СУРВАЛЖИЛГА: “Бие даалтын 7 хоногийн хамгийн гоё нь МУЗЕЙ ҮЗЭХ байлаа”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 34 секунд

Чингис хаан музей өглөөнөөс хойш хөл хөдөлгөөнд дарагджээ. Үүдэнд нь наян настай буурайгаас нярай хүүхдээ тэвэрсэн эцэг эх, багачууд дугаарлаж байна. Тэд гадаа нь багадаа л 10 минутаас 40 минут хүртэл хүлээж дотогш орж байгаа аж.

Музей үзэхээр хотын алслагдсан дүүргээс хүүхэд багачууд аав ээж, багшийнхаа хамтаар ирсний нэг нь Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн 5, 6 дугаар ангийн сурагчид. Улаанбаатар хотоос 130 гаруй километрийн зайд амьдардаг энэ хүүхдүүд анх удаа Чингис хаан музейд зочилж байгаа нь энэ аж.

Музей үзэхээр хүүхдүүд гадаа хүлээж байна / Чингис хаан музей 2024.11.01/

​​​

Музей үзэхээр хүлээж буй сурагчдын нэг Б.Өсөхбаяр “Музейд урт сэлэм байгаа байх. Бас дээр үеийн олдворууд. Гэхдээ хүрч болохгүй байх л даа” гэв. Мөн Нийслэлийн ЕБС-ийн 38 дугаар сургуулийн сурагч 5-6 дугаар ангийн сурагч М.Нандин-Эрдэнэ “Гэрийн даалгаврын хамгийн гоё нь музей үзэх байлаа ” гэлээ.

ХОТООС АЛСЛАГДСАН ДҮҮРЭГТ МУЗЕЙ ҮЗЭХ БОЛОМЖ БАЙДАГГҮЙ ГЭВ

Хүүхдүүд өглөө эртлэн сургууль дээрээ цуглаж 08:00 цагт хотын төв рүү хөдөлсөөр 10:00 өнгөрч байхад сая л зорьсон газраа ирсэнтэй бид таарсан нь энэ юм. Багш нарын төлөөлөл Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн 6-2 ангийн багш Н.Нандин-Эрдэнэ “Хүүхдүүд жирийн өдрүүдээсээ илүү баяртай байна. Миний хувьд зургаагийн шинэ анги даасан багш. Тиймээс 7 өөр ангиас орж ирсэн хүүхдүүдээ нэгтгэх, илүү хоорондоо найзлах зэрэг уур амьсгалыг сайжруулж байна. Алслагдсан дүүргийн хувьд музей гэж бараг л байхгүй.

Хүүхдүүдийн хичээл өдөр ордог учраас орон нутгийн байгаа ганц жижигхэн музейгээ ч үзэх боломжгүй байдаг.

Музейтэй танилцах байдлаар сурагчид түүхээ мэдэх ойлголттой болж байна. Эцэг эхчүүд ч бас илүү зардал гаргаж хүүхдүүддээ хөрөнгө оруулж цаг гаргаж өгч байна” гэлээ.

Сурагчдын бие даалтын долоо хоног өнөөдрөөр дуусч байгаа ч хүүхэд багачууд үүх түүх, өв соёлтойгоо танилцахаар аав ээж, ангийн багш, ах эгч найзууд анги хамт олноороо музейг зорьсоор байна.

Өнөөдөр гэхэд Багануур, Багахангай, Баянчандмань сумаас сургуулийн сурагчид иржээ. Хүүхдүүдийн цангинасан дуу хоолой, инээд хөөр нам гүм музейн жаврыг үргээх шиг болжээ.

Музейн үүднээсээ авхуулаад оочирлож дугаарласан хүүхдүүд үзвэр үзэхдээ анги, ангиараа үзвдэс дараатайгаар орж байгаа юм.

ӨДӨРТ 3000 ГАРУЙ ХҮҮХЭД МУЗЕЙ ҮЗЭЖ БАЙНА

Мөн үзвэрээс гадна энд ангиараа бүтээлч ажил хийх боломжтой. Энэ бол боловсролын танхим юм. Хүүхдүүд ширээний ард томоотой сууж, самбарын урд багшийн ярихаас илүү өөрсдөө уншиж, зурах байдлаар өв соёлынхоо дурсгалтай танилцах байдлаар ойлголт мэдээлэлтэй болох нь илүү сонирхолтой байдаг аж. Жишээ нь, Хүрэл зэвсгийн үеийн гэгдэх Буган чулуун хөшөөг будахаас гадна зурагт ном хэлбэрээр дүрсэлжээ. Зөвхөн бага анги гэлтгүй дунд, ахлах ангийнханд сонин, шинэлэг байгаа нь ч харагдсан.

Сурагчид танхимаар хичээллээгүй долоо хоногт өдөрт 2000-3000 гаруй хүүхэд музей үзэж сонирхож байгаа аж.

МУЗЕЙ ҮЗЭХИЙН ТУЛД 10 ХҮҮХЭД ТУТАМД НЭГ АСРАН ХАМГААЛАГЧ БАЙХ ЁСТОЙГ ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙНА

Чингис хаан музейн Аюулгүй байдал үйлилгээний хэлтсийн дарга Б.Адъахүү: Олон хүүхэд эмх замбараагүй байдал үүсдэг олдвор эвдэрч сүйдэх эрсдэл байгаа учраас анги ангиар нь оруулж байна.

Манай музей 7 давхар үзмэрийн 6 танхимтай. Иймээс хүүхэд чулуун шатан дээр халтирч унах, гэмтэх тухай хариуцлагын тухай асуудал яригдах учраас 10 хүүхэд тутамд нэг эцэг эх байхаар бидний зүгээс шаардлага тавьж байна.

Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн төвийн сургуулийн сурагчид ирж музей үзсэн бол өнөөдрөөс алслагдсан дүүрэг, сумын сургуулийн сурагчид музей үзэж байна. Мэдээж ачаалал их байгааг та харж байна.

БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГТ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЗОХИОМОЛ АЧААЛАЛ ҮҮСГЭЖ БАЙНА

Музейн тухай хуулиар 16 хүртэл насны хүүхэд үнэ төлбөргүй гэж заасан ч иргэдийн хууль эрхзүйн талаарх ойлголт дутмаг байна. Эцэг эхчүүд сурагчдын бие даалтын 7 хоногийн хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүдтэйгээ маш их ирж байна. Хүүхэд үнэ төлбөргүй учраас бусад үед ч бас үйлчлүүлж болно шүү дээ. Ер нь зохиомол ачаалал үүсгэж байгаа гэв.

Сурагчдын “бие даалтын долоо хоног”-т эцэг эхчүүд цэцэрлэгийн болон нярай хүүхдээ үнэ төлбөргүй музей үзүүлэхээр ирж байгаа нь зохиомол ачаалал үүсгэж байгааг музейн ажилтнууд хэлж байв.

Музейн тухай хуулиар 16 хүртэлх насны хүүхдүүд музейг үзэхэд үнэ төлбөргүй байдаг. Тиймээс ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай музейгээрээ зочилж, хэдэн ч удаа үзэх боломжтой.

Харин 16 нас хүрсэн болон оюутан, ахмад настан 50 хувийн хөнгөлөлттэй үнээр музей үзнэ. Үнийн хувьд 30 мянган төгрөг аж.

Нөгөөтэйгүүр, “бие даалтын долоо хоног”-т хүүхдүүдийг заавал нэг үзсэн музейгээ дахин үзүүлэх, зургаа авхуулахыг ангийн багш, сургуулийнх нь зүгээс шаардаж байгаа нь эцэг эхчүүдийг бухимдуулах болсныг музейн ажилтнууд ярьж байсан. Гэсэн ч хүүхдүүдтэйгээ хамт анх удаа музей үзэхээр ирсэн эцэг эхчүүд ч байна.

МУЗЕЙ ЭМХ ЗАМБАРААГҮЙ, ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛЭЭСЭЭ Ч ИХ ДААЛГАВАРТАЙ БАЙНА ГЭВ

Тэдний төлөөлөл иргэн Н.Мөнхбат хоёр болон тавдугаар ангийн охидоо дагуулан музейд иржээ. Түүний хувьд асран хамгаалагчдын төлөөллөөр явж байна. Тэрбээр “Чингис хаан музейг үзэхээр анх удаа ирж байна. Бага зэрэг эмх замбараагүй, зохион байгуулалтгүй л санагдаж байна. Хүүхдүүдийн бие даалтын долоо хоногоор гэрийн даалгавраас их юм алга. Хичээлдээ явснаасаа илүү даалгавар ихтэй байна. Хүүхдүүдийг амраасан бол илүү зөв байх. Өнөөдөр бие даалтыг нь биелүүлэхээр музейд ирлээ” гэв.

2 ОЛИМПИАДАД ОРОЛЦООД Л БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ ДУУСЧИХСАН

Хүүхдүүдийн ихэнх нь анх удаа музей үзэж байгаагаа ярьж байлаа. Тэдний хувьд бие даалтын долоо хоног нь бүтээлч өнгөрч байгаа эсэхийг асуухад “Гэрийн даалгаврын хамгийн гоё хэсэг нь музей үзэх” гэдгийг дуу нэгтэйгээр хариулж байлаа.

Багануур дүүргийн ЕБС-ийн “Гүн галуутай” сургуулийн дунд ангийн сурагч Б.Өсөхбаярын хувьд энэ долоо хоногт түүнд чөлөөт цаг гараагүй бололтой. Бие даалтын долоо хоног нь хэрхэн өнгөрч буй талаарх сэтгэгдлийг нь асуувал “Мэдэхгүй ээ. Хоёр олимпиадад оролцоод л “яасан нь бүү мэд” өнгөрлөө. Музей үзэхийн тулд маш удаан хүлээж байна. Аав ээж маань сайн яваад ирээрэй, олон гоё зураг дараарай гэсэн” гэлээ.

Мөн сургуулийн тавдугаар ангийн сурагч “Бие даалт, гэрийн даалгавар их байгаа ч хамгийн гоё нь багш маргааш шалгана гэж бодохгүй болохоор тайван байна” гэв.

Сурагчид нэг орчинд сурч хөгжиж байгаа ч гэр бүл, амьдарч буй орчин харилцан адилгүй. Хаалганы цаана хүүхэд бүрийн өсч торниж буй амьдралын хэв маяг, гэр бүлийн хүмүүжил тэс ондоо. Харин бие даалтын долоо хоног нь ямархуу өнгөрч байгаа тухай ярихдаа “Урлагийн үзлэг, олимпиад, гэрийн даалгавар шахуу болов ч хичээлтэй өдрүүдээс арай илүү чөлөөт цаг гарч байна. Харин гэр орны ажлаас болж хичээл завсардаагүй” гэж байлаа.

Ц.Даваасүрэн: Г.Тэмүүлэн гишүүний бидэнд ойлгуулсан шиг төсвийн зардлыг танаж бас болохгүй юм билээ. Бидний тооцоолсноор 32 тэрбум төгрөг л хасах боломжтой гэж үзсэн
Ц.Даваасүрэн: Г.Тэмүүлэн гишүүний бидэнд ойлгуулсан шиг төсвийн зардлыг танаж бас болохгүй юм билээ. Бидний тооцоолсноор 32 тэрбум төгрөг л хасах боломжтой гэж үзсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!