“Манай хүүхэд цэцэрлэгт явахаараа л ханиад хүрчих юм. Цэцэрлэгт нь хэсэг явуулахгүй болохоор өвдөхгүй, дахиад албанд нь явуулахаар цор цор ханиалгаад ирнэ”.
Ингэж хэлж буй эцэг эхтэй та лав таарч байсан байх. Хэрэв хүүхэд тань ханиад хүрч буй шинж тэмдэгтэй бол цэцэрлэгт нь явуулахгүй байх үүрэг эцэг эхчүүдэд ч тэр, цэцэрлэгийн дүрэмд ч бий. Гэвч ханиадтай ч хүүхдээ цэцэрлэгт нь явуулахаас өөр аргагүй гэж зарим эцэг эх биеэ өмгөөлдөг. Харамсалтай нь, таны энэ үйлдэл өөрийн болон өрөөл бусдын хүүхдийг хохироож, цаашилбал айл гэрийн цаг мөнгийг үрээд зогсохгүй эмнэлгийн ачааллыг нэмдэг болохыг ихэнх нь анзаардаггүй. Гэтэл сэрүү оров уу, үгүй юу цэцэрлэг өөрөө ханиадны голомт болчихдог. Ингээд нийслэлд дүүргийн эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй, ханиад томууны халдварын оргил үед ээж, хүүхдүүдийг эмнэлгийн коридор, шалаар ч хамаагүй хэвтүүлдэг үзэгдэл жилийн жилд хэвээрээ.
Өнөөдөр цэцэрлэгийн нэг анги 30 хүүхэдтэй гэж бодоход нэг хүүхэд л ханиад хүрвэл бүгд өвдөх эрсдэл өндөр.
Учир нь хүүхдийн дархлаа насанд хүрсэн хүмүүстэй адил тогтоогүй хамгийн эмзэг учраас халдвар асар хурдтай тархдаг. Уг нь үүнийг мэдэхгүй биш бүгд мэднэ. Даанч тоодоггүй. Ийм хэн нэг эцэг эхийн хайнга хэнэггүй зангаас болж, айлын хүүхдүүд ханиад хүрч цаашлаад гэр бүлийнхнээс нь дор хаяж хоёр, гурван хүн өвдөхөд хүрдэг нь нийтлэг. Гэтэл наанадаж эмийн сангаас нэг айл хамгийн багадаа 100 мянган төгрөгийг эмэнд зарж, хүндэрвэл эмнэлэгт хүртэл хэвтэж байна. Ийм үзэгдэл жилийн жилд чөтгөрийн тойрог шиг давтагддаг.
Харин үүнд бид хариуцлага хүлээдэг гэж үү.
Өнөөх л утаанд хамаг бурууг чихдэг зангаараа хий дэмий л бухимддаг. Тиймээс ханиадтай хүүхдийг цэцэрлэгт явуулахгүй байх нь хамгийн зөв сонголт. Энэ нь зөвхөн тухайн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах биш бусад хүүхдийн аюулгүй байдлыг хангах чухал алхам юм. Иймд хүйтний эрч чангарч, ханиад томуунаас салдаггүй цаг эхэлсэн энэ үед өөрийн болон өрөөл бусдыг бодож амны хаалтаа зүүе. Хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол цэцэрлэгт нь явуулахгүйгээр ажлаасаа чөлөө авч гэртээ дархлааг нь дэмжье. Цэцэрлэгийн багш нар ч бас ханиадтай хүүхдийг “за яах вэ дээ” биш эцэг эхчүүдэд үүрэг хариуцлагыг нь мэдрүүлж ангидаа авахгүй гэрт нь буцаадаг байя.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!