Тэтгэвэрт гараад л амарна, хүссэн цагтаа сэрж, ажлын цагт баригдахгүй, хүссэн үедээ найз нөхөдтэйгээ уулзаж, аялж зугаална. Эсвэл хөдөө, зусландаа ач зээ нараа тойруулаад амар тайван жаргалтай өдрүүдийг өнгөрүүлнэ...Бидний ихэнх нь ингэж төсөөлж боддог байх. Өөрийн хүссэн амьдралаараа амьдарна гэж. Бодит байдал дээр ахмадууд төрдөө мартагдаж нийгэмд шоовдорлогддог хөөрхийлөлтэй хувь заяа Монголын ахмадуудыг угтдаг болжээ.
Нэгэн цагт эмч, цагдаа, тагнуулч, офицер, малын их эмч, бүжигчин зэрэг салбар бүрт нийгэмдээ, улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж явсан ч тэд залуу үедээ халаагаа шилжүүлсэн цагаас л тэтгэврээс өөр гялтайх зүйлгүй нийгмийн баталгаа нь доогуур амьдарч буй нь өнөөгийн гашуун үнэн.
Өмнө нь ч ийм байсан бахь байдгаараа. Өнөөдөр ахмадуудын ердөө 20.7 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Тэдэнд олдож буй ажил ч хангалттай биш. Иймээс тэтгэвэрт гарах нь ихэнх залуусын “мөрөөддөг” шиг эрх чөлөөтэй байх ойлголт биш. Харин ч ирээдүйд тэтгэвэрт гарахдаа бэлдэх зорилго, төлөвлөгөөтэй байх ёстойг ахмадын төлөөлөл 73 настай С.Балжмаа зөвлөлөө.
ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА БОЛ ДАВХАР МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХ ЭСВЭЛ ЗОРИЛГОТОЙ БАЙХ НЬ ЧУХАЛ
Хэрэв бэлтгэлгүй бол эзэнгүй арал дээр орхигдоод луужингүй мэт л хаана юу хийж, хэнд хандахаа мэдэхгүй сэтгэл гутрал, стресст орж, ажил олдохгүй байх ч магадлалтайг сануулсан. Энэ тухай ярихдаа “Тэтгэвэрт гарсныхаа дараа хийх ажлаа төлөвлөөгүй, залуугаараа гарч буй хүмүүст их хүнд тусдаг нь анзаарагдсан л даа.
Хаашаа явах, хэнд хандахаа мэдэхгүй. Тиймээс сэтгэлзүйн хувьд өөрийгөө бэлдэж бас давхар мэргэжил эзэмших хэрэгтэй юм билээ.
Ялангуяа цэргийн хүмүүст их хэцүү байдаг. Манай өвгөн цэргийн хүн. 42 настай тэтгэвэрт гарч байсан юм. Одоо энгийн амьдралаараа жолооч хийгээд л явна. /миний жолооч хийдэг гээд инээв/ Миний хувьд ийм байдалд орж байгаагүй л дээ. Тэтгэвэрт гарснаасаа хойш хувиараа наймаа хийж, хашаандаа ногоо тарьж завгүй л явлаа. Ажилтай хүн шиг л өглөө нь гэрээсээ гараад л харуй бүрийд л ирдэг байсан” гэв.
С.Балжмаа гуай малын их эмчээр ажилладаг байсан бөгөөд 2004 онд тэтгэвэртээ гарчээ. Тэрбээр залуу үедээ тэтгэвэрт гарахыг чөлөөт цаг их, хангалттай нойр авч хүссэнээрээ амарна гэж боддог байж. Харин бодит байдал дээрээ эсрэгээрээ байсан гэнэ. Энэ талаар хэлэхдээ “ Чөлөөлнө, чөлөө гэдэг нь төсөөллөөр өглөө ажилд явахгүй унтна, цаганд баригдахгүй гэж ойлгодог.
Тийм биш ээ, хэт их чөлөө нь сүүлдээ стресс болж хувирдаг. Өөрийгөө олохгүй, бухимдах үе гарна, хэцүү шүү.
Иймээс зорилгогүй байж огт болохгүй” гэсэн юм. Түүний хувьд тэтгэвэрт гарснаас хойш 20 жил болж 80 нас шүргэж яваа ч тайзан дээр “гялалзаж” явна. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Ахмадын хорооны дэргэдэх “Талст” хамтлагийн анхны гишүүн аж. Энэ талаар ярихдаа “Бүжиг бол чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хамгийн зөв сонголтын нэг. Бүжгээр хичээллэхэд бие бялдарт хүртэл зөв хөгждөг юм билээ. Миний хувьд залуудаа бүжиглэх завгүй л явлаа” гэсэн юм. Ахмадын үг алт гэдэг шиг өөрийн үзэж туулсан мэдлэг туршлагаасаа бидэнтэй харамгүй хуваалцсан нь энэ билээ.
ЗАЛУУ ҮЕДЭЭ ХАЛААГАА ШИЛЖҮҮЛСЭН АХМАДУУДАД "ЛААЗ ӨШИГЛӨХ"-ӨӨС ӨӨР СОНГОЛТГҮЙ ГЭЖ ҮҮ
ДЭМБ-аас хүн амын насны ангиллыг сүүлд шинэчлэн тогтоосноор 25-44 залуу нас бол 40-60 идэр нас, 60-75 бол ахимаг нас, 75-90 ахмад гэж үзэж буй. Харин манай улсын хувьд идэр буюу 60-аас дээш насныхныг ахмад гэж үзэж буй. Сүүлдээ +25-аас дээш нас "ахмад" гэх явган шог яриа хүртэл өдөр тутмын амьдралд нийтлэг "жишиг" тогтжээ. Гэвч залуу үедээ халаагаа шилжүүлж тэтгэвэртээ гарсан ахмадууд юу хийх вэ? гэх асуулттай нүүр тулдаг ч ихэнх нь гэр орны ажил, ач зээ нартаа "нухлагдаж" байгаа нь нууц биш. Харамсалтай нь, ажил хийе гэсэн ч ажил олгогч нар голж аль эсвэл ур чадвар, боловсрол мэдлэг, эрүүл мэндээрээ ч "гологдож" гудамжинд "лааз өшиглөх"-өөс өөр аргагүй байдалд хүрч байна. Саяхан автобусанд ийм нэгэн яриа өрнөв.
60 нас гарсан хоёр танил нэгийгээ олж хараад учиргүй баярлаж мэндэлж байв. Удалгүй,
-Танай гэрийнхэн сайн биз дээ. Хаана ажиллаж байгаа вэ. Барилгадаа юу?
-Үгүй ээ, барилгын ажилд бие маань дийлээ больсон. Өвдөгний хоёр үеэр хатгуулаад ачаалал даахгүй болсон. Бас мэргэжлийн онцлогоос шалтгаалсан гаж нөлөө байх шиг байгаа юм.
-Тэгээд гэртээ байгаа юу хө, би ч яах вэ, бас л олигтой тодорхой ажил олдохгүй байна.
-Харин тийм байгаа биз, ер нь бид нар сургуулийн жижүүр, эсвэл манаач л хийх ажлууд байна гэлээ. Энэ бол бидний өдөр тутмын амьдралд тохиолддог байдаг л нэг хоёр "өвөө"-гийн яриа болов ч өнөөдөр ямар орчин нөхцөлд ахмадууд амьдрах гэж хичээж байгааг ч бас мэдрүүлсэн юм.