэхдээ голлож авиа зүйн зарчим дээр тулгуурлан үсгийн дүрмээ боловсруулдаг байна. 1941 оноос хойш 80 орчим жилийн хугацаанд монгол хэлний авиа зүй бидэнд мэдэгдэхүйц байдлаар хувирч өөрчлөгдөөгүй боловч зарим нэгэн үгэнд тодорхой хувирал ажиглагдаж байна. Түүний нэг жишээ бол ногдвор гэдэг үг. Бид “ноогдвор” гэж хэлээд ногдвор гэж бичдэг. Тухайн үеийн хүмүүс ногдвор гэж хэлдэг байжээ. Монгол бичгээр уулыг “агула” гэж бичдэг нь монгол бичгийг анх хэрэглэж эхлэх үед монголчууд “агула” гэж дууддаг байсны гэрч юм. Энэ мэтчилэн ярианы болоод бичгийн хэл цаг өнгөрөх тусам ялгаатай, зөрөөтэй болно. Ярианы хэл маш хурдан хувьсаж өөрчлөгддөг. Харин үүнийг бичгийн хэл барьж байдаг. Бидний сайн мэдэх англи хэлний олонх үгийн дуудлага, бичлэг хоёр зөрдөг. Энэ нь монгол бичгийн хэл, англи хэл хоёр үүх түүх ихтэйг харуулж байна. “Сурцан”, “гэсиймаа” гэх мэтээр ярианы хэлээр бичээд байгаа нь бичгийн хэлний хэм хэмжээгээ мөрдөхгүй байгаа хэрэг. Мөрдөх гэж л дүрэм журам гаргадаг биз дээ.

 

-ӨӨРИЙНХӨӨ МОНГОЛ ХЭЛНИЙ МЭДЛЭГ МУУГ ЭХ ХЭЛНИЙ СӨНӨХ, МӨХӨХТЭЙ ХОЛБОЖ ЯРИХ НЬ БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ -

-Үг журамлах, дүрэм өөрчлөх хоёрын ялгаа яг юу вэ? Нийтлэг алддаг 700 үгийг журамлан олон нийтэд хүргэсэн. Энэ 700 үгийг дүрэм өөрчилсөн гэж андуурах явдал бий.

-Журамласан гэж хэлж болохгүй. Угтаа хүмүүсийн нийтлэг алддаг үгсийг тодотгосон зүйл юм. Буруу бичдэг үгийг толь бичигт байгаа журамласан буюу зөв хэлбэртэй нь харьцуулаад энэ нь зөв юм шүү гэдгийг л гаргаж тавьсан зүйл. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах, нийтэд түгээхдээ дүрэм өөрчлөөд шинээр 700 үг журамлачихсан мэтээр ойлгуулчихсан. 1983 оны үсгийн дүрмийн толь 18 мянган үгтэй, үгийн сангийн хувьд харьцангуй цөөн гэсэн үг. Түүнээс хойш монгол хэл тодорхой үгээр баяжсан байх. Ямартай ч өнөөдөр бидний өдөр тутамдаа ашигладаг монгол хэлний толь бичгүүд 60-80 мянган толгой үгтэй. Тэгэхээр энэ тольд ороогүй үгс олон болж таарна. Тийм үгсийг Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг баримтлаад журамлаж болно. Мөн гадаад хэлнээс орж ирж байгаа үгсийг ч яаж бичихийг журамлаж тогтоох ёстой. Хүмүүс дүрэм өөрчлөх, толгой үг журамлах хоёрыг хооронд нь хольж хутгаад байдаг. Дүрэмд тухайн үгийн үндэс язгуурт залгавар залгахад эгшгийг нь гээх юм уу, гээхгүй юм уу гэх мэт асуудал хамаарна. Харин толгой үгийн бичлэгийг эрх бүхий байгууллага газраас батлаад тогтоочихвол танд, надад таалагдахгүй байсан ч дагаж мөрдөх ёстой.

-Ням гарагт гарсан Үндэсний үсэглэлийн аварга нэвтрүүлгийн гурван үг олны анхаарлыг их татлаа. Хүмүүс маш их маргаан мэтгэлцээн өрнүүлж байна.

-Идэвхэж-, цоморлог гэдэг үг нөгөө л 700-д орсон. Хүмүүс идэвх гэдэг үгийг “идэвхи” гэж “и” эгшигтэй бичээд байдаг. “И” эгшиг эр үгийг зөөлрүүлэх үүрэгтэй. Тэгэхээр эм үгэнд “и” бичих ямар ч шаардлагагүй. Нөгөө талаар толь бичгүүд угаасаа “и”-гүй журамласан байдаг. Идэвх гэдэг үндсийн араас үйл үг бүтээх“-ж” дагавар залгахад дүрэм ёсоор эгшиг жийрэглэх ёстой. Жийрэг эгшиг нь “и” биш “э” байна.

Цоморлог гэдэг үгийн -лаг дагаврыг монгол бичгээр “и” эгшигтэй бичдэг боловч орчин цагийн монгол хэлэнд, бидний ярианд тухайн үгийн үндсэн ямар эгшигтэй байгаагаас хамаараад өргөлтөөр захирагдсан дөрвөн хувилбартай болчихсон бүтээвэр. Бид “ухаалиг”, “царайлиг”, “баялиг”, “мөнгөлиг”, “модлиг”, “гэгээлиг” гэж хэлж, бичдэггүй. Өргөлтөт үеийн эгшигт захируулж ухаалаг, царайлаг, баялаг, мөнгөлөг, модлог, гэгээлэг гэдэг. Үүний дагуу цоморлог гэж бичнэ.  

Туялзна гэдэг үгийг хүмүүс “туялз” гэсэн дүрслэх үг гэж бодсон байх. Угтаа бол “туял” гэсэн үйл үндэс дээр түр үйлдэх байдлын “-зна” нөхцөл залгасан хэлбэр юм. Өчигдрийн нэвтрүүлэгт энэ үгийг тодорхой тайлбарлаагүй нь хүмүүст дүрэм өөрчилсөн мэт сэтгэгдэл төрүүлсэн байж болох юм. Нэвтрүүлгийн хувьд, хүүхдүүдийг үг үсэглэхээс өмнө үгийн утга, тайлбар, өгүүлбэрт хэрэглэх жишээ зэргийг хэлдэг. Энэ нь үгийн утгыг танин мэдүүлэх, үгийн баялаг нэмэгдүүлэх зэрэг давхар зорилго агуулдаг. Түүнийг зурагтаар цацахад цаг хугацаанаас хамаараад бүгдийг нь гаргах боломж хомс байдаг байх аа.

Үсэглэлийн аваргын хувьд хүүхдүүдэд дүрмийг нь тайлбарлаж өгдөг, тухайн үгийг үсэглэхээс өмнө үгийн утгыг авдаг асуудаг, ямар байдлаар хэрэглэгдэж байна гэдэг өгүүлбэрийг асуудаг. Телевизээр гарахдаа тэр болгоныг гаргахгүй учраас монтажлаад хураагаад гаргадаг байх.

-“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг хэр хийсэн бэ?

-Бидний нэг дутагдалтай тал бол бичиж чадахгүй байгаа үгээ хэн нэгнээс асуудаг. Асуусан хүн зөв бичдэг эсэх нь эргэлзээтэй. Бас зарим хүн гүүглээс давтамжаар нь хайдаг шинэ аргатай болсон. Та энэ үгийг яаж бичдэг билээ гэж бодвол шууд л үсгийн дүрмийн толиос харж хэвшээрэй. Журамласан толь интернэтэд PDF хэлбэрээр бий. Мөн “Монгол хэлний зөв бичгийн журамласан толь” гэсэн үнэгүй аппликейшн байгаа. Түүнийг гар утсандаа татаад ашиглаарай. Толь хэвлэгдсэнээс хойш үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр түгээсээр л байна.  

-МЭРГЭЖЛИЙН БУС ХҮМҮҮСИЙН ТААМАГ ОНОХООСОО ОНОХГҮЙ НЬ ИХ-

-Монгол хэл мөхөх болоогүй биз дээ?

-Хэлний амьдрах чадварыг тогтоодог “Юнеско”-гоос гаргасан шалгуур бий. Түүний хамгийн гол зүйл нь тухайн хэлээр яригчдын тоо. Монгол хэлтний тоо манай улсын хувьд өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Түүнээс гадна ЕБС-д монгол хэлний хичээлийг албан ёсоор зааж байна. Бусад шинжлэх ухааны хичээлүүдийг ч эх хэлээрээ орж байгаа. Энэ бол хамгийн гол зүйл. Нөгөө талаас тухайн хэлээр ярьж байгаа хүмүүсийн насыг чухалчилж үздэг. Монгол бол залуучуудын орон. Энэ шалгуураар хэмжих юм бол монгол хэл хэвийн, жам ёсны дагуу хувьсаж байна. Гэхдээ хүн бүр эх хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй.

-Гадаад улсын даалгавраар үгсийн дүрмээ өөрчилж байна гэж туйлширч байна. Ийм зүйл байж болох уу?

-Бид ямар нэг баримтыг үнэн эсэхийг нягтлахгүйгээр шууд итгэдэг сул талтай болчихоод байна. Хэл шинжлэлийнхэн гаднын захиалгаар хэл өөрчилж байна, хэл өөрчилж мөнгө авдаг гэх мэт хэн нэгний зүүдэнд итгэх хүн цөөн байх. Гэхдээ үнэнээсээ итгэчихсэн хэд хэдэн хүнтэй таарсан шүү. Бүхэл бүтэн улсын, бүх салбарт үйлчилж байгаа албан ёсны хэлийг хэн дуртай нь өөрчилнө гэж юу байх вэ. Ёстой нөгөө сарыг хулгайлах төлөвлөгөө гэдэг шиг л. Худал мэдээлэл түгээх нь хэн нэгэн хүн олны анхаарлыг татах, бас эх хэлэндээ хайртай ард олны сэтгэлээр наадаж, худал мэдээлэл зориуд цацаад анхаарал нь сулрангуут хувийн эрх ашигтаа нийцсэн үйл ажиллагаа зохион байгуулаад байна уу даа гэж хардах сэтгэл ч хаяа төрөх юм.   

Зөв бичгийн дүрэмтэй холбоотой асуудал их энгийн. Ямар нэгэн үгийн бичлэгийн талаар маргаж мэтгэх гэж байгаа бол эхлээд толь бичиг, дүрмээ нэг харчхаж байгаарай.

-УИХ-ын нэр бүхий зарим гишүүн хүртэл өөрийн пэйж хуудсанд бичсэн байсан

-Тухайн хүний бичиг үсгийн боловсрол ямар байна гэдэг нь харагдаж байна. Монгол хэлний үсгийн дүрэм, найруулгадаа муу хүмүүс ичиж нэрэлхэлгүй, ихэрхэхгүйгээр хэлний мэргэжлийн хүмүүс болон монгол хэлний багш нараас асуух хэрэгтэй. Мэргэжлийн бус хүмүүсийн таамаг онохоосоо онохгүй нь их байдаг.

Д.Цэрэнчимэг

Гэрэл зургийг: Б.Амарбаясгалан

Х.Ядамын анхны уран бүтээл цацагдлаа
Х.Ядамын анхны уран бүтээл цацагдлаа
 
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.