Ажил дээрээ компьютерын ард keyboard "нүдэж", гэртээ харихаараа утас шагайдаг эл процесс өнөө цагт бидний амьдралд хэвшил болсон хэвийн үзэгдэл. Энэ тухай яриа өрнөхөөр хараа муудах, дэлгэцийн хамаарал гэх мэт олон асуудал яригддаг ч бид тоохгүй явсаар өнөөг хүрсэн.
Гэтэл бидний мэдэх сөрөг үр дагавраас гадна гар, сарвуунд гарах сөрөг нөлөөллүүд их байдгаас эмнэлэгт хандаж, хагалгаанд орох тохиолдол нэмэгдсэн байна.
Хамгийн сүүлд л гэхэд яг дээрх шалтгаанаар 19 настай охин эмнэлэгт хандаж, хагалгаанд орсон байна. Тиймээс бид гар утас, компьютерын хэрэглээнээс үүдэлтэй гар сарвууны өвчлөл, сөрөг үр дагаврын талаар “Доктор Үүр” гар сарвууны эмнэлгийн мэс заслын их эмч, АУ-ны доктор О.Очирпүрэвээс тодрууллаа.
Ажил амралтаа зөв зохицуулж, залхуу байх хэрэгтэй.
-Гар утас, компьютерын хэрэглээнээс үүдэлтэй гар сарвууны өвчлөл их байна гэх мэдээлэл бий. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Гадны оронд нэг цаг ажилласан бол 15 минут амардаг жишиг тогтчихсон байдаг. Гэтэл манайд тийм биш. "Гялс дуусгачихъя, хурдан дуусгахгүй бол болохгүй" гэх мэт шалтаг тавьж, амрах сөхөөгүй ажилладаг монгол зан энэ төрлийн өвчлөл үүсэх шалтгаан болж байна. Энэ нь гар хурууны мэдрэл дарагдах, шөрмөс гацах, бугуйн сувгийн хам шинж, тохойн сувгийн хам шинж гэх мэт олон асуудлыг дагуулж байна.
Илрэх шинж тэмдэг нь эрхий хуруунаас эхлээд эхний хоёр хуруу ядам хурууны талтай бадайрч, дараад суучихсан юм шиг өвддөг.
Үүнээс гадна гар сарвууны өвчлөл үүсгэх бас нэг шалтгаан нь багахан зав гарахаараа утсаа бариад суучихдаг явдал. Энэ нь булчин хатангиршиж, мэдээ алдах, цаашлаад ахиж сэргэхгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдах гэх мэт олон эрсдэлийг дагуулж байна.
Илрэх шинж тэмдэг нь тохойноос урагш мэдрэл дарагдаж, чигчий болон ядам хурууны талтай бадайрч өвддөг.
-Шинж тэмдгүүд илэрсэн ч тоохгүй, ач холбогдол өгөхгүй удаан явбал ямар сөрөг нөлөө гарах вэ?
-Эхлээд бага зэргийн өвдөлт мэдрэгдэж, зовиурлахаас бусдаар хүндрэл гарах нь харьцангуй бага. Тоохгүй удаан яваад хүндрүүлбэл, булчингууд хатангиршиж, гар ямар ч хүчгүй болчихдог. Аягатай цайгаа барьж байгаад алдах жишээтэй. Мөн гар байнгын хүйтэн болдог. Энэ бол мэдрэл муудаж байгаагийн шинж тэмдэг. Бүр хүндрэхээрээ ядам болон чигчий хуруу тахийж эхэлдэг.
-Хатангиршина гэхээр гар ямархуу болно гэсэн үг вэ?
-Тухайн хүн гараараа өмнө нь хийж чаддаг байсан зүйлээ чадахаа болино гэсэн үг. Ерөнхийдөө гарын үйл ажиллагаа алдагдаж эхэлнэ гэж ойлгож болно. Гар бол маш олон бичил ажилбаруудыг хийх чадвартай байдаг. Амьдралын бүх цаг үед гарын туслалцаа байдаг. Тэгэхээр мэдрэл нь дарагдсан гар өмнө нь хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахаа болино гэсэн үг.
-Эрт илрүүлж чадвал эмчилгээ хийлгээд хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Тэр мэдээж. Эрт илрүүлж чадвал эмчилгээ гэхгүйгээр гарын дасгалууд хийж, нөхөн сэргээх эмчилгээгээр бүрэн эдгээж болдог. Харин хүндэрсэн тохиолдолд хагалгаанд орно.
-Яг ийм шалтгаантай хүмүүс танай эмнэлэгт хэр их ирдэг вэ?
-Маш их ирдэг. Бүр тоогоо алдчихсан. Өдөрт хамгийн багадаа 5-6 хүн ирж байна. Тоохгүй, мэдэхгүй явж байгаад бүх булчингууд нь хатангиршсаны дараа ирэх хүмүүс ч олон байдаг. Ийм тохиолдлын хамгийн том аюул нь хагалгаа хийсэн ч булчингууд бүрэн сэргэхгүй, хөдөлмөрийн чадвараа алдах явдал.
-Ихэвчлэн аль насныханд түгээмэл тохиолддог вэ?
-Нас бол хязгааргүй. Өмнө нь 40-50 насныханд тохиолддог байсан. Гэтэл би хамгийн сүүлд 19 настай охинд хагалгаа хийсэн. Энэ бол бага нас. Гэтэл гар утас, компьютер гээд хэтэрхий их тохой нугалснаас болоод, хагалгаанд орж байна.
-Энэ төрлийн өвчлөлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Цаг ажиллаад 15 минут ажилладаг болчихвол ямар ч асуудалгүй. Гар утасны тухайд, аль болох тохойгоо нугалахгүйгээр эгц байрлалд утсаа барьж хэвших хэрэгтэй. Утас тогтоогч ашиглаад хэвшчихвэл бүр ч сайн. Манайхан утас тогтоогчийг гангараа гэж ойлгодог. Гэтэл утас тогтоогч нь энэ төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаанд үндэслэж бүтээгдсэн маш чухал хэрэглээ. Гадны улс оронд амьдралдаа хэвшил болгоод сурчихсан хүмүүс олон байдаг.
-Ярилцсанд баярлалаа.