Маргааш аймаг, нийслэл сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлнэ. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас дараах мэдээллийг өглөө.
ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул:Орон нутгийн сонгуульд тухайн нэр дэвшигч өөрөө сурталчилгааны зурагт самбар байршуулдаг болсон. Энэ нь 2016 оны сонгуульд гудамж талбайд байршуулдаг байсантай адил нэр дэвшигчид гудамж талбайд зурагт самбар байршуулна.
Мөн УИХ-ын ээлжит сонгуулиар гардаг нийтлэг зөрчил бол сурталчилгааны самбарыг урж гэмтээх, баллаж сохож эвдэж сүйтгэх. Иймээс маргаашаас эхлэн сурталчилгааны самбарыг эвдэж сүйтгэх магадлалтай тул цагдаагийн байгууллагаас “ногоон бүс” төслийг эхлүүлж байгаа юм.
Бид нийтийн эзэмшлийн гудамж талбай, аж ахуйн нэгжүүдийг камержуулах арга хэмжээг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Иймээс нэр дэвшигчид хяналтын камерын тусгал бүхий газар сурталчилгааны самбараа байршуулж өөрсдийн эд хөрөнгийг хамгаалах талаар ажиллаарай гэж зөвлөж байна.
Мөн сурталчилгааны өдрүүдэд хориглох зүйлсэд, аймаг нийслэл ИТХ-ын сонгуулийн тухай хуульд бүх үйлдлийг заасан. Жишээ нь, сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрүүдэд бэлэг сэлт үзвэр үйлчилгээг хөнгөлөлттэй явуулахыг хуулиар хориглосон. Иймээс нэр дэвшигчид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаарай. Мөн сонгуулийн санал авах өдөр архи согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэхийг хориглоно гэлээ. Үргэлжлүүлэн сонгуултай холбоотой санал гомдолтой холбогдуулан дараа мэдээллийг өгөх үеэр орон нутгийн сонгуультай холбоотой 49 гомдол мэдээллийн дийлэнх нь сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад хууль бус сурталчилгаа явуулж байна гэх зөрчил зонхилжээ.