Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.
Ирэх оны төсөвт зөвхөн бусдаар гүйцэлдүүлэх ажлын зардалд гэхэл 1.4 их наяд төгрөг төлөвлөсөн байна
- УИХ дахь Байнгын хороогоор салбар яамдуудад төлөвлөгдсөн ирэх оны төсвийн асуудлыг нэлээд нухацтай хэлэлцэж байна. Төсвийн төлөвлөлт аль талдаа хамгийн их асуудал дагуулж байна гэж харж байгаа вэ?
- Төсвийн төслийг томоор нь харвал урсгал зардлууд дээр төлөвлөгдсөн мөнгөн дүнгүүд маш их асуудал дагуулж байна. Хамгийн том асуудал дагуулж байгаа нь бусдаар гүйцэтгүүлэх ажил. Тодруулбал, 1.4 их наяд төгрөгийн бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал орж ирсэн.
Мөн ХХААХҮЯ-ны урсгал зардалд 180 гаруй тэрбум төгрөгийн татаасны нэмэлт зардал орж ирсэн байна. Тус яамны санхүүжилтийн хүрээнд төсвөөс малчдад олгодог, ноосны, сүүний гэх мэт урамшууллуудын зардлыг тусгасан атал дахин хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх гээд дээрх мөнгийг нэмж төлөвлөөд оруулж ирсэн байна. Салбарын сайдаас нь тайлбар, мэдээллийг бүтэн сонсох шаардлагатай.
Дараагийн нэг том асуудал нь тоног төхөөрөмжийн зардал гэж үндсэндээ улсын хэмжээнд 504 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөгдөөд явж байна. Салбар яамдууд өөрсдийнхөө тоног төхөөрөмжийг жил тутам авдаг.
Байнгын хорооны зарим гишүүдийн хэлж буйгаар Соёлын яаманд 24 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зардал төлөвлөгдсөн гэж бодохоор сардаа 2 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авах гэж байна гэдэг асуудлыг ярьж байгаа.
Нөгөө талдаа улсын хэмжээнд 400 гаруй соёлын байгууллагууд байдаг. Тэдгээрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай гэсэн зарчмын байр суурийг соёлын яамнаас гаргасан.
Эдгээрээс гадна томилолтын зардал өссөн. Боловсролын яаманд бусдаар гүйцэтгүүлэх ажилд 90 гаруй тэрбум төгрөгийн зардлын өсөлттэй байгаа юм. Байнгын хорооны гишүүдийн зүгээс дэлгэрэнгүй тайлбар авч, шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлээд явж байгаа.
Ирэх жилийн төсөв бол Монгол Улсын түүхэнд байгаагүй том тэлэлттэй төсөл хэлэлцэгдэж байгаа. Үүнд бид зарлага талыг нарийвчлан авч үзэж, тэвчиж болох зарим зардлуудыг хэрхэн бууруулах талаас харах ёстой. Мөн орлогын бодит төвлөрүүлэлт ямар байх, биелэлтийг хэрхэн оновчтой тооцоолж байгаа гэдгийг нягталж бид төсвөө батлах ёстой.Одоогоор хоёрдугаар хэлэлцүүлэг эд өрнөж байна.
Бид хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Засгийн газар төлөвлөсөн байгаа нийт төсөвтөө он дамжин хэрэгжиж байгаа барилга байгууламжийг дуусгах чиглэлд зардлаа өсгөсөн байдал харагдаж байгаа. Мөн 14 том төсөл рүү гол анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн.
Хоёрдугаарт ХЗДХЯ-нд хамаарах хүний эрхийг хангах чиглэлтэй холбоотой зардлууд байгаа. Яаманд нэлээд олон агентлаг харьяалагддаг. Тэдгээрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд 100 орчим тэрбум төгрөг төлөвлөгдсөн. Үүнийг нэг талдаа бид яаж авч үзэх нь зүйтэй вэ гэдгээ ярилцах ёстой. Тухайлбал хорих ангиудын асуудал, шүүх байрны хүрэлцээ хангамж, засвар шинэчлэл гээд анхаарах шаардлагатай ажлууд бий. Тиймээс хүний эрхийг хангах чиг үүргийн асуудлуудад нэлээд сайн анхаарал хандуулах ёстой юм билээ.
ХХААХҮЯ-ыг нүүгэх асуудал Үндсэн хуультай зөрчилдөж байгаа
-ХХААХҮЯ-ны урсгал зардал 180 гаруй тэрбум төгрөгөөр нэмж төлөвлөгдсөн гэж хэллээ. Яамны байр Дархан руу нүүж буй. Тэгэхээр үүнтэй холбоотой зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмж оруулж ирсэн гэсэн үг үү?
-Багц том төсөв явж байгаа учраас аль санд юугаа төлөвлөх, нэмж хэдий хэмжээний зардлыг юунд гаргаж зарцуулах гэж байгаа вэ гэдгийг нягталж тодруулах ёстой. 180 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг хөрөнгө оруулалт талдаа биш урсгал зардалдаа тусгачихсан байна лээ. Тиймээс урсгал зардлын энэ хэсгийг задалж харна. Тэгэхэд ямар зүйлд зарцуулах гэж буй нь илүү тодорхой болох байх.
Зарчмын хувьд хэлэхэд, яам нүүлээ гээд тэнд том зардал гаргаад байх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хуультай уялдуулж мөн яам нүүж байгаа асуудал яригдана.
-Дарханаас сонгогдсон гишүүний хувьд ер нь ХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэж байгаа асуудалд ямар байр суурийг илэрхийлэх вэ? Мөн ХААИС-ийг нүүлгэх тухай асуудал яригдаж байгаа шүү дээ?
-Хамгийн эхэнд бид хууль эрх зүйн орчноо тодорхой болгох ёстой. Үндсэн хуульд засгийн бодлого барих байгууллагууд Улсын нийслэлд байна гээд заачихсан байгаа. Нэгжийн тухай хуулиараа Монгол Улс аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо гэж хуваагдана гэсний дагуу хуульд нэгжийг улсын нийслэл гэж заасан гэсэн үг. ХХААХҮЯ-ыг нүүлгэж байгаа асуудал нь хуулийн зөрчил үүсгэж байна уу гэдгийг анхаарах ёстой.
Хоёрдугаарт, Их сургуулиудыг нүүлгэх асуудалд эргэлзээгүй дэмжиж байгаа. Улаанбаатар хотоос гаргаж нүүлгэх асуудал Үндсэн хууль болон бусад хуульд зөрчил үүсгэхгүй. Гэхдээ өнөөдөр боловсролын салбарт тулгамдаж байгаа хамгийн гол асуудал нь багшлах боловсон хүчнийг орон нутагт нь бэлтгээд үе шаттайгаар нүүлгэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм билээ. Өмнө нь бид их сургуулиудыг нүүлгэх асуудлыг удаа ярьж оролдлого хийж байсан боловч хамгийн том асуудал нь багшлах боловсон хүчин байсан. Тэгэхээр үүнийг анхаарч харах нь зүйтэй гэж үзэж байна.
-Боловсролын яамны төсөвт бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал 90 гаруй тэрбум төгрөг байна гэж хэллээ. Жишээ нь ХУД-т 210 ортой нэг цэцэрлэгийн барилгад 3 тэрбум төгрөг зарцуулагдахаар тооцоолсон байсан. Бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлыг та юу гэж харж байна вэ, шийдэл нь юу байх ёстой вэ?
-Боловсролын яаманд 50 гаруй төсөл арга хэмжээний магадлалын дүгнэлт гарчихсан байхад ЗГ-т төсвөө нэгтгэхдээ түүнийг оруулж ирээгүй байсан. Гэтэл УИХ-аар төсөв хэлэлцэгдэж байх дундуур түүнийгээ барьж орж ирээд асуудал үүсгээд явж байна. Төсвийн үйлдэл болгон хуультай. Хуулийн дагуу төсвийн бүрдэлд байх ёстой бүх шаардлагуудаа зарим сайд нар хангамаар байна. Тиймээс сайд нар Засгийн газар дээрээ энэ асуудлуудаа нэгтгээд УИХ-д танилцуулж, хэлэлцүүлдэг байх ёстой гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!