Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг танилцуулсан. Улмаар төсвийн төслийн хэлэлцүүлэг эхлэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм.
Бид төсвийн төсөлтэй холбогдуулан ирэх оны төсөвт өрийн үлдэгдлийг хэрхэн тооцсон талаарх аудитын байгууллагын дүгнэлтээс онцолж байна.
Төсвийн төслийн 2025 оны өрийн үлдэгдлийг өмнөх оны дүнтэй харьцуулахад, дотоод үнэт цаас 10.6 тэрбум төгрөгөөр, орон нутгийн зээллэг 204 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа бол гадаад өр 1,690.7 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын өрийн баталгаа 3,806.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Тухайлбал,
•Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад зориулж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас орон нутгийн бонд гаргах, гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэхээр төлөвлөсөн;
•Засгийн газрын өрийн баталгаа 3.5 тэрбум төгрөг гаргах болон ханшийн зөрүү нийлээд нийт 3.8 тэрбум төгрөгөөр өсөхөөр байгаа нь “Хөшгийн хөндийн туннел” болон “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн төсөлд Засгийн газрын өрийн баталгаа гаргахаар төлөвлөсөнтэй холбоотой байна.
Энэхүү төслүүдийн бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд дууссан тохиолдолд УИХ, ҮАГ-т дахин танилцуулж шийдвэр гаргуулахаар төлөвлөжээ.
•Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийг нэгдсэн төсвийн суурь тэнцлээс төлж барагдуулахаар төлөвлөсөн тул төсвийн дэмжлэгийн хүрээнд шинээр өр үүсгэхээргүй байгаа бөгөөд гадаад төслийн зээлийн ашиглалтын хэмжээг 2.2 тэрбум төгрөг, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, төлбөрийн тэнцлийг дэмжих зэрэг зорилгоор 300 тэрбум төгрөгийн зээллэг хийхээр төлөвлөжээ.
•Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу ДНБ-ий 2 хувьтай тэнцэх нэгдсэн төсвийн суурь тэнцлийн ашиг 1.9 тэрбум төгрөгөөр Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийг төлөхөөр байгаа тул гадаад зээл, дотоод үнэт цаас, нийслэлийн үнэт цаасыг төлж барагдуулснаас үлдсэн хэсгээр өрийн зохицуулалтын арга хэмжээ буюу буцаан худалдан авах үйл ажиллагааг эхлүүлж, Засгийн газрын өрийн дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн, Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрт 3 тэрбум төгрөгийг 2025 онд төлөхөөр тооцсон байна.