Д.Ган-Очир: Инфляц, ханшийн асуудал хүндэрвэл бодлогын тохируулга хийх ёстой болно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 34 секунд

Бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр хадгалж байсан Монголбанк нэг нэгжээр бууруулж 10 хувь болгох шийдвэрийг өнгөрсөн Баасан гарагт /2024.09.13/ гаргалаа. Энэ нь хувийн хэвшлийг дэмжих, алсдаа зээлийн хүүг бууруулах зорилготой. Мөнгөний бодлогын хорооны шийдвэр, эдийн засгийн цаашдын төлөв, сорилтуудын талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Ган-Очиртой ярилцлаа.

-----------------------------

2024 ОН ГАРААД БОДЛОГЫН ХҮҮ 3 НЭГЖ ХУВИАР БУУРЧ БАЙНА

-Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг нэг нэгжээр буурууллаа. Эдийн засгийн өсөлтийг дагаад Монголбанк мөнгөний хатуу бодлогыг зөөлрүүлж байгаа ч үнийн өсөлт, инфляцын дарамт хэвээр байна. Ийм нөхцөлд зээлийн хүү буурах боломжтой юу?

- Мөнгөний бодлогын хүүг огцом 5, 4-өөр буулгаагүй. Нэг нэгжээр буулгалаа. Ингэснээр он гараад бодлогын хүү 3 нэгж хувиар буурч байна. Үр дүн нь ч гарч эхэлсэн. Гэхдээ бодлогын хүүг бууруулсан даруйд зээлийн хүүд шууд нөлөөлөхгүй. Бодлогын хүүг бууруулсны нөлөө нь банк санхүүгийн салбарт нөлөөлж байгаа ч, цаг хугацаа өнгөрөхөд бодит сектортоо илүү нэмэгддэг. Магадгүй 3-4 улирлын дараа нөлөө нь хамгийн их мэдрэгдэнэ. Хэдийгээр бодлогын хүүг нэг нэгжээр буулгасан ч заавал байлгах нөөцийн хувь хэмжээг өсгөж, хүүний коридорыг өөрчилж байна шүү дээ. Ийм бодлогын хослолыг хэрэгжүүлэхэд төв банкны зорилтуудад харшлахгүй гэдэг утгаар шийдвэр гаргаж байгаа гэж ойлгож болно. Том зургаар бодлогын нийцлэлийг УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, УИХ дээр бодлогуудаа зангидах ёстой.

Нөгөөтэйгүүр, 2022 оноос хэрэгжүүлж ирсэн мөнгөний хатуу бодлогын үр дүнд инфляцыг 3 нэгж хувиар бага байлгалаа. Ирэх онд инфляцыг нэг нэгж хувиар бууруулах чиглэлд мөнгөний бодлогын төлөв нөлөөлж байгаа. Мэдээж эдийн засагт үүсэх эрсдэлүүд байгаа ч одоогийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд, экспортын орлогын боломжууд нь инфляцыг хөөрөгдөхгүй байх бололцоотой.

Тиймээс Мөнгөний бодлогын хорооны бүх шийдвэр эрсдэл, тодорхой бус байдлыг ил тодоор олон нийтэд мэдээлж байгаа. Үүнийг тоон утга руу шилжүүлсэн үндэслэл дээр Мөнгөний бодлогын хорооны 5 гишүүн өөрсдийн үнэлгээ, итгэл үнэмшлээр санал өгч шийдвэрээ хараат бусаар гаргаж байна.

- Мэдээж эдийн засагт сэргэлт ажиглагдаж байгаа ч төсвийн зардал томрохын хэрээр Мөнгөний бодлогод дарамт болж байгааг Монголбанк үгүйсгээгүй. Эдийн засагт үүсэх хамгийн том эрсдлийг хэрхэн харж байна?

- Төсвийг тэлж байгаа. Эн тэргүүнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд богино хугацаанд үзүүлэх эдийн засгийн үр нөлөөг харгалзан эрэмбэлэх шаардлагатай.

Төсвийн зардал хөрөнгө оруулалтын болон хэрэглээний импортыг тэлбэл өнөөдөр 30 хувийн өсөлттэй байгаа импортыг үүнээс илүү нэмэх өндөр эрсдэлтэй. Энэ нь барааны болон үйлчилгээний импортоор дамжин валют гадагшилна гэсэн үг. Үүнийг хангалттай нөхөх хэмжээний валютын орлого, магадгүй өнөөдрийн бүтцээр, нүүрсний экспортын орлого орж ирэх ёстой болно.

Хэрэв энэ орлого импортын өсөлтийг мөнгөн дүнгээр богино хугацаандаа гүйцэж чадахгүй, зөрүү гарах бол цэвэр дүнгээрээ валют гадагшилна гэсэн үг. Энэ нь манай улсын төлбөрийн тэнцэл, валютын нөөцөд дарамт болно.

Магадгүй ханшийг богино хугацааны дараа сулруулах эрсдэл үүсвэл инфляцын дарамт руу хөтөлнө. Нэгт ийм асуудал байна.

Хоёрт, дотоод талдаа бүтээн байгуулалтууд өрнөхийн хэрээр дотоод эрэлт тэлнэ. Үүнээс гадна тээвэр ложистик, дотоодын болон Тяньжин боомтод буй ачааллыг нэмнэ. Энэ ачааллаас үүдэн дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой түвшинд өсөх, зардлууд нэмэгдэх, бараа эргэлтийн хугацаа удаашрах, зээлээр санхүүжсэн бол хүүний зардалууд эрсдэлүүд дагуулж болзошгүй. Энэ нь дахиад л инфляцын дарамтыг өсгөнө. Харин Монголбанк инфляцыг нам түвшинд барих зорилготой.

Инфляцтай тэмцэх бодлогын гол хэрэгсэл нь бодлогын хүү. Тиймээс бодлогын хүү тодорхой түвшинд буурахгүй, одоогийн түвшинд хэвээр хадгалах, эсвэл тодорхой түвшинд өсөх нөхцөл байдлыг бий болгоно. Энэ нь хөрөнгө оруулалтын зээлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн сектор, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж магадгүй.

Энэ нь манайх хувийн хэвшилд тулгуурласан, эдийн засгийн тэлэлтийг бий болгоно, зээлийн хүүг бууруулна, ачааллыг нь багасгана зэрэг том зорилттой харшлах эрсдэлтэй. Энэ агуулгаараа Засгийн газар, УИХ, Монголбанк аль аль талдаа бодлогын зохистой нийцлийг хангахад анхаарах шаардлагатай.

ИНФЛЯЦ 8 ХУВИАС ДЭЭШ ДАВАХ ЭРСДЭЛТЭЙ БОДИТОЙ БОЛОХ ТОХИОЛДОЛД БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨХ ЁСТОЙ БОЛНО

-Магадгүй бодлогын хүүг дахин чангаруулахыг үгүйсгэхгүй бололтой?

-Ойрын хугацаанд бодлогын хүүг өсгөх нөхцөл байдал хараахан харагдахгүй байна. Инфляц 5.5 хувьтай байна. Инфляц зорилтын интервалын дээд утга болох 8 хувиас давах, валютын нөөц одоогийн нөхцлөөс буурах томоохон эрсдэлүүд хараахан ажиглагдахгүй байна. Харин эдгээр нөхцөл үүсч, инфляц 8 хувиас дээш давах эрсдэлтэй бодитой болох тохиолдолд бодлогын тохируулгыг шуурхай хийж, хүүг өсгөх ёстой болно. Харин одоогийн эдийн засгийн төлөв байдал нь мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх нөхцөл байдлыг хязгаарлаж байна. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн одоогийн болон ирээдүйн нөхцөл байдлыг харж шийдвэр гаргах ёстой болно.

Мөнгөний бодлогын гаргасан шийдвэр тодорхой хугацааны дараа санхүүгийн салбараар дамжин бодит эдийн засагт нөлөөлдөг учраас аль болох хол төсөөллийг харж, үүсэж болох эрсдэл нөхцөл байдлыг тооцож өнөөдрийнхөө алхам арга хэмжээнүүдийг авч явах ёстой гэдгээрээ онцлог.

Харин төсвийн зардал бол зарлага гарсан даруйгаас эхлэн шууд нөлөөлдөг бол, мөнгөний бодлого шийдвэр гаргасан ч тодорхой хугацааны дараа нөлөөлнө. Нэг жишээ дурдахад, мөнгөний бодлогын шийдвэр гаргалт бол том хөлөг онгоц жолоодохтой адил маш алс, холуур чиглэлээ өөрчилж явах ёстой бодлого. Үүнийг л бид хийх гэж оролдож байна гэсэн үг.

-Та яриандаа эдийн засагт үүсэж болзошгүй эрсдлүүдийг маш тодорхой хэллээ. Тэгвэл улсын төсөв тэлж, зардал томрохын хэрээр Монголбанкны мөнгөний бодлоготой уялдахгүй байгаа юм биш үү. Энэ тухай олон жил яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд төсвийн өөдрөг төсөөлөл, хэтэрсэн зардлаас үүдэн ямар эрсдэл эдийн засагт үүсэж байв?

-Төсөв хэт тэлэлтийн үр дагавар, хүчтэй нөлөө гарах хүртэл мөн л тодорхой хугацаа шаардах хэдий ч, үр дагавар нь гараад явж байгаа. Төсвийн зардал үндсэн хоёр хэсэгт хуваагдаж байгаагийн нэг нь урсгал зардал буюу цалин, тэтгэвэр болон бусад худалдан авалт. Эдгээр нь хэрэглээний бараа импорт, үйлчилгээний импортыг дэмжин валют болж, гадагшилж байна.

Одоогийн нөхцөлд эдийн засагт гарч буй нөлөөл нь импортын бүлгүүд 30 хувиар өсч байна. Хоёрдахь нь хөрөнгө оруулалтын зардал бөгөөд энэ өсөхөд хөрөнгө оруулалтын шинжтэй бүтээн байгуулалтуудын /трактор, дизель түлш, зөвлөх үйлчилгээ/ зэрэг зардлын өсөлтийг дагасан валютын урсгал гарч байна.

Яланугяа, хөрөнгө оруулалтын шинжтэй бүтээн байгуулалтын зураг төсөл, мэргэжлийн зөвлөх үйлчилгээг гадаадын компаниудаас авч байгаа нь үйлчилгээний импортын зардал болж байна. Үүний сөрөг нөлөө одоогоор хүчтэй мэдрэгдэхгүй байгаа нь нүүрсний экспортын орлого хангалттай хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотой.

Хэдий нүүрсний үнэ унаж байгаа ч, биет хэмжээ нь өндөр байгаа учраас нөхөж байгаа буюу валютын нөөц өндөр түвшинд, ханш тогтвортой байх боломжийг бүрдүүлж байна гэсэн үг.

Магадгүй нүүрсний үнэ буурсаар илүү доод түвшинд унах, биет хэмжээний одоо тооцож буй 82 сая тоннд хүрэхгүй эрсдэл үүсэх үед валютын урсгал доголдож төлбөрийн тэнцэлд дарамт үүсэж болзошгүй. Хэрэв инфляц, ханшийн асуудал хүндрэх тохиолдолд төв банкнаас бодлогын тохируулга хийх ёстой болно.

Энэ нь зээлийн хүртээмж, зээлийн хүүнд тусгалаа олно. Өмнөх онуудын эдийн засгийн циклүүд ч ийм байсан. Одоо ч эрсдэл бий, нөгөө талд боломжууд бас харагдаж байгаа. Энэ утгаараа өмнөх алдааг давтахгүй байх чиглэлд сануулж хэлж байгаа нь энэ. Гэхдээ аль болох сөрөг нөлөөг багасгахад мөнгөний бодлогын тохиргоог цаг алдахгүй хийх нь чухал байдаг.

ЭДИЙН ЗАСГИЙН "ӨВДӨЛТ" ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ МУУДАХ, ВАЛЮТЫН НӨӨЦ БУУРАХ БАЙДЛААР ХАЛАЛТ ИЛЭРНЭ

- Зүйрлэвэл, хүний бие халуурхад ханиалгах, бие сульдах шинж илэрдэгтэй адил эдийн засгийн “өвдөлт” нь ханш сулрах, инфляцын өсөлтөөр илэрнэ гэж ойлгож болох уу. Энэ тохиолдолд мөнгөний бодлогын хүүгийн нөлөө ямар үүрэг гүйцэтгэх вэ?

- Хүний биеийн халуун нэмэгдэнэ гэсэн үг. Зөвхөн валютын ханш ч биш, хэвийн температур 37 гэвэл дотоодын эрэлт тэлж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэж хална гэсэн үг. Энэ нь инфляцын өсөлт, төлбөрийн тэнцэл муудах буюу валютын нөөц буурах байдлаар шинж тэмдэг өгч мэдрэгдэнэ. Магадгүй валютын нөөцийн даах чадлаас давсан үед ханш суларна. Иймээс хүнээр зүйрлэвэл өндөр халуурах шинж тэмдэг илэрнэ гэсэн үг л дээ. Хэвийн температур 37 байсан бол, 40 болж нэмэгдэж эмнэлгийн тусламж авах ёстой болно. Иймээс эдийн засаг хэт халсан үед мөнгөний бодлого хүйтэн жин тавих, халууныг бууруулахад шаардлагатай тохиргоог нь хийдэг.

Хэрэглээний импортыг дэмжиж байгаа нөхцөлд хэрэглээний зээлийн шалгуур нөхцлийг чангаруулж, өсөлтийг сааруулах арга хэмжээ авч байна. 2024 онд инфляц 5.5 хувьд хүрч буурсан ч бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалсан нь дахин зээлийн эрэлтийг хэт нэмэгдүүлж, импортыг нэмэгдүүлэхгүй байх, инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтвортой хадгалах тохиргоог хийсэн гэсэн үг.

Тиймээс Монголбанкны зүгээс эдийн засгийг хэт халууралт, цаашлаад “хатгалгаа” үүсгэхгүйн тулд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах ёстой. Одоогоор халуурах шинжтэй ч бие нь өвдөхгүй, хэвийн байгаа нь ирээдүйд халуурахгүй гэсэн үг биш. Халуурах эрсдэл байгаа учраас одооноос бид бүхэн эмчилгээ хийх ёстой болж байна гэж ойлгож болно.

-Эдийн засагт сэргэлт ажиглагдаж байгаа ч эмзэг байдал нь хэвээрээ. Ийм үед бодлогын хүүг нэг нэгжээр бууруулсан нь ямар үндэслэлтэй вэ?

-Эдийн засгийн өсөлт эхний улиралд 7.8 хувьтай гарсан бол эхний хагаст 5.6 хувьтай байлаа. Хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарахад зудаас үүдэн хөдөө аж ахуйн салбар унасантай холбоотой. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарыг хасч тооцвол эдийн засаг 9 хувийн өсөлттэй байгаа юм.

Ерөнхийдөө энэ эдийн засгийн өндөр өсөлтөө ирэх жил ч бас хадгалахаар байгаа. Үүнд шаардлагатай санхүүгийн урсгал, зээлийн хүртээмж, хүүгийн дарамтыг бууруулах чиглэлд Мөнгөний бодлогын хороо шийдвэр гаргаж, бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах шийдвэр гаргалаа.

Нөгөө талд заавал байх нөөцийн хувийг өсгөснөөр 670 орчим төгрөгийг татан авч байна. Энэ утгаараа зээлийн өсөлт дээр тодорхой хэмжээний тохируулга хийж, хэт өндөр өсөлтөөс сэргийлсэн. Гэхдээ эдийн засгийн өсөлт 8 хувь байхад шаардлагатай зээлийн өсөлт ирэх жил байх бололцоотой гэдгийг харгалзан энэ шийдвэрийг гаргаж байгаа.

-Монголбанк бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасан тайлбартаа, төсвийн зардал тэлсэн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдахаар байна. Ийм учраас бодлогын хүүг бууруулах шийдвэрийг гаргалаа гэсэн өгүүлбэр анхаарал татлаа л даа?

-Ирэх жилийн төлөвийг хэлж байгаа юм. Эдийн засгийн өсөлт 7-8 хувьтай байх төсөөллийг Мөнгөний бодлогын хорооны хуралд танилцуулсан. 2025 онд эдийн засгийн өсөлт ийнхүү өндөр байхад үндсэн гурван хүчин зүйл нөлөөлж байна. Нэгт, Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсонтой холбоотойгоор олборлолтын хэмжээ, экспортын хэмжээ өсөхөөр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөхөд нөлөөлж байна.

Хоёрт, ирэх жил хөдөө аж ахуйн салбар уналтгүй байж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эерэг нөлөө үзүүлнэ. Гуравт, 2025 оны төсвийн зардал 35.8 их наяд төгрөгөөр батлагдан хэрэгжвэл, энэ жилийн төсвийн тодотголоор даруй 5.6 их наяд төгрөгөөр нэмж өснө.

Энэ нь дотоод хэрэглээ, хөрөнгө оруулалтын өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ, нөгөө талдаа импортыг ч дэмжинэ. Иймд ирэх жил ч бас эдийн засгийн өндөр өсөлт хадгалагдахаар байна.

-Ярилцлагын төгсгөлд асуухад, Монголбанк улс төрөөс хараат бус, бие даасан тогтвортой байдлаар хадгалж чадаж байна уу. Магадгүй бодлогын хүүг бууруулсан нь Засгийн газар, Их хурлын нөлөө байна гэх хардлага төрүүлж байна?

-Монголбанк өөрийн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа, гаргах шийдвэрт хараат бус, бие даасан байх ёстой. Ялангуяа, Засгийн газраас хараат бус байх ёстойг Төв банкны тухай хуулинд тодорхой заасан байдаг.

Мэдээж УИХ-аас баталсан бодлого, стратеги, батлагдсан хуулийг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх ёстой төрийн нэг институт. Энэ зааг ялгааг эхний ээлжид маш сайн гаргах ёстой.

Хоёрт, 2025 оны төсвийн төслийг боловсруулан өргөн барих нь Засгийн газрын эрхийн асуудал. Төсвийг хэлэлцэн батлах нь УИХ-ын асуудал. Энэ эрх бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох газрууд өөр өөрийн шийдвэрээ гараад явж байгаа. Гэхдээ УИХ-ын танхимд Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, инфляц, валютын нөөц, төлбөрийн тэнцэл, эдийн засагт үүсэх эрсдэл, болгоомжлол талаас бид бүхэн мэдээллээ өгсөөр ирсэн. Нэгэнт эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдал үүсч буй нөхцөлд өөрийн гаргах шийдвэрт энэ эрсдлүүдийг харгалзаж, сөрөг нөлөөг нь бууруулах, ялангуяа инфляцын зорилтот байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтот нийцтэй байдлаар бодлого, зохицуулалтаа хийх нь бол Монголбанкны ажил. Энэ ажлаа Монголбанк хараат бус, бие даасан байдлаар хэрэгжүүлэх ёстой, хэрэгжүүлдэг гэсэн үг.

Автомашингүй өдрөөр хаасан замуудад мотоцикл, цахилгаан дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд ОРОЛЦУУЛАХГҮЙ
Автомашингүй өдрөөр хаасан замуудад мотоцикл, цахилгаан дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд ОРОЛЦУУЛАХГҮЙ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!