Монгол Улсын нийт өрхийн 97.9 хувь нь гар утастай. Харин 9 хувь нь суурин утастай, 8.1 хувь нь радиотой юм байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтарсан “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-наас харвал, монголчуудын 80 хувь нь интернеттэй, 97.3 хувь нь телевизор, 33.3 хувь нь компьютертай. Иргэдийн хувьд гар утас, телевизийн хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгааг ҮСХ-ны тоон мэдээллээс харж болно. Тус хороо 1999 оноос эхлэн улсын хэмжээнд үүрэн утасны хэрэглэгчдийн тоон мэдээллийг цуглуулж эхэлсэн бөгөөд, тухайн үед 48.2 мянга байсан хэрэглэгчдийн тоо, тасралтгүй өсөж 2007 онд 1 сая хэрэглэгч, 2009 онд 2 сая, 2012 онд 3 сая, 2021 оны эцсийн байдлаар давхардсан тоогоор 4.6 саяд хүрсэн байна. Энэ тоо хамгийн сүүлд 4.8 сая болж нэмэгджээ.