Зуны сарыг зургаа, намрын сарыг найм юм шиг найрлаж, наадамласаар байтал хайруу өвөл хаяанд ирж буйг саяхан зочилсон зэвэргэн өдрүүд сануулсаар байна. Тэгвэл нийслэл 2024-2025 оны ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ. Энэ сэдвийн хүрээнд эрчим хүчний асуудлыг хөндлөө.
---------------------
Энэ өвөл утаа, түгжрэлээс илүү эрчим хүчний салбар гал алдаж, дахин тог таслах уу гэх асуулт сэтгэл түгшээж байна. Лав хөхөө өвлийн хүйтэнд хөвөн дээлээ нөмөрч, лаа асаагаад суухыг хэн ч хүсэхгүй. Хатуухан хэлэхэд өнгөрсөн өвөл ийм л дүр зурагтайгаар хүндхэн өвлийг давсан. Аливааг цаг нь тулгаж, тартагтаа тулсан хойно ойлгодог хэнэггүй Монгол зан эрчим хүчний салбарт тусгалаа олж байна.
Үе, үеийн эрх баригчдын эрчим хүчний реформ хийх үлгэр улиг болсоор үнэгүйдэж, эцэст нь гэнэт л нэг өдөр салбарын сайд нь хэрэглээг хязгаарлахаас өөр аргагүй гэх тайлбартайгаар тог таслах шийдвэр гаргаж байв, өнгөрсөн оны босгон дээр. Төрийн энэ шийдвэрээс болж талх, нарийн боов хийж зардаг гэрийн эзэгтэй материал, мөнгө санхүү, цаг хугацаагаараа хохирсон бол минут секунттэй уралддаг үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нэг цаг тогоо таслуулсныхаа шагналд нь өч төчнөөн сая, саяар шатсан жишээ олон бий.
Энэ өвөл дахин ийм хүндрэл үүсэхгүй гэх баталгаа байхгүй болохыг Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр "Бид хүчин чадлаа нэмэхгүй бол энэ өвөл дахиад л гал тасарна. Харин эрчим хүчний үнэ тарифыг хэдээр тогтоох асуудал ирэх 11 сард тодорхой болно" гэсэн юм. Ингэхдээ тарифын үнийг нэмэгдүүлэхгүй бол гал алдана гэдгийг сануулсан. Гэтэл өвөл ч болоогүй, оргил ачаалалгүй байхад өнгөрөгч Баасан гарагийн орой хот харанхуй болов. Дахиад л айл өрх, албан байгууллагууд цахилгаанаа нэг цаг хязгаарлуулж айлууд гэрэл, дулаангүй, үйлчилгээний газрууд, албан байгууллагууд олох байсан ашиг орлогоороо хохирсон. Харин төр үүнд ямар ч буруугүй хэвээрээ. Ийн тог тасарсныг ДЦС -4 ТӨХК-ийн гэмтэлтэй холбон тайлбарлаж буй. Улаанбаатар хотыг дангаараа шахам цахилгаан, дулаан, эрчим хүчээр хангаж байдаг энэ компанид гэмтэл гарсныг үгүйсгэхгүй ч бас "Хэрэглээг чинь хязгаарлана шүү" гэсэн энэ өвлийн эхний дохио байсныг үгүйсгэхгүй.
Ямартай ч энэ өвөл гал алдахгүйн тулд эрчим хүчний хэрэглээний үнийг нэмэгдүүлэх, шөнийн тарифын хөнгөлөлтийг цуцлах тухай яригдаж эхэлсэн нь анхаарал татах халуун сэдвийн нэг болж байна. Хэдий цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн байлаа ч энэ нь эдийн засгийн реформ хийх оновчтой арга биш ч наанадаж галыг унтраах нь. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр "Бид бүс нутагтаа хамгийн бага үнэтэй байгаа. Хэрэглэгчийн үнийн дарамт гэсэн ганцхан өгүүлбэр дээр зогсдог. Тийм учраас тарифын шинэчлэл гарцаагүй хийгдэнэ. Цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг нь асуудал. Энэ бол Монгол Улс шийдэхээс өөр аргагүй ажил гэдгийг ойлгож аваасай гэж бодож байна" гэсэн юм. Ийм боловч жилийн жилд өвөл нь гэрэл, дулаангүй харанхуй байдалд бид дасч, хүлээн зөвшөөрдөг хүлцэнгүй байж болохгүй. Гэхдээ тарифын нэмэгдлийг эсэргүүцэх нь зөв арга биш. Энэ талаар ШУТИС-ийн багш, доктор Д.Үлэмж ярихдаа "Засаглалын реформ хийсний дараа үнэ тарифыг дэс дараатай нийгмийн сегмент болгоноор шинэчлээсэй гэж хүсэж байна. Бүх хэрэглэгчдээ ангилах ёстой. Мөн ургац тариалалт, хураалт гээд хавар, намрын улирлын шинжтэй тарифууд байх хэрэгтэй. Эрчим хүчний үнийг 28-30 хувь нэмэх нь одоогийн бодит өртгөө нөхөх үнэ тариф. Олон нийт үүнийг ойлгох хэрэгтэй" гэв.
Шөнийн тарифын хөнгөлөлт ба гэр хорооллын айл өрхүүд яах вэ...
Агаарын бохирдлыг бууруулах зорилготой гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны хэрэглээг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулаад багагүй хугацаа өнгөрч буй. Энэ жилээс шөнийн тариф хүчингүй болж буй талаарх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл арваннэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн гэр хорооллын 110 мянга гаруй айл, аймаг, орон нутгийн 70 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувиар хөнгөлөх шийдвэр хэвээрээ байна. Тус хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган өрх хамрагдаж, үүнд 30 тэрбум төгрөгийг улсын төсвөөс тусгасан байна. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нэг алхам. Цахилгааны шөнийн хөнгөлөлтөд гэр хорооллын 190 мянга орчим айл өрх хамрагддаг бөгөөд хөнгөлөлт оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилдэг.