Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Дэлгэрсайхан: Төрийн оролцоо нэмэгдсээр байвал эдийн засагт сайн үр дүн авчрахгүй

Ангилал
Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
27 минут 18 секунд

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-----------

- УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байна. Үүнтэй холбогдуулан төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлтээ танилцуулжээ. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал таагүй болж байгаа үед өрийн дарамт нэмэгдэх эрсдэл байгааг сануулжээ. Ирэх оны төсвийн төсөөллийг хэлэлцүүлж байгаа энэ цаг үед юун дээр анхаарах шаардлагатай байна?

- Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хуулийн хүрээнд төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөө зэрэг нэлээн олон баримтад бид дүгнэлт өгч зөвлөмж гаргадаг. Хуульд заасан үүргийн дагуу дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээ УИХ-д хүргүүлж олон нийтэд нээлттэй мэдээлэл байршуулаад байна. Байнгын хорооны хурал болон УИХ-ын чуулганд өрийн дүгнэлтийн талаар тодорхой тайлбар асуулт гарвал Их хурал дээр тайлбарлаж байгаа.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бидний дүгнэлтэд төсвийн хөрөнгө оруулалтыг зөв болгож өрийн удирдлагыг сайжруулах тал дээр илүү анхаарах ёстой гэж үзсэн. Учир нь Монгол Улсын өрийн нийт хэмжээ өндөр байна.

Нийт өр ДНБ-тэй харьцах хувь нь 200 орчим байсан бол 157 орчим хувьтай байна. Өрийн дарамт харьцангуй буурсан нь эдийн засгийн өсөлтийн ач. Нөгөөталд өрийн удирдлагын дэвшил гарсны ач. Нөгөөталд, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг нь 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн асуудлыг ярьж байна. Энэ нь өөрөө Монгол Улсын Хөгжлийн дунд хугацааны хөгжлийн гол баримтын нэг гэж ойлгож ажиллаж байна. Төсөв дунд хугацаандаа ямархуу байдлаар явах вэ, төсвийн алдагдал, орлого зарлага ямар байх вэ, эдийн засгийн өсөлтийг Засгийн газрын зүгээс эдийн засгийг хэдэн хувиар өсгөнө гэж тооцож байгаа вэ зэрэг энэхүү баримт бичгийг өргөн цар хүрээтэй харвал Монгол Улсын эдийн засгийн ойрын хугацааны гол баримт бичиг болж байгаа юм. Энэ утгаараа төсвийн тогтвортой байдлын зөвлөл ч бас нэлээн анхааралдаа авах ёстой. Үүнийг бизнесийн орчныхон ч ажиглаж байдаг. Үүн дээр мэдээж эерэг сөрөг зүйлс олон байна.

ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛД УУЛ УУЛРАЙН САЛБАР, МЕГА ТӨСЛҮҮДИЙН НӨЛӨӨГӨӨР ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭТ ӨНДӨР ӨСНӨ ГЭЖ ҮЗСЭН НЬ ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА

- Жишээ нь, 2025 оны төсвийг хэлэлцэх үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хос алдагдал үүсэж болзошгүй гэдгийг сануулж байсан. Ирэх онд бидэнд үүсэх хамгийн том эрсдэлд ямар дүгнэлт өгөв?

- Нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс барьж буй үндсэн бодлого ойлгомжтой. ДНБ-д эзлэх эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, төрийн оролцоог бууруулах ёстой. Тиймээс биш тоон дүнгээр бууруулах гэсэн ойлголт харьцангуй эргэлзээтэй юм. ДНБ-д эзлэх төсвийн зарлага, урсгал зарлагыг бууруулах, төсвийн хууль эрхзүйн орчны тогтвортой байлгах, төсвийн эрсдлийг бууруулах ёстой. Төсөвт үүсэж болзошгүй эрсдлүүдийг урьдчилан харж ажиллах хэрэгтэй гэсэн энэ чиг баримт нь бидний барьж буй гол бодлого юм. Энэ утгаараа бид макро эдийн засгийн таамаглалаа гуравдугаар сарын 15-нд хүргүүлсэн. Гуравдугаар сарын 15-ны өдрийн таамаглал дээр бидний хэлээд буй гол зүйл бол өмнөх жилийн эдийн засгийн нөхцөл байдал улам эргэлзээтэй болсон. Өнгөрсөн онд төсвийг танаж харьцангуй царцааж өгөх, төсөв дээр үүсэж болзошгүй эрсдэл байна, хос алдагдал болох магадлалтай гэдгийг анхааруулж зөвлөж байсан бол энэ удаад хэрэв эдийн засгийн нөхцөл байдал энэ байдлаараа үргэлжилж, төсвийн огцом тэлсэн бодлогыг үргэлжлүүлбэл ямар нөхцөл байдал үүсэх тухай тоон үзүүлэлтүүдийг Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яаманд өгсөн.

Энэ нь алдагдалгүй төсөв байх ёстой, төсвийн зарлагыг өсгөхгүй байх зарчмыг баримтлах, ядаж арванхоёрдугаар сарын 12-нд баталсан дунд хугацааны мэдэгдлээсээ бид цааш нь өсгөхгүй байх ёстой, алдагдалгүй болгоё, төрийн оролцоог бууруулах чиглэлд бидний зөвлөмж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний таамаглал, зөвлөмж хоёрыг нэгтгэвэл эдийн засаг энэ чигээрээ үргэлжилж, төсвийн бодлого улам тэлсээр байх юм байна.

Төрийн оролцоо өссөөр байх юм байна. Энэ нь эргээд эдийн засагтаа сайн үр дүн авчрахгүй гэдэг ийм таамаглал өгсөн. Нөгөөталд зөвлөмжөө өгсөн.

Энэ удаагийн Засгийн газраас оруулж ирсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл бодлогын хувьд харьцангуй бидэнтэй нийцэж байгаа. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулъя, төсвийн зарлагыг 2028 он хүртэл алгуур бууруулж 30 хувиас доош болгохоор төлөвлөж байна. Зарлага сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дунджаар 34, 35 хувьтай явсныг 28-22 хувь болгох иймэрхүү бодлогын хувьд төрийн оролцоог бууруулж, зарлагыг бууруулах чиглэлд үнэхээр харьцангуй эерэг төсөв болсон. Дээр нь зарлагын өсөлтийг 2026 онд харьцангуй тогтвортой хадгалах буюу 2025 оны төсвийг 33 орчим их наяд төгрөгийн зарлагыг өсгөхгүйгээр 2026 оныг төсөвлөе гэсэн ийм эерэг зүйлс байна. Нөгөөталд, таны хэлсэн эрсдлүүд бий.

Жишээ нь, 2025 оны эдийн засгийн өсөлтийг 7.5 орчим хувиар таамаглаж байгаа юм. Гэтэл олон улсын байгууллагууд, төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн таамаглалаас даруй хоёр орчим хувиар өндөр байгаа хэрэг. Бидний зүгээс эдийн засаг 5 орчим хувиар өсөхөөр таамаглаж байгаа нь бодитой болж болзошгүй сөрөг нөхцөл байдал гарчихаад байна.

ҮСХ-ны зарласан энэ оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлд эдийн засаг төсөөлж байснаас доогуур 2.4 хувийн өсөлттэй гарсан нь нэлээн сөрөг дохио.

Өнгөрсөн оны мөн үед эдийн засгийн өсөлт 7.9 хувийн өсөлттэй гарч байсан нь буурсаар эцсийн гүйцэтгэл дээр 4.9 хувийн өсөлттэй гарч байсан шүү дээ. Тэгэхээр суурь оны нөлөөллийг төсвийн хүрээний мэдэгдэл дээр бид их өндөр авсан байна. Цаашилбал, дараагийн тоонууд дээр эргэлзээ үүсэх боломжтой.

Хоёрт, макро эдийн засгийг таамаглахдаа бид өнөөгийн нөхцөл байдал үргэлжилбэл яах вэ, сөрөг тал нь үргэлжилбэл яах вэ гэх таамаглал хийсэн бол Засгийн газраас оруулж ирсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл дээр эдийн засгийг хэт өндөр өснө гэж үзэхдээ шинээр хэрэгжүүлж буй уул уурхайн салбар, мега төслүүдийн нөлөөллийг нэлээн өндрөөр авсан нь эрсдлийг дагуулж байгаа. Бодит байдал дээр хэрэгжих магадлал хэр өндөр байх вэ. Хэрэгжсэн ч бодитой, өнөөдрийн эдийн засагт дорвитой томоохон нөлөөлөл үзүүлэх үү гэдэгт тодорхой хэмжээний бидний ялгаатай байдал үүсэж байна гэсэн үг.

- Ялангуяа эдийн засгийн өсөлт 2024 оноос эхлэн буурч эхэлсэн. Гэтэл төмөр замын төслүүдийг дагасан хэт өөдрөг төсөөллийг эрх баригчид гаргасаар л байна. Бодит байдал дээр он гарсаар төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч, төсвийн орлого дутах нөхцөл үүслээ шүү дээ. Ер нь Төвсийн тогтвортой байдлын зөвлөлийн үгийг бодлого тодорхойлогчид сонсож байна уу?

- Огт сонсохгүй нь ч юу юм. Тодорхой хэмжээнд бидний дүгнэлтийг хэлж байгаа. УИХ-ын гишүүд бидний дүгнэлт дээр суурилсан үзэл бодлоо илэрхийлж байна. Дүгнэлтийг Их хурлын түвшинд гишүүд анхааралтай ажиглаж байгаад баяртай байгаа. Харин бодит байдал дээр хүлээн авч хэрэгжүүлэх тал дээр сул тал мэдээж байна. Хэрэгжүүлэх байгууллага хуулийн хувьд манай дүгнэлтийг баримтлах ёстой. Үгүй бол тайлбараа өгнө. Энэ удаагийн Засгийн газрын оруулж ирсэн төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэлд баримтын иж бүрдлийнхээ хувьд харьцангуй сайжирсан.

Хэрэв өнгөрсөн жил бидний анхааруулж байсныг анзаарч боломжтой бол 2024 оны төсвийг тодотгол хийж өсгөлгүйгээр аажим төсвийн тэлэлт явуулсан бол өнөөдрийн эрсдэлд бид бэлэн байх байсан гэдэг нь хэнд ч тодорхой зүйл. Нөгөөталд, хамтарсан Засгийн газар гарснаар томоохон эдийн засгийн тэсрэлт хийх гэсэн асуудал. Тэр нь Засгийн газрын бүрдүүлж буй гол улс төрийн хүчнүүдийн хавар амласан амлалтаас зөрсөн байдал.

Төсвийн зарлагыг Ардын нам, Ардчилсан нам аль аль нь буулгана гэж амласан ч зөрөөд хамтарсан Засгийн газар байгуулж гурван нам хамтран томоохон төслүүдийг санал болгож эдийн засгийг огцом өсгөнө, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар болгоно гэсэн амбицтай зорилго тавьсныхаа хэрэгжүүлэх арга механизм нь төсөв гэж харж, төсвийг тэлсэн нь өнөөгийн тодорхой хэмжээний эрсдэлд аваачив уу гэж харж байгаа юм. Энэ эрсдлийг Засгийн газар харьцангуй хожимдсон ч олж харсан. 2025 оны төсөвтэй адил 2026 оны төсвийг тэлэхгүй, гурван жил дараалан алдагдалгүй явъя. Ийм зорилтыг төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд ямартай ч гаргасан байгаа юм. Энэ баримтын хүрээнд шүү дээ. Энэ бол харьцангуй дэвшилттэй зүйл мөн.

Өнгөрсөн жилийн хувьд бидний дүгнэлт төсвийн тодотгол дээр ч тодорхой хэмжээний сөрөг байр суурьтай байсан. Намрын төсвийн төсөл дээр өөрсдийн байр сууриа төсвийг хэтэрхий тэлэх шаардлагатай юу, удахгүй уул уурхайн цикль нүүрсний үнэтэй холбоотой ирэхийг сануулж байсан. Энэ нь 100 хувь хүрээгүй ч ямартай ч алдагдалгүй төсөв батлахад тодорхой дуу хоолой болж чадсан байх гэж бид найдаж байгаа.

НҮҮРСНИЙ ҮНЭ УНАСААР БАЙВАЛ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ

- 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өнөөдөр хэлэлцүүлж, намар ирэх оныхоо төсвийг хэлэлцэн батална. Магадгүй наана нь гэнэт аянга цахиж байгаа юм шиг яаралтай горимоор тодотгол хийх асуудал үүсэхгүй байхыг үгүйсгэхгүй.?

-Бидний хувьд нүүрсний үнэ дээр гол бооцоогоо тавьсан байгаа шүү дээ. Нүүрсний үнийг тогтворжуулсан үнэ 129 орчим ам.доллар, зах зээлийн үнэ 105 орчим ам.доллар. Өнөөдөр нүүрсний үнэ дахиад л 80 ам.доллароос доошилж 70 руу орж байх шиг байна. Үнэ доошлоод байвал мэдээж төсвийн тодотгол хийхийг үгүйсгэхгүй. Төсвийн тодотгол хийх эсхи асуудлыг хэлэхгүй байгаа нь төсвийн тодотголыг Засгийн газар өөрөө хийж, өөрөө хариуцлагаа хүлээдэг процесс. Төсвийн дүгнэлтэд бас байдаг. Төсвийн тодотгол хийх заалтууд нь өөрөө өнгөрсөн цагийн заалтуудтай.

Төсвийн орлого нь ДНБ-ий 3 хувьтай тэнцэх учир тасалдсан тохиолдолд зэрэг урьдчилан сэргийлэх нөхцөл нь төсвийг тодотгох таван үндсэн нөхцөлд байхгүй, эргэлзээтэй харагдаж байгаа юм. Тийм учраас намрын хувьд төсөв нэлээн халуун байж болно.

Гэхдээ мөн тодотгох байх гэж хувьдаа таамаглаж байна. Гэхдээ энэ удаагийн тодотгол нь өөрөө тэлэх тодотгол биш байх болов уу. Төсвийг олсон орлогодоо нийцүүлэх, харьцангуй зах замбараатай болгох, төсвийн зарим зардлаас татгалзах, хөрөнгө оруулалтын зарим зардлаас татгалзах зэрэг ямартай ч төсвийг тэлэх чиглэлд энэ жил бидэнд орон зай үүсэхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, эдийн засаг таатай байдлаар нүүрсний үнийг 100 ам.доллароос дээш болох хүлээлт алга байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРҮҮЛ МЭНД САЙНГҮЙ БАЙНА, БИД ХОС АЛДАГДАЛ РУУ ОРЖ БОЛЗОШГҮЙ

-Дотоодын эдийн засгийн эрүүл мэнд муу байгааг дүгнэлтэд дурджээ. Магадгүй 2027 оныг хүртэл нөхцөл байдал сайжрахгүй гэсэн таамаг байгаа. Таны хэлсэнчлэн төсвийн зарим зардал, хөрөнгө оруулалтын зарим зардлаас татгалзах зэрэг төсвийг тэлэх чиглэлд бидэнд орон зай үүсэхгүй байж болох ч магадгүй эсрэгээрээ 14 мега төсөлд найдсан хэт өөдрөг төсөөллөөр үрэлгэн зарлага оруулж зарлага 40 их наяд хүрэхийг ч үгүйсгэхгүй ?

-Дахин нэг зүйлийг хэлэхэд, энэ удаагийн төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэл бодлогын тоонууд нь таны хэлсэнтэй нийцэх юм шиг. Төсвийн тогвортой байдлын зөвлөлийн бодлоготой зарим талаар нийцэж байгааг хэлээд байна шүү дээ. Зарлагаа 2026 онд хадгалж 33 их наяд дээр хадгалж цаашид аажмаар өсгөе гэх бодлого явж байна. Энэ агуулгаар тулгарч болзошгүй эрсдэл, бидний дүгнэлтэд дурдсан ойрын ирээдүйд буюу 2026 оны эхний хагас хүртэл томоохон сэргэлт ажиглагдахгүй байна шүү гэдэгт нийцэл харагдаж байгаа. Гэхдээ орлогын түвшинд Засгийн газраас хамаарч буй тодорхойгүй зүйл байгаа нь тэнцвэржүүлсэн орлого гэдэг тоо байдаг. Энэ тоо харьцангуй өндөр гарч, нүүрсний үнийн тэнцвэржүүлсэн үнэ 2026 онд 133 ам.доллар гарч байх шиг байна. Энэ тоо нь өнөөгийн бодит байдал дээр хэр нийцтэй вэ гэдэг асуудал зэрэг орлого зарлагын таамаг дээр тодорхой анхаарах асуудал байна.

Тэгэхээр эдийн засгийн эрүүл мэндийн талаар яривал мэдээж сайнгүй байна. Бид хос алдагдал руу яваад орж болзошгүй.

Төлбөрийн тэнцэл эхний гурван сар алдагдалтай, төсөв дээр орлогын дутагдал үүссэн, эдийн засгийн өсөлт 2.4 хувь бол хангалттай өндөр тоо биш. Шулуухан хэлэхэд энэ бол маш өндөр уналттай гүйцэтгэл гарч буй хэрэг юм. Тэгэхээр өнгөрсөн оны 7.9 хувийн өсөлтөөс хойш саарсаар байгаад энэ түвшинд ирлээ гэсэн үг шүү дээ.

-Экспорт саарч буй энэ үед магадгүй импортын хурдыг сааруулах тал дээр бодлогын арга хэмжээ авах шаардлага үүсэж байна. Нөгөөталд, төр өөрөө төсөл хэрэгжүүлэх байдлаар импортыг өдөөж инфляц үйлдвэрлэгч болсоор ирлээ. Мэдээж стратегийн ач холбогдолтой төмөр зам, цахилгаан станц зэрэг төслүүд бидэнд хэрэгтэй ч бүх зүйлд төр оролцох нь зөв үү?

- Төсвийн зарлага өндөр, ДНБ-д эзлэх хувь хэмжээ намар 37.7 хувиар орж ирсэн бол алдагдалгүй төсөв батлахын тулд 2 их наяд төгрөг танаж 35 орчим болсон. Энэ бол өндөр хувь гэдгийг бид байнга сануулсаар ирсэн. Энэ үүднээс бид дүгнэлтдээ 25 хувиас өндөр төсвийн зарлагатай байх нь таны яриад буй инфляцыг өдөөх, эдийн засагт үнийн өсөлтийг бий облгох, импортыг өдөөх чиглэлд хэвээр хадгалагдсаар байх болно гэдгийг онолын эх сурвалжтай нь дүгнэлтдээ тусгасан. Мэдээж өнөөдөр, маргаашдаа 25 хувь руу оруул гэсэн үг хараахан биш. Энэ боломж нь хязгаарлагдмал байна. Тиймээс төсвийн зарлагыг бууруулах тал дээр дунд хугацаанд илүү ажиллах ёстой. Таны хэлээд буй төсөв дээр их хэмжээний хөрөнгө оруулалт тавьж, дээр нь томоохон төслүүдийг санхүүжүүлэх тооцоолол нь төсөв нь өөрөө 35, 36 хувь, дээр нь төрийн өмчийн компаниуд гэх маш их өртэй, өндөр алдагдалтай өчнөөн компани байдаг.

Төрийн оролцоо ийм өндөр байгаа үед төрийн худалдан авалт, Засгийн газрын хэрэглээгээр дамжсан импортыг өдөөх, үнийн өсөлтийг бий болгох ханшинд дарамт учруулах нөлөөлөл байгаа нь судалгаагаар батлагдсан зүйл. Эдийн засагчид ч ярьдаг. Үүнийг бид бууруулах ёстой.

Тиймээс төсвийн зарлагыг бууруулъя гэж байгаа юм. Хоёрт, 14 мега төсөлд хэрэгтэй төслүүд бий. Эрдэнэтийг түшиглэсэн зэс хайлуулах үйлдвэр, нүүрс химийн үзйлдвэр зэрэг сайн төсөл бий. Энэ төслүүдээ хэрэгжүүлэх нь зүйтэй. Гэхдээ санхүүжилтын загвар нь ямар байх вэ гэдэг нь чухал. Төсөвт бүх ачааллыг ирүүлэх үү, Хөгжлийн банкийг ашиглах уу. Хувийн хэвшилдээ хэзээ итгэх вэ гэдэгт би маш их гайхаж байгаа. Тодорхой эдийн засгийн үр ашигтай том төслүүд байвал Монгол Улсын дотоодын аж ахуйн нэгжүүд хийж чадах төслүүд байвал хувийн хэвшилд л өгөх ёстой.

Төсөв дээр ачаа авчихаад л төсвийн зарлагаа тэлэх шаардлага байхгүй. Тиймээс санхүүжилтын загварыг анхаарч төсвийн ачааллыг аль болох бууруулсан эдийн засгийн үр ашигтай төслүүдээ бусад хөгжлийн банк, хувийн хэвшил рүү шилжүүлсэн, хосолсон санхүүжилтын загвар ашигласан байдлаар явах ёстой.

Тиймээс биш мега төслүүдийг хэрэгжүүлэхгүй гэсэн үг биш. Ер нь бид бүх зүйлийг төсөв дээр овоолохоо болих ёстой. Үгүй бол үндэсний бодлогын эсрэг болж байна шүү дээ. Бид сүүлийн 10 гаруй жил төр хувийн хэвшлийн түншлэл, төрийн оролцоог бууруулсан, чөлөөт зах зээлийг дэмжсэн хувийн хэвшилд илүү орон зай олгосон эдийн засагтай болно гэж яриад байгаа. Гэтэл бодит байдал дээр хувийн хэвшлийн хэрэгжүүлж болох төслийг хүртэл төсөв дээр тусгаж байгаа нь хэт эргэлзээтэй. Энэ бол миний байр суурь. Тиймээс биш Бид дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл дээр, хөгжлийн төлөвлөгөөн дээр дүгнэлтээ өгсөн байгаа.

ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХГҮЙ, ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОЛГҮЙГЭЭР АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЗЭЭ Ч САЙЖРАХГҮЙ

-Өндөр хөгжилтэй улс орнуудын жишгийг харахад хувийн хэвшил нь хүчтэй, төрөөс дэмжсэн бодлогоор хөгжсөн байдаг. Эсрэгээрээ, таны хэлсэнчлэн төр өөрөө эдийн засагт оролцох байдлаар хувийн хэвшилдээ итгэхгүй улам агшаах тал руу болж байх шиг?

-Хувийн байр сууриа илэрхийлэхэд тантай санал нэг байна. Хувийн хэвшилдээ итгэхгүй, орон зай өгөхгүй байна. Учир нь бидний хувьд өнөөдөр төрийн оролцоо өссөөр л ирлээ. Төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 35 хувь байгаа нь 20 жилийн өмнө байгаагүй тоо шүү дээ. 2010 гартал Монгол Улсын төсөв 25 хувь хүрэхгүй, зохистой түвшинд байсан. Гэтэл үүнээс хойш өссөөр байгаад бид хөгжиж буй орны статустай болсон, өөрсдөө өр зээл авах чадалтай болсноос хойш асар хүчтэй төсвийг тэлсэн. Үр шим нь ард түмэнд хэрхэн очсон бэ гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл бид байнга өнгөн дээрээ хувийн хэвшлээ дэмжиж гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж ярьдаг.

Таны асуултад нэг чухал байгаа нь хувийн хэвшлийг дэмжихгүй, үндэсний томоохон хөрөнгө оруулалттай бололгүйгээр ажлын байр нэмэгдэж ард түмний амьдрал сайжрахгүй. Төр өөрийнхөө халаасыг улам зузаатгаж, төр өөрийн санхүүгийн хүч чадлыг улам нэмээд л байвал тийм сайн зүйл биш.

Баялгийн сангийн хувьд сайн зүйл мөн. Загвар нь зөв ч баялгийн сангийн удирдлага, хяналтыг илүү нээлттэй ил тод хараат бус байдал руу бид шилжүүлэх ёстой. Баялгийн сангаас авч хэрэглэх мөнгийг нь хязгаарлах ёстой. Үгүй бол ирээдүйн өв сангаас тодорхой хугацаагаар авч ашигладаг, тэр зүйл рүүгээ буцаад давхиад орж магадгүй. Гэтэл ирээдүйн өв сан миний мэдэхээр хуульдаа 2030 он хүртэл ашиглах ёсгүй. Тэгэхээр бидний гол зорилго Монгол Улсад хувийн хэвшлийг дэмжих. Энэ бол улс төрийн ашиг сонирхолтой ч угтаа бол нийцнэ. Хувийн хэвшил дэмжээд хувийн хэвшилд илүү орон зай өгөх тусам Монголд хөрөнгө оруулалт орж ирнэ. Дотоодын аж ахуйн нэгжүүд хөгжинө. Ингэснээр төсвийн орлого, зарлагын нөхцөл байдал сайжирч төсвийн орлого ч бас нэмэгдэх юм шүү дээ. Ерөнхийдөө бид эдийн засгийн хөгжлийн загвараа зөв гаргах ёстой. Өнөөдөр Засгийн газар нь эрэлтийг дэмжиж, төсвөөр хөгжинө гэж бодоод байна шүү. Төсвөөр дамжуулан ард түмэнд мөнгө өгч, төсвөөр дамжуулан цалин хөлс нэмж, төсвийн хөрөнгө оруулалт хийснээр улсыг хөгжүүлнэ гэж бодоод байна. Энэ бол хөгжлийн бодлого, загварын сонголт буруу. Гэхдээ ярьж байгаа нь сонгодог эдийн засгийн загвар байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ, дотодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, сайхан болно гэдэг. Энэ бодлогоо бид ам ажил хоёроо нийлүүлбэл Монгол Улсад ихээхэн тустай зүйл болох байх.

-Эдийн засгийн реформууд амьдралд нийцсэн бодитой шийдвэрүүд гаргаж чадаж байгаа юу?

- Бид Хөгжлийн эдийн засгийн загвараа зөв сонгох ёстой.Ажлын байрыг нэмэгдүүлж иргэдээ ажилтай орлоготой болгож байж хөгжинө гэдэгт 1990 онд сонгож 1992 онд баталгаажуулсан тэр зам дээрээ хатуу зогсох ёстой. Бидний сонгосон энэ зам үнэхээр зөв сонголт байсан. Үүнийгээ л баталгаажуулахын төлөө хүн бүр Засгийн газар, улс төрч эдийн засагч гэлтгүй бүгд ажиллах ёстой. Эдийн засгийн реформын хувьд 14 мега төсөл нь муу санаа ч биш юм. Монгол Улс эдийн засгаа огцом тэлэхийн тулд энэ мега төслүүдэд багтсан аж үйлдвэрийн гол төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Хоёрт бид, үнэхээр 2050 тоо тавьчихаад эдийн засгаа хөгжүүлэхийн тулд уул уурхайгаас орж ирсэн орлогыг зөв зарцуулах ёстой. Иргэддээ өгнө гэдэг сонголт өнөөдрийн улс төр, нийгэмд байгаа оносон юм шиг болов ч бодох л зүйл. Хамгийн гол нь, ирээдүйн хүчирхэг Монголыг бий болгоно гэж яриад байгаа нь үнэн бол өнөөдөр боловсролын эрүүл мэндийн тэтгэврийн тогтолцоонд гол реформ хийх ёстой. Өнөөдөр боловсролын систем ямар болсон билээ, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ямар болсон билээ. Тиймээс уул уурхайн салбараас орж ирэх орлогыг зөв зохистой зарцуулж эрүүл мэнд, боловсролын салбарт өгөх, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих, Монгол иргэдийн амьдралын баталгааг хангахын тулд тэтгэврийн реформыг хийх ёстой. Эдийн засагт засаглалаа сайжруулахгүй бол өнөөдөр хэчнээн их мөнгө олсон ч эдийн засаг өсөхгүй, ард түмэнд үр шим нь очихгүй байгааг бид хараад байна шүү дээ. Магадгүй засаглал нь урдаа байх ёстой байх.

ШИЛЭН ДАНС: “Food festival”, Унгар дахь “УБ хотын соёлын өдрүүд“ болон бусад өдөрлөгүүдийг зохион байгуулахад 1 тэрбум 37 сая төгрөгийг НИЙСЛЭЛЭЭС зарцуулжээ
ШИЛЭН ДАНС: “Food festival”, Унгар дахь “УБ хотын соёлын өдрүүд“ болон бусад өдөрлөгүүдийг зохион байгуулахад 1 тэрбум 37 сая төгрөгийг НИЙСЛЭЛЭЭС зарцуулжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.