Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ)-ноос орон нутгийн сонгуулийн талаар өнөөдөр (2020.10.14) мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын 2020 оны ээлжит сонгууль маргааш явагдахад бэлэн боллоо. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж болон ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисууд хүргүүлсэн. 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Тиймдээ ч санал хураах цагийг богиносгож, 07.00-20.00 цаг болгосон. Аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүнг мэдээлэхдээ дэлгэцээр харуулах боломж тун ховор байна. Учир нь 8000 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах техникийн боломжгүй. Ер нь Сонгуулийн тухай хуульд зааснаар “Сонгуулийн дүнг аймаг, нийслэлийн сонгуулийн хороод өөрсдөө гаргаж баталгаажуулах” хуулийн заалттай. Гэхдээ бид автоматжуулсан систем хэрэглэж байгаа учраас сонгуулийн дүнг шуурхай, ил тод дамжуулна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвсэлээс болон бие даан нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авсан. Маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл СЕХ-ны веб хуудаснаас нийслэл, сум дүүрэгт гарсан сонгуулийн дүнтэй танилцаж болно. Өнөөдөр (2020.10.14) өглөө саналын зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт эхэлсэн. Одоо явагдаж байна. Санал тоолох төхөөрөмжийн хувьд найдвартай. Хакердах ямар ч боломжгүй. Өчигдөр СЕХ-ноос туршилтын сонгууль явууллаа. Санал тоолох төхөөрөмж найдвартай, хакердах ямар ч боломжгүй. Энэ талаарх асуудлыг өчигдөр шууд нэвтрүүлгээр харуулсан. Зөөврийн саналын хайрцгаар дөрвөн субьектын саналыг авна. Сэлэнгэ аймагт хугацаат цэргийн албан хаагчдаас санал авах гэж байна гэсэн гомдол ирсэн. Бид үүнийг шалгаад шийдвэрлэсэн.
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын (УБЕГ) дарга Д.Дэлгэрсайхан:
Тагнуулын Ерөнхий газар, СЕХ, Үндэсний дата төв, Цагдаагийн Ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Гадаадын иргэн харьяатын газар, Улсын дээд шүүх8 УБЕГ хамтран сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэж гаргадаг. Нэрийн жагсаалт нь цор ганц хувилбар байдаг. Есдүгээр сарын 17-ноос 28-ны өдрүүдэд нийт хэсгүүдэд эхний хувилбараар нэрийн жагсаалтаа хүргүүлсэн. Дараа нь аравдугаар сарын эхний долоо хоногуудад хоёр дахь хувилбарыг буюу өөрчлөлт орсон нэрийн жагсаалтыг хүргүүлж дуусаад өнөөдөр бүх бэлтгэл ажил хангагдсан. Өөрчлөлт орсон нэрийн жагсаалт гэж иргэний бүртгэлд орсон өөрчлөлт буюу нас барсан иргэдийн хасалт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн нэмэлт мэдээлэл зэргийг хэлнэ.
Ерөнхийдөө жил бүрийн сонгуулиар нэрийн жагсаалттай холбоотой “Нэг иргэн олон дахин саналаа өгсөн”, “Нэг хаяг дээр олон хүн байна” гэх асуудлууд гардаг. Маш олон төрийн байгууллагын хяналт дор нэрийн жагсаалт үйлдэгддэг. Тиймээс зөрчил гарах боломжгүй. Нэг хаяг дээр олон хүн байгаа нь гурван үндсэн шалтгаантай. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн халамжийн төв дээр 145 хүн нэг хаяг дээр байна. Энэ нь орон гэргүй хүмүүст үйлчилдэг байгууллага. "Зөв амьдрах ухаан" ТББ-ын хаяг дээр 50 хүн амьдарч байх жишээтэй. Дараагийн тохиолдол нь иргэд үл хөдлөх эд хөрөнгөө борлуулахдаа хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэдэггүй. Үүнээс болоод нэг хаяг дээр олон хүн давхцах тохиолдол бий. Сүүлийнх нь хаягийн зөрчил буюу Баянзүрх дүүрэг дээр задгай айлуудаа 100 гэдэг тоотоор дугаарласан байдаг. Задгай гэдгээрээ хаяглагдсан учраас 100 гэдэг тоотын дор маш олон хүн амьдарч байна. Нэрийн жагсаалтаас харахад нэг хаяг дээр 45 хүн харагдана. Бодит байдал дээр задгай хаяг дээр 8-9 өрх битгий хэл 10-20 өрх амьдарч байна. Ялангуяа Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт задгай хаягаа нэг тоотоор дугаарлах зөрчил их гардаг.
Цагдаагийн Ерөнхий газрын цагдаагийн хурандаа Ч.Чинбат:
Цагдаагийн байгууллагад Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой анхны гомдол, мэдээлэл есдүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүний улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шинжтэй 207 гомдол, мэдээллийг шалгаж байна. Ирүүлсэн гомдол мэдээллээс дурдвал,
- Хуурамч бичиг баримт үйлдэх хоёр гомдол,
- Нэр дэвшигчийн нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан 62 гомдол,
- Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан 81 гомдол,
- Бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, үнэ төлбөргүй үзвэр үйлчилгээ үзүүлсэн, нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан 23 гомдол,
- Цахим орчинд улс төрийн чансаа тогтоох бүхий санал асуулга явуулсан зургаан гомдол,
- Хуурамч цахим хаяг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулсан нэг гомдол,
- Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй арга хэмжээг хэрэгжүүлэх амлалт өгсөн долоон гомдол тус тус ирсэн.
Аймаг дахь цагдаагийн газар 134 гомдол мэдээллийг шалгаж байгаа бол нийслэлийн цагдаагийн газар 73 гомдол, мэдээллийг шалгаж байна. Өнгөрсөн хугацаанд сонгуультай холбоотой найман гомдол, мэдээллийг шалгаж, харьяаллын дагуу Тагнуулын байгууллагад шилжүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй арван гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна. Зөрчлийн шинжтэй 191 гомдлоос тавд нь Зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж байна. Гурван гомдол, мэдээллийг Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн. 74 гомдолд Зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.