Дэлхийн чиг хандлагыг AI тодорхойлох боллоо. Манай улсын хувьд мөн адил олон улсын "тренд"-тэй хөл нийлүүлэн алхахад анхаарч буй. Энэ утгаараа Цахим хөгжил инновац, харилцаа, холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран байгаль экологи, цөлжилт, ойжуулалт зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлыг хиймэл оюунд түшиглэн үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэхэд анхаарч байна. Хиймэл оюун ухааны тусламжтай тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг богино хугацаанд хангах ач холбогдолтой юм.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, үндэсний стратегийг боловсруулж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр /2025.02.03/ талууд төслийг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд хэлсэн үгэндээ "Монгол Улс өөрийн онцлогт тохирсон хиймэл оюуны стратегиа боловсруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, залуус, ШУА-ийн эрдэмтэд болон их дээд сургуулийн багш нараас санал, хүсэлтийг авч байна. Тэд хиймэл оюуны үндэсний стратегийг мөн адил анхааралтай ажиглаж байна. Энэхүү үйлст дэлхийн чиг хандлага, олон улсын туршлагыг хуваалцаж буй НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамгийн манлайлалтай улс болоход идэвхтэй хамтран ажиллах болно" гэж тодотгов.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: Хиймэл оюун ухаан нь эдийн засгийн өсөлт хөгжил, инновац шинэчлэлийг бий болгох асар их нөөц боломжоор дүүрэн. Харин энэхүү нөөц баялаг, түүний үр ашгийг бүх нийтэд хүртээлтэй байлгах нь чухал. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын тэгш, хүртээмжтэй, тогтвортой цахим шилжилтийг тууштай дэмжин ажиллах болно” гэсэн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!