ХӨНДӨХ СЭДЭВ: Таван удаагийн сонгуулийн дараа 13076 албан хаагч ажлаас үндэслэлгүй халагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 0 секунд

"2020 оны ИТХ-ын сонгуулийн дараа Баянгол дүүрэгт МАН олонх болсноор шинээр томилогдсон Засаг даргын тамгын газрын дарга албан хаагчдыг худал үндэслэл зохиож ажлаас нь шил дараалан халж эхэлсэн. Тамгын газрын дарга намайг өргөдлөө өгөхийг удаа дараа шаардаж "Зайл, өргөдлөө өг, чамтай хамтарч ажиллахгүй" гээд хөөж туун, хүний нөөцийн ажилтны өрөө рүү хүртэл чирч гулдардаг байсан" гэж иргэн Б нь шүүх хуралдааны үеэр ярьжээ. Түүний хувьд 2018 оноос эхлэн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн хэлтэст ажиллаж эхэлсэн байна. Улмаар Б нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр шүүхдэлцэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүнийг ажилд нь эргүүлэн томилох, хариуцагчаас 3.5 сая төгрөг гаргуулж иргэн Б-д олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг сар бүрээр нөхөн бичилт хийх шийдвэрийг гаргажээ.

Тэрбээр 2020 оны ИТХ-ын сонгуулийн дараа ажлаас үндэслэлгүй халагдсан 613 иргэдийн нэг нь.

Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасардаггүй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч гэхээсээ илүү “Энэний хүн тэрний хүн” гэсэн шошготой болсон гэхэд буруудахгүй.

Тухайлбал, Хүний Эрхийн Үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд Төрийн үйлчилгээний албан тушаалтан "Төрийн албаны шалгалтаа өгөөд хуулийн дагуу энэ албанд орсон. Төрийн албанд найман жил ажиллахдаа манай ажилчид даргын зүгээс хэл амны доромжлолд байнга өртдөг. Хурдан түргэн өргөдлөө өг. Дараагийн хүн хүлээж байна. Үг хэллэгийн дарамт их. Ёс зүй ерөөсөө байхгүй. Төрийн албанаас залхаж байна" гэдгийг онцолсон байна.

Харин орон нутгийн албан хаагч "Ажлын байрны нэршлийг өөрчилж намынхаа хүнийг ямар ч шалгалтгүй оруулдаг. Аливаа нэг ажил хийхэд нам нэгтэй хүмүүс хоорондоо зохион байгуулж бусдыг оролцуулдаггүй, нуудаг. Аливаа төсвийн хөрөнгийг яаж зарцуулж байгаа талаар нээлттэй биш. Ажилтнуудтай ялгаварлаж харьцдаг. Намынхаа хүний цалинг нэмдэг. Албан тушаал дээшлүүлж томилдог" гэжээ.

Шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Тамгын газрын даргаа "Ажлаа өг" гэж дарамталжээ

2024 оны ИТХ-ын сонгуулийн дараа Засаг дарга нар томилогдсон. 21 аймгаас 14-т нь МАН, долоод нь АН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан юм.

Тэгвэл нэгэн аймгийн шинээр томилогдсон Засаг дарга Тамгын газрын даргаа "Ажлаа өг" гэх зэргээр дарамталсан талаар гомдол Хүний эрхийн үндэсний комисст /ХЭҮК/ иржээ.

Уг гомдол, мэдээллийн дагуу ХЭҮК тус аймагт хяналт шалгалтыг хийж эхэлсэн байна.

Шууд "Өөрөө өргөдлөө өг" гэж шахахгүй ч далд хэлбэрээр сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг. Ажил өгөхгүй өдөржингөө зүгээр суулгах жишээний

ХЭҮК-ын гомдол хяналт шалгалтын хэлтсийн референт Д.Намжилсүрэн:

-Үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг хязгаарлах нь хүний эрхийн зөрчил. Ийм үйлдэл нь төрийн албаны мэргэшсэн байдал, залгамж чанар, бүтээмжийг алдагдуулж, төрийн алба тогтворгүй болох улмаар ардчилсан ёс алдагдах, улс үндэстний хөгжил саарах үр дагавартай. ХЭҮК-т ирсэн дээрх гомдлын дагуу шалгалтыг эхлүүлсэн. Ер нь сонгуультай жилийн дараа удирдлагууд солигдоход өөр намын харьяалалтай эсвэл өөр намыг дэмждэг албан хаагчийг хамт олон нь гадуурхаж, дарамт шахалт үзүүлэх нь элбэг.

Тухайлбал, ажлын хэсэгт орж ажиллах байсан бол оруулахгүй байх, зарим тохиолдолд огт үүрэг даалгавар өгөхгүй зүгээр суулгаад л байх жишээний. Залхаан цээрлүүлэх маягтай.

Дарга нь шууд "Өөрөө өргөдлөө өг" гэж шахахгүй ч далд хэлбэрээр сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг гэсэн үг. Шууд илрэх хэлбэр нь гэнэтхэн ажлаас нь чөлөөлөх, эсвэл тушаал бууруулж өөр албанд томилдог. Түүнчлэн тусгай шалгалт өгөөд тэнцсэн албан хаагчийг ажилд нь томилохгүй удах тохиолдол ч бий.

Иргэний хэргийн шүүхэд 19 жилийн хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан гэх 13076 нэхэмжлэл иржээ

Монгол Улсад “Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай” маргааныг Иргэний эсвэл Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагч болон улс төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүхээр, төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг Иргэний хэргийн шүүхээр тус, тус хянан шийдвэрлэдэг.

Иргэний хэргийн анхан шатны шүүх 2004-2023 хүртэл 19 жилийн хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан 13076 хэрэг маргааныг, Захиргааны хэргийн шүүх мөн энэ хугацаанд төрийн албаны 4358 маргааныг хянан шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, 2004,2008, 2012, 2016, 2020 оны сонгуулийн дараа 13076 албан хаагч үндэслэлгүй халагдсан гэсэн үг.

2016 онд МАН ялалт байгуулсны дараа 1432 хүн ажлаас үндэслэлгүй халагджээ

Улстөрчид төрийн албыг төрлийн алба болгодог нь худлаа биш. Сонгууль бүрийн дараа төрийн албаараа тоглодог. Сүүлийн 19 жилийг харьцуулж үзэхэд төрийн албаны маргаан цаашлаад ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан нь УИХ, ИТХ-ын сонгуулийн дараагийн жил бүр өсжээ. Энэ нь Засгийн газар шинэчлэгдэн байгуулагдах, яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт, төрийн албан хаагчдын орон тоо, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөх зэрэг шалтгаануудтай холбоотой гэх. Тэгвэл сүүлийн гурван удаагийн сонгуулийн үр дүнг авч үзье.

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс авсан мэдээллээр Иргэний хэргийн шүүхэд 2012 онд буюу УИХ-ын сонгуультай жил ажлаас үндэслэлгүй халагдсан гомдол 459 байсан бол 2013 онд 725 болж нэмэгдсэн байгаа юм. Харин 2016 онд байсан 1213 хэрэг маргаан, 2017 онд 1432 болж, 2020 онд 613 хэрэг маргаан байсан бол 2021 онд 628 болж тус, тус нэмэгджээ.

МАН-ын ялалтын дараа төрийн албаны маргаан 660 болж огцом нэмэгджээ. Энэ нь 19 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт

Захиргааны хэргийн шүүхүүд төрийн албан хаагчийг төрийн албанаас үндэслэлгүйгээр халсан, чөлөөлсөн, цалин хөлсний маргаан, өөр ажилд шилжүүлсэн, сахилгын шийтгэлийг хууль бусаар ногдуулсан, сонгон шалгаруулалтыг буруу явуулсан тухай маргааныг шийдвэрлэдэг. Захиргааны хэргийн шүүх 2012 онд буюу УИХ-ын сонгуультай жил төрийн албаны 133 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол 2013 онд энэ төрлийн хэрэг, маргаан 203 болж 52 хувиар өсжээ. Тус онд АН ялалт байгуулж байв.

2016 онд төрийн албаны 417 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол тухайн сонгуулийн дараагийн жил буюу 2017 онд төрийн албаны маргаан 660 болж огцом нэмэгджээ.

Захиргааны хэргийн шүүхэд 2004-2023 он хүртэлх шийдвэрлэгдсэн хэргүүдээс 660 нь хамгийн өндөр үзүүлэлт аж. 2016 онд МАН ялалт байгуулж байв.

2020 онд УИХ-ын сонгуультай жил 199 төрийн албаны хэрэг маргаан шийдвэрлэсэн бол 2021 онд 305 болж нэмэгдсэн байх жишээний. 2020 онд МАН ялалт байгуулсан.

Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэсэн ажлаас халагдсан маргааны хариуцагчаар татагдсан албан тушаалтнуудыг ангилахад Засаг дарга, Засгийн газар, яамны харьяа агентлаг, аймаг нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар байна. Тэгэхээр эдгээр албан тушаалтнууд хамгийн их халаа сэлгээ хийдэг гэсэн үг. Түүнчлэн үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн 60-70 хувь нь нэхэмжлэгчийн талд харин 30 орчим хувь нь хариуцагчийн талд шийдвэрлэгддэг. Тэгэхээр ажлаас халж байгаа дарга нарын гаргаж байгаа захиргааны акт хууль бус хуулийн ямар ч үндэслэлгүй байдаг гэнэ.

“Машинтай байх эрхийг хязгаарлах нь буруу. Монгол хүн морьтой, машинтай байх ёстой“
“Машинтай байх эрхийг хязгаарлах нь буруу. Монгол хүн морьтой, машинтай байх ёстой“
 
БНХАУ-ын иргэний захиалгаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
БНХАУ-ын иргэний захиалгаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!