Шинэ жилийн баяр хаяанд иржээ. Арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцээд албан байгууллагууд баяраа тэмдэглээд эхэлдэг. Гэвч баяр ёслолын үеийн осголт гэмтлийн тоо илүү өндөр байдаг.
Тухайлбал, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгож нас барах тохиолдол ихэсжээ. Арванхоёрдугаар сарын 4-нд Увс аймагт 41 настай эмэгтэй осгож нас барсан бол арванхоёрдугаар сарын 3-нд Булган аймагт 48 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож яваад онхолдож нас барсан байна. Тиймээс баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундааны зүйлийг зөв зохистой хэрэглэж, харихаар гарсан нэгнээ эсэн мэнд харьсан эсэхэд эргээд санаа тавьж байхыг зөвлөж байна.
Өөрөөр хэлбэл, албан байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулах шаардлагатай болжээ.
Хэдхэн жилийн өмнө байгууллагынхаа шилдэг ажилтан болсон залуу осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Тэрээр амьдардаг байрныхаа гадаа орцондоо орж чадалгүй амиа алдсан байсан бөгөөд ажлынхаа оны шилдэг ажилтнаар шалгарсан өргөмжлөл хажууханд нь хэвтэж байсан гэдэг.
Монголчуудын зарим нь сархадын ёроолыг нь гартал ууж санаа амардаг бол зарим нь бусдыг уух дургүй байхад хүчээр шахдаг. “Би уухгүй” гэсэн бол хүнд архи өгөхгүй өнгөрөө. Хүн уудаггүй байж болно. Бие хаа нь өвдөж байж болно. Тиймээс соёлтой татгалзаж байхад тэрийг нь адилхан соёлтой хүлээж авах хэрэгтэй гэдгийг энд онцолъё.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!