Манайхан төсөв гэхээр л хэтэрхий томоор сэтгэж, улстөрчдийн албаар уянгалуулдаг бүдүүн, бүдүүн тоонуудыг сонсоод чихээ бөглөчих юм. Гэтэл үнэн хэрэгтээ төсөв гэдэг бол маргааш танай гэр бүл мөнгөтэй байх юм уу, үгүй юу. Мөнгө байлаа гэхэд төр хэдий хэмжээг нь татвар нэрээр “дээрэмдэж” аваад, халамж нэрээр ямар үртэс танд буцааж өгөх вэ гэдгээс эхлээд зээлийн хүү хэд байх. Иргэн Дондог, Дулмаагийн нэг насаараа хийж байгаа жижиг бизнес сүйрэх үү, үгүй юу гэдгийг хүртэл урьдчилж тодорхойлдог бодлогын баримт бичиг.
Жаахан бүдүүлэг тайлбарлаж байгаа ч үнэндээ нэг иймэрхүү л зүйл юм. Гэвч өнөөдөр төсөвт анхаарч ярьж байгаа, “шүүж” байгаа УИХ-ын гишүүн гэж бараг алга. Бүсчилсэн сонгууль хийж байгаад төсвөө гоё болгоод бүгдээрээ хөгжинө. Өнгөрсөн 30 жилийн төсвийн алдаа завхралыг засна гээд 126 гишүүн оруулж ирсэн. Гэвч өнөө хэд нь нам доторх даргын суудал, эсвэл жорлон суултуур яриад зүүлэг мал шиг ордон дотор холхиж байна.
Улсын төсөв хэлэлцэж байхад тэнгэрт тулчихсан зарлагын талаар, зарах чадамжгүй нүүрсний экспортын талаар мэдэж байгаа хүн ч алга. Ярих хүсэлтэй гишүүд ч алга. Ядрахад яр гэгчээр Ардын намын “Шилэн Цогоо” нь парламентын гаднаас шилэн данс гэж сэлэм эргүүлээд хэвлэл, олон нийтийг шинэ хэдэн гишүүдтэй нь нийлүүлээд “хариулчихлаа”. Шил виски, Тэрэлжийн шоу, Фукокын зугаалга руу чирээд алга болж өгөв. Уг нь чухал л өнцөг л дөө. Гэхдээ л “Тэрэлжийн Номин”, “Фукокын Одбаяр”, уудаг вискиний сенсацаараа төсөв гэх үндсэн том агуулгын өмнүүр томоос том хөшиг татчихлаа. Хоёр сайдын гадаад томилолт, вискиний хэрүүлийн араас өнөө муу төсвийн алдаа, согог яригдсангүй. Үгүй ядаж ямар гоё төсөв бэ гэдэг үг ч өндийхгүй нь. Сайд дарга нарын зардал тэрбум, тэрбумаар нэмэгдэж байгааг ч тоож байгаа хүн алга. Одоо "Шилэн Цогоо", шилэн данс хоёроос өөр топ сэдэв бараг алга.
Хулгайч дүйвээнээр гэгчийн үлгэр шиг Сангийн сайд, Засгийн газар хоёр олон нийтийн анхаарал “Шилэн Цогоо”-гийн шилэн данснаас гаргаж ирсэн 200 шил виски руу хуйларч байхад төсвөө сэм хэлэлцүүлсээр хоёр дахь хэлэлцүүлэгтээ нүүр тулав. Хоёр дахь хэлэлцүүлэг нь байнгын хороогоор ороод, УИХ-аар орчих л юм бол төсвийн хэлэлцүүлэг цаашаа онцын шийдэлд хүрдэггүй. Нэг, хоёрдугаар хэлэлцүүлгүүд бол төсвийн хамгийн чухал хэсэг байдаг. Хэдий эрх ашгаа шингээх гэж дайрдаг ч өнгөрсөн хугацаанд төсвийн хэлэлцүүлгийг өмнөх парламентууд хийсэн шиг хийдэг байв. Өнгөрсөн жил гэхэд л УИХ-ын дарга нь НӨАТ-ын асуудлыг босгож ирээд төсвийн “гал”-ыг тэнгэрт тултал өрдөж, утгаар нь попорч үзүүлсэн. Тэрний өмнөх жил бурхны хөшөө барихад мөнгө тавьсан төсвийг нь улсаараа нийлж байгаад нулимж байсан. Энэ бүгд бол хэлэлцүүлэг явж байсны л илрэл. Сөрөг хүчинтэй байсны л ач тус.
Одоо бол Ардчилсан нам, ХҮН нам нь эрх баригчдын хөнжил гудсанд шургаад сөрөг хүчин ч үгүй, сөрдөг хүн ч үгүй болоод бүгд нусаараа тоглохоос наагуур юм сууцгааж байна.
Ядаж энэ шинэ гишүүд нь төсвөө уншиж ойлгоод, шүүж хэлэлцэх шаардлагатай байгаа юмсан. Ганц нэгхэн гишүүд л төсвөө бүрэн уншсан бололтой. Хагас дутуу төсвийн асуудлыг хөндөж харагдах юм. Дээр нь нэмээд МАН-ынхан сонгуулиар бойжуулсан ИЗНН-ынхаа М.Нарантуяа-Нара гишүүний дэд даргын суудлаар нь “тоглоод” нийгмийн анхаарал нэг мөр замхарлаа. Санаж байгаа бол өнгөрсөн 8 сарын сүүлээр батлагдсан төсвийн тодотгол улс төрийн хүнд нөхцөл байдалд ороход бас л М.Нарантуяа-Нара гишүүний барааны лайв, зөвшөөрөлгүй гадагшаа явсан зэрэг шал утгагүй юмыг босгож ирээд тодотголын анхаарлыг сарниулж байсан юм.
Тиймээс уншигч та яагаад гэнэт төсвийн хэлэлцүүлгийн үеэр нийгэм, хэвлэлийн анхаарлыг шилэн дансны бузар булай руу чиглүүлэх болов. Яагаад заавал тэр хүн нь Сангийн сайдтай хамт төвийн бүст нэр дэвшиж явдаг “Шилэн Цогоо” байв. Яагаад төсвийн хэлэлцүүлэг чимээгүй шахуу өрнөсөөр өнөөдөртэй золгов гэдгийг сайтар нэг бодоод үзээрэй.
Заавал шүүмжлэхдээ гол нь биш. Ил тод, анхаарлаа төвлөрүүлж сайныг нь сайн. Мууг нь муу гэж ярих шаардлагатай юм. Ингэх гэж л ард түмэн та бүхнийг “бага ард түмэн” хэмээн сонгож, төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлж байгаа юм.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!