Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр: 2025 онд нүүрсний экспорт 83.3 сая тоннд хүрэх баталгаа байхгүй. ЗГ хэт өөдрөгөөр төсөөлж байгаа нь буруу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 17 секунд

Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьж танилцуулахдаа манай улсын гол экспортын түүхий эд болох нүүрсний экспортыг 83.3 сая тоннд хүргэнэ гэж мэдэгдээд буй. Уул уурхайн салбараас олох орлого, тэр дундаа нүүрсний экспортоос олох орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж буй талар эдийн засагчид байр сууриа илэрхийлсээр байна.

Тэгвэл энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр "Нүүрсний экспортын биет хэмжээнд мэргэжлийн байгууллагаас судалгаа яаж ч хийсэн Засгийн газарт хүлээж авах сонирхол төдийлөн байдаггүй юм шиг байгаа юм. Учир нь төсвийн орлогоо тооцож байгаа нь Сангийн яам учраас. Тэд бол экспортын хэмжээг нэмэгдүүлнэ, орлогоо төлөвлөсөндөө хүргэнэ л гэдэг. Яагаад ингэж итгэлтэй хэлж ирсэн бэ гэвэл ковидын дараа Хятадын эдийн засаг сэргэж, сэргэлтээ дагаад гангын үйлдвэрлэл нь идэвхэжсэн учраас коксожсон нүүрсний эрэлт нэмэгдсэн явдал.

Нөгөө талаар Хятад улс дулааны эрчим хүч, УЦС, нар, салхины сэргээгдэх эрчим хүч, атомын эрчим хүч гэсэн дөрвөн төрлийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулж байна. Эдгээрээс УЦС-ийн хувийн жин нь маш өндөр. Хүчин чадал нь маш өндөр мөртлөө байгаль цаг уураас хамаарч бороотой жил сайн ажиллаад гантай жил хүчин чадал нь буурдаг. Энэ савлагаанаас хамаарч дулааны эрчим хүчний нүүрсний хэрэглээ нь хэлбэлздэг. УЦС-ийн хүчин чадал буурахад нүүрсний хэрэглээ нь нэмэгддэг.

Коксожсон нүүрсний хувьд сүүлийн хоёр жил гангын үйлдвэрлэл нэлээд идэвхтэй байсан учраас манай экспорт дагаад өссөн үзүүлэлттэй явж байгаа. 2023 оны байдлаар БНХАУ-ын импортоор авсан коксжих нүүрсний 78 хувийг ОХУ, Монгол Улс хангасан байна. 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар тус улсад нийлүүлж байгаа нүүрсний экспортоороо Индонези улс тэргүүлж, ОХУ удаалж, манай улс гуравдугаарт байна. Австрали улс манай улсын араас бичигдэж байгаа. Гэхдээ Австрали улс нүүрсний нийлүүлэлтээрээ манай улстай тун ойрхон хэмжээнд дөхөж байна. Магадгүй энэ оны эцэст гэхэд нийт дүнгээрээ зэрэгцэх байх. Тиймээс ЗГ ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа нүүрсний экспортыг тогтвортой өсгөнө гэж хэт өөдрөгөөр хэлж байгаа нь маш хүнд амлалт. Хоёр жилийн өмнө нүүрсний экспорт өссөн үзүүлэлтийг бид үгүйсгэхгүй. Гэхдээ энэ тоонд тулгуурлаж цаашаа өснө гэж тооцоолж байгаа нь аюултай.

Ялангуяа Хятадын гангын үйлдвэрлэлийг өрнөдийн орнууд харахдаа маш хямд өртөгтэй гангаар зах зээлийг нь эзлэх гэж байгаа учраас түүнээс болгоомжилж Европын холбоо, АНУ-ын зүгээс хориг тавьж эхэлж байна. Саяхны нэг жишээ нь Хятадын цахилгаан автомашин дээр Европын холбоо нэмэлт татвар тогтоочихлоо. Хэт хямд үнэтэй ган дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журмаараа хориотой байдаг.

Өөрөөр хэлбэл хэт хямд үнэтэй бүтээгдэхүүнээр нөгөө зах зээлээ эзэлж болохгүй гэсэн дүрэмтэй. Хэрэв нийлүүлбэл хүлээж авч байгаа улс орон нь нэмэлт татвар төлнө гэсэн журам мөрдөгддөг. Тиймээс АНУ болон Европын холбооны зүгээс хятадын ган дээр нэмэлт татвар ноогдуулах магадлал тун ойрхон байна. Тэд юуг хүлээгээд байгаа вэ гэхээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11 дүгээр сард болно. Тэр хүртэл цочмог шийдвэр гаргахгүй нь мэдээж. Харин шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хятадын худалдааны бодлогын эсрэг шийдэмгий арга хэмжээ авах болов уу гэсэн таамаглалыг олон улсын судлаачид гаргаж байна. Тиймээс энэ үйл явдал ирэх 2025 оны эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж болно.

Үүнээс гадна Орос-Украины дайнтай холбогдолтойгоор АНУ-ын зүгээс Хятадын талд байнга шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл ОХУ-д янз бүрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоох тухай асуудал яригддаг. Энэ агуулгаар харсан ч АНУ-д шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн байр суурь ямар байх нь тодорхой.

Манай гол худалдан авагч зах зээл геополитикийн эрсдэлтэй нөхцөлд байгаа гэдгээ бид анзаарах ёстой. Энэ бүгдийг тооцоолж ирэх оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлж болохгүй гэдгийг дахин сануулмаар байна" гэв.

“ЖЕНКО“ Х.Баттулгын туслах, жолооч, ах дүү гээд 30 гаруй хүн НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна“
“ЖЕНКО“ Х.Баттулгын туслах, жолооч, ах дүү гээд 30 гаруй хүн НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна“
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.