2025 оны төсвийн бодлого бүхэлдээ эрчим хүч, зам тээвэр дэд бүтэц рүү чиглэж байна. Иймд хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөж анх удаа 14 мега төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаад байна. Тухайлбал, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц зэрэг багтаж буй.
Хэрэв 2025 онд 14 мега төслийн 5-аас доошгүй нь хэрэгжвэл төсвийн жил төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн эрсдэлгүй болно гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгож буй.
Ингэхдээ уул уурхайн ашигт малтмалын хайгуул, лиценз олголтын асуудлыг ил тод болгох, боловсруулах үйлдвэрийг татварын орчноор дэмжихээс гадна, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарыг онцгой анхаарч, эдийн засгийг төрөлжүүлэх зардлуудыг энэ оны төсөвт суулгасан гэдгийг нэмж дурдсан. Тэрбээр өнгөрсөн Баасан гарагийн УИХ-ын ээлжит хуралдааны үеэр 2025 оны төсвийн хуулийн төслийг танилцуулах үеэр ийнхүү тодотгосон юм.