ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар Кувейт Улсын Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд тус улсын 15 дахь Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр 91 насандаа таалал төгссөнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийлэв. Тус улсын 15 дахь Эмирийн хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолсон юм.
Кувейтийн 16 дахь Эмир Шейх Наваф Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахад ажлын амжилт хүсээд цаашид идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.
Хоёр орны Засгийн газар хооронд ирэх дөрвөн жилд хэрхэн хамтран ажиллах талаарх асуудлыг уулзалтын үеэр түлхүү хөндсөн бөгөөд Кувейтийн сангийн зээл, тусламжаар Монголд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүд маш амжилттай үргэлжилж байгааг ч тэрээр хэлсэн үгэндээ тодотгов.