Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгийн талаар улс төр судлаач Т.Бат-Оргилтой ярилцлаа.
"Улстөрчид" гэдэг бүхэл бүтэн нийгмийн давхарга үүссэн
-Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь нийгмийн хүлээлтээс өөр үр дүн гарсан гэж харах хүмүүс цөөнгүй байна. Та судлаачийн хувьд энэ удаагийн сонгуулийн үр дүнг ямар өнцгөөс ажиглаж харсан бэ?
- Миний хувьд улс төрийн энэ үзэгдлийг зөвхөн орон нутгийн сонгуулиар хэмжиж харахгүй байгаа. Дэлхийн улс орнуудад болж байгаа улс төрийн үйл явц Монгол улсад илүү хурдан өрнөөд байна гэж хэлж болохоор. Ялангуяа Европын улс орнуудад 20-30 жилийн турш өрнөж байгаа процесс манайд 5, 6 жилийн дотор болж байна. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, дэлхий даяараа хүмүүс улс төрийн намуудад итгэхээ байж эхэлсэн. Товчхондоо намууд хүмүүсийг төлөөлж чадахаа больчихсон гэсэн санаа.
Одоогоос магадгүй 100 жилийн өмнө намууд нийгмийн аль нэг хэсгийг төлөөлдөг байсан. Гэтэл өнөөдөр улстөрчид гэдэг бүхэл бүтэн нийгмийн давхарга үүсчихсэн байна. Тэд хүмүүсийг төлөөлдөггүй. Зөвхөн өөрсдөө сайхан амьдрахын тулд өөрсдийнхөө фракцыг төлөөлдөг. Тэр франкцууд нь ард түмнийг төлөөлж чадаж байна уу гэвэл бас үгүй. Агуулгаар нь харвал санхүүгийн бүлэглэл, магадгүй зарим талаараа гэмт бүлэгллийн шинжтэй оршиж байна. Энэ бол зөвхөн Монголд болж байгаа улс төрийн үзэгдэл биш дэлхий даяараа улс төрийн намуудын чиг хандлага ийм болж хувирч буй.
Шат шатны сонгуулиудад үндсэндээ ард түмэн оролцсонгүй. МАН ч тэнэг биш. Тэд нийгмийн хандлагыг мэдэрчихсэн учраас аль олон хүний санал авсныг сонгодог тохируулгыг өөрсдөдөө ашигтай байдлаар сонгуулийн хуульдаа хийсний л үр дүн гэж харж байна.
-Шууд утгаараа сонголтгүй сонгууль болчихсон гэсэн үг үү?
- Нэг агуулга нь тийм. Нийгмээрээ улс төрийн намд итгэх итгэлгүй болчихсон. Тиймээс л сүүлийн сонгуулийн ирц 50 хувийн босгыг давж чадаагүй.
Өөр нэг ажиглагдсан зүйл нь 1960-аад оноос авахуулаад хүмүүсийн дунд ИНФАНТИЛИЗМ гэдэг үзэгдэл маш их дэлгэрч эхэлсэн. Ялангуяа Европын улс орнуудад. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, нас бие гүйцсэн хэрнээ сэтгэлзүйн хувьд хүүхдээрээ байгаад байдаг. Шантардаггүй байх, цохилт даадаг байх, аливаа юмыг даван туулдаг, тунгаан боддог байх зэрэг нас бие гүйцсэн хүнээс гарч болох сэтгэл зүйн болон сэтгэлгээний логик чадвар муутай болохыг хэлнэ.
Хүмүүс сүүлийн үед Z үеийнхнийг элдвээр хэлж байгаа шүү дээ. Гэтэл ганц энэ үеийнхэн биш бидний аав ээжээс авхуулаад бидний үед дамжаад ирчихсэн. Өөрөөр хэлбэл нийтээрээ "нялхарал"-ын сэтгэл зүйтэй юмсад ханддаг болчихсон гэсэн үг. Олон хэв шинжтэй байдаг. Энгийнээр тайлбарлахад Монгол хүн гомдомтгой байдаг. Энэ бол хүүхэд зангын нэг илэрэл. Хэр их гомдомтгой байна төдий чинээ хүүхэд насандаа гацсан гэсэн үг.
Хүүхдийн сэтгэл зүйн өөр нэг онцлог нь үүрэг хариуцлага хүлээдэггүй. Чадамж сул. Тиймээс нийт хүн ам дунд ИНФАНТИЛИЗМ маш их дэлгэрсэн учраас өөрийнхөө хувь тавиланг өөрчилж ямар нэгэн шийдвэртэй алхам хийхэд бэлэн биш болдог. Үр дагаварт нь дарангуй нийгэм босож ирдэг. Учир нь хүүхэд зантай хүмүүс агуу удирдагчийг хүлээгээд байдаг. Улс төрийн намууд, тэмцэгчид, улстөрчид аль нь ч сонин биш болж хувирдаг. Ингэж бүгдийг няцаасныхаа үр дүнд мундаг нэг удирдагч гарч ирээд хатуу гараар удирдах ёстой гэсэн сэтгэхүй нь давамгайлж эхэлдэг. Жишээ нь одоо зарим хэсэг хүмүүс В.В.Путин бол агуу удирдагч гэж итгээд тахин шүтэх нь холгүй байна шүү дээ. Энэ ерөөсөө л хүүхдийн сэтгэхүй. Тиймээс бид үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Улс төрийн нам бол санхүүжилт өгдөг гишүүдийнхээ эрхээр хөдөлдөг гэмт бүлэглэлийн шинжтэй байгууллага
-Та сая улс төрийн намууд санхүүгийн, эсвэл гэмт бүлэглэлийн гэсэн хэв шинжтэй оршиж байна гэсэн шүү дээ. Эрх баригч нам аль бүлэглэлд хамаарахаар байгаа вэ?
- МАН гэмт бүлэглэлийн шинж рүүгээ орчихсон. Мэдээж үүнийг албаар хэн ч хийхгүй. Нам гэдэг институци 300-400 тэрбум төгрөгийн зардалтай. Гэсэн атал ганц ч төгрөгийн бизнесийн орлогогүй. Жишээ нь, тухайн намын бизнесмэн гишүүн намдаа 10 тэрбум төгрөг хандивлаж байна гэхэд ямар ч намын ухаантай дарга байсан үгүй гэж хэлж чадахгүй. Дараа нь нам нь ялвал сайдын суудал авъя гэж хэлэхэд эсэргүүцэж чадах намын дарга, Ерөнхий сайд байхгүй. Иймэрхүү байдлаар улс төрийн нам аяндаа гэмт үйлдэл рүү орчихдог гэж хэлж болно. Тиймээс аль ч намд Монгол улсаа албаар хорлоё гэсэн бодолтой нэг ч хүн энэ улс төрийн намууд дунд байхгүй. Ерөөс бид зүй тогтлыг нь өөрчлөхгүй бол хэлбэрт нь баригдаад яваад байж болохгүй л гэсэн санааг хэлэх гэсэн юм.
Улс төрийн намуудын санхүүжилтийг зөв болгоогүй, гишүүнчлэлийг халаагүй цагт энэ асуудал шийдэгдэхгүй. Намын гишүүнчлэл гэдэг бол авлигалын нэг тогтсон систем.
21-р зуунд намын гишүүн яг ямар хэрэгтэй юм. Дэмжигч байж яагаад болохгүй гэж. Ухуулагч гэж хүн яг ямар хэрэгтэй юм. Энэ бүхний цаад агуулга нь нууц хэлбэрт орчихсон авлигал, гэмт бүлэглэлийн бүхэл бүтэн систем бий болчихсонд л хамаг учир байна.
Миний хувьд аль нэг намыг буруутгамааргүй байна. Учир нь намын бүх гишүүд л сайн сайхныг хүсэж намд элсдэг. Харин дотроо орсон хойноо буруу тогтолцоо, хандлагыг нь дагаж явсаар нэг мэдэхэд өөрийн мэдэлгүй төрийн эсрэг гэмт хэрэг үйлдээд яваад байдаг гэсэн үг. Цаашид бид ийм ужгирсан тогтолцооноос салахын тулд иргэдээ хүмүүжүүлж, нийгмийн нялхарлыг үгүй хиймээр байгаа юм.
МАН, АН аль аль нь дүр эсгэсэн ардчиллын хэв шинжтэй
-Улс төрийн намууд тэгвэл ямар байх ёстой юм бэ? Барууны, зүүний үзэл баримтлалтай намууд үүгээрээ л ондооших ёстой юм бишүү. Гэхдээ тэд Ардчилсан засаглалтай улс гэдэгт зангидагдаж улс төрөө хийх ёстой байх?
- Нэг мундаг улстөрч манайд ирчхээд "дүр эсгэсэн ардчилалтай" байна гэдгийг битүүхэндээ хэлчхээд явсан. Дүр эсгэсэн ардчилал гэж юуг хэлэх вэ гэхээр, хэлбэрийн хувьд бүх зүйл нь байдаг. Агуулгын хувьд байдаггүй. Яагаад сонгууль болгоноор сонгуулийн тухай хуулийг өөрчлөөд байдаг юм гэдгийг бодож үзэх л асуудал. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд сонгууль бүрийн өмнө эрх баригчид өөрсдөдөө ашигтай байдлаар, ард түмний сонгох эрхийг үл хүндэтгэсэн байдлаар тоглоомын дүрмээ зурж ирсэн. Энэ өөрөө дүр эсгэсэн ардчиллын нэг хэлбэр.
Одоо та бүхэн анзаарч байгаа бол цагдаа, прокурор, шүүх, гээд бүх томилгоо нь улс төрийнх. Эрх баригчидтай холбоотой ямар нэгэн асуудлыг шалгуулах гэж, эсвэл хүний эрх зөрчигдөж байгаа агуулгаар гомдол гаргахад хэзээ ч тэндээс юм гардаггүй. Юу ч илэрсэнгүй, үндэслэл тогтоогдсонгүй гэдэг хариултыг соёлтой аргаар өгдөг. Энэ чинь мөн дүр эсгэсэн Ардчиллын нэг хэлбэр шүү дээ.
Манай улс төрийн өнөөгийн дүр төрх бол нэг намын буюу нэг фракцын томилгоонууд хийгдэж, ардчиллыг боомилж байгаа нь бодит үнэн. Гэтэл ардчиллыг хүмүүс нийгмийн эмх замбраагүй байдалтай хольж хутгаад үнэ цэнийг нь унагаагаад байдаг. Ардчилал гэдэг бол хаангүй. Ард түмэн өөрийгөө л удирдахыг хэлдэг. Одоо бол хааны оронд нэг нам гарчихаад бүх хуулийг дураараа тайлбарлаж байна. Хууль хяналтынхны хуулийн хэрэглээг хүртэл өөрсдийнхөөрөө чиглүүлж, хүчээр тулгадаг.
Эрх мэдлийг хуваарилах буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд бие биеэсээ хараат бус байна гэсэн ардчилсан засаглалын үндсэн зарчим, үнэт зүйл алдагдсан гэж ойлгож болно. Тиймээс сонгууль ийм болсон гэж ярихад маш төвөгтэй. Учир нь ямар ч сонгууль байгаагүй.
Гаднаасаа АН, МАН-ын тэмцэл мэт харагддагч, үнэндээ нам дамнасан бүлэглэл хоорондын тэмцэл л өрнөдөг
-УИХ-ын сонгуулийн дараа парламентад суудалтай гурван нам хамтарсан ЗГ-ыг байгууллаа. Засагт хамтарсны төлөөсөнд орон нутгийн сонгуулиар суудалгүй үлдлээ гэж сөрөг хүчнийг шүүмжлэх хэсэг байна. Ер нь цаашид сөрөг хүчний хувьд төвөгтэй байдал руу орчихоод байгаа юм биш үү?
-Монгол Улс нам гэдэг зүйлийн утга учрыг бүрэн таниж мэдэхгүй явсаар өдийг хүрчихсэн гэж хэлж болно. Өнөөдөр хоёр л намын хооронд тэмцэл өрнөөд байгаа мэтээр харагддаг. Ийм тохиолдолд ямар ч үндэсний зөвшилцөл үүсдэггүй. Энэ нь наймаа болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл хоёр нам хоорондоо тохироод бусад намууд нь туслах дүрийн оролцогчид болж хувирдаг.
Хөгжингүй улс оронд яг хоорондоо шударгаар мэтгэлцдэг 5, 6 нам байна. Харамсалтай нь манайд бол сөрөг хүчин гэж байхгүй. Ард түмэнд л Ардчилсан нам, МАН гэж хоёр харагдаад байгаа боловч тийм биш. Намуудыг санхүүжүүлдэг гэмт бүлэглэлүүд чинь Ардчилсан намын нэг фракцыг, МАН-ын нэг фракцыг хувьчлаад авчихсан. Эндээс өөр нэг бүлэглэл нь тэр хоёр намын өөр нэг фракцыг хувьчлаад авчихсан л гэсэн үг. Тэмцэл нь хаана өрнөөд байна вэ гэхээр, тэр хоёр гэмт бүлэглэлүүдийн хооронд болдог болохоос биш АН, МАН хоёрын хооронд тэмцэл өрнөөд байдаг зүйл биш. Тодруулж хэлбэл нам дамнасан бүлэглэлүүд хоорондын л тэмцэл. Энэ тоглолтдоо жижиг намуудыг шатрын хүү шиг ашигладаг.
Бид ер нь их эгзэгтэй үед байгаа. Саяын орон нутгийн сонгуульд МАН нэг их ач холбогдол ч өгөөгүй. Учир нь сонгогчдын ирц хамаагүй, сонголт хийснээр нь ялуулна гэдэг арга чинь өөрөө тоглоомын үндсэн дүрэм нь байсан. Хүмүүс оролцохгүй гэдгийг тэд сайн мэдэж байсан. Энэ орон зай дээр нь МАН өөрсдийнхөө байнга тэжээдэг хатуу гишүүнчлэл, ухуулагчиддаа мөнгийг нь өгчихөд л тэднийхээ саналаар ялчихаж байгаа юм. Зүй тогтол нь ийм. Намын бүтцийг задалж, шинэчлэхгүйгээр энэ бүх асуудал хэвээр байсаар л байна.
Ярилцсанд баярлалаа