Цар тахал, хөл хорионы үед цахимаар сурч байсан зургаан настнууд өөрсдийнхөө бичсэн захидал, зурсан зургаараа үзэсгэлэн гаргажээ. Тэдний төлөөлөл бол нийслэлийн 84 дүгээр сургуулийн 4-4 дүгээр ангийнхан юм. Өчигдөр /2024.09.10/ “Blue Mon” төвийн танхимд өөрсдийнхөө авхуулсан зураг, зохиолчдоо хаягласан захидлаа тэд хараад “бид алдартай болжээ” гэж хөөрч догдолсон нь элт байлаа. Хүүхдүүд ангийн багштайгаа хичээлээ тараад үзэсгэлэнд зочилсон нь энэ. Тэд бол энэ үзэсгэлэнгийн “гол дүр” байлаа.
Ангийн багш Ц.Ундармаа цар дахлын дараахан 2022-2023 оны хичээлийн жилд өөрийн даасан 4-4 бүлэгтэй “Багштайгаа ангиараа уншъя” туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь өнөөдөр үр дүнгээ өгсөн нь энэ аж. Өөрөөр хэлбэл, ангийн багш нь хичээлийн цаг дээрээ зурагт номоор дамжуулан ерөнхий эрдмийн хичээлийг заасан нь сурагчдыг ном унших дуртай, хичээлдээ сонирхолтой болгоход том түлхэц болжээ.
Ц.Ундармаа багш хичээлийнхээ хөтөлбөрт хүүхдүүдийн дуртай Динза болон Цондоолой, Цүндээлэй зурагт номыг оруулсан нь өнөөдөр үзэсгэлэнгийн танхимд сурагчдын захидал, зураг болж олон нийтэд дэлгэгдэж байна. Тэрбээр “Манай ангийнхан ковидын үеийн зургаан настнууд шүү дээ. Гэрээсээ цахимаар л уншиж, бичиж сурсан. Манай ангийн хувьд ярьж, бичиж сурахад илүү зорилго тавьсан. Энэ тал дээр илүү ахиц гарсан. Хамгийн гол нь А.Дэлгэржаргал зохиолчдоо талархаж байна. Маш гоё номоор ийм олон хүүхдийг уншиж, бичихэд дуртай болгож байгаа нь маш сайхан санагдаж байгаа. Номын зохиолтой би 20 гаруй жилийн өмнө танилцаж байлаа” гэв. Үргэлжүүлэн хүүхдүүдийн сурлагад ямар ахиц гарч буй талаар ярихдаа “Өнгөрсөн жил 4-4 анги дааж авахдаа “Багштайгаа уншъя” хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлсэн. Үр дүнд нь хүүхдүүд самбарын өмнө өөрсдийгөө илэрхийлэх чадвартай болсон төдийгүй хичээлийн төгсгөлд зохион бичлэг нь илүү чанаржиж байсан. Энэ хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эцэг эхчүүд Динза болон Цондоолой, Цүндээлэйг хүүхдүүдтэйгээ хамт уншиж, бас яриулж байвал өөрийнхөө мэдрэмж, үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг болно” гэсэн юм.
Анхаарал татахгүй байхын аргагүй багачуудын бичсэн захидлыг харвал зохиолч А.Дэлгэржаргалд хаяглажээ. Бүгд л зохиолчид талархаж байгаагаа захидлынхаа эхэнд илэрхийлээд шинэ цуврал хэзээ гарахыг нь асуусан нь номонд ямар дуртай болох нь харагдаж байлаа.
Жишээ нь, сурагч О.Сондор ангиараа ном унших дуртай болсноо захидалдаа бичсэн бол М.Мишээл номноос хүн сайхан сэтгэлтэй байхыг ойлгосон гэдгээ илэрхийлжээ. Зарим нь гэр бүлээрээ Динза болн Цондоолй, Цүндээлэйг хамт уншдаг болсон, аав ээж эмээ өвөө нь ном худалдан авч өгдөг болсонд баярлаж байгаагаа ч бичжээ. Хүүхдүүдийн захидалд уншсан номоо эргэцүүлж бичсэн болох нь харагдна. Бас баяр, талархал ч шингэжээ. Энэ мэтчилэн хүүхдүүдийн захидлаас харахад Динза болон Цондоолой, Цүндээлэй зөвхөн хүүхдүүдэд зориулагдаагүй гэр бүлийн уур амьсгал, амьд харилцааг ч бас бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Нөгөөтэйгүүр, дуртай Динза болон Цондоолой, Цүндээлэй нь зөвхөн хүүхдүүдийн унших дуртай номоор хязгаарлагдахгүй хичээлийн хөтөлбөрт багтаж бас сэтгэл заслын ч үр нөлөөтэй болохыг Ц.Ундармаа багш тодотгож байлаа.
Тэрбээр “Цондоолой, Цүндээлэй хоёр бол хүүхдийн сэтгэл засалд их тустай. Миний хувьд анги даасан багшаас гадна сэтгэл заслаар ажиллаж байгаа. Иймээс энэ номоор дамжуулан 21 хоногийн сэтгэл заслын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд туршилтаар ээжүүд хүүхэдтэйгээ хамт ном уншингаа хэрхэн таагүй байгааг нь мэдрэх, өөртөө итгэх итгэлийг нь яаж нэмэх вэ зэрэг аргуудыг хэрэглэж байна” гэлээ.
Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн зорилго нь сурагчийг эх хэл, үндэсний соёл, уламжлалаа дээдэлдэг, өөртөө итгэлтэй, бусдыг ойлгож, хүндэтгэдэг, сурах арга барил, авьяас чадвараа нээн хөгжүүлдэ, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг иргэн болж төлөвшүүлэхэд оршдог. Тиймээс эдгээр зорилтуудыг агуулсан, Монгол хүүхдийн нас сэтгэхүйн онцлогнт тохирсон шинэлэг сургалтын арга зүйг нэвтрүүлж ХҮН БАЙХ ухааныг суулгах зорилгоор хүүхдүүдийн хамгийн дуртай 20 жилийн турш туршигдсан Монголын анхны комикыг сургалтын хэрэглэгдэхүүнээрээ ашиглажээ.
ДИНЗА БОЛОН ЦОНДООЛОЙ, ЦҮНДЭЭЛЭЙГИЙН АНХНЫ УНШИГЧ Б.МӨНХ-ОЧИР: ҮРГЭЛЖИЛСЭН ҮГНЭЭС ИЛҮҮ ЗУРАГТАЙ КОМИК НОМОНД ДУРТАЙ БОЛГОСОН
Эдүгээ Динза болон Цондоолой, Цүндээлэйг мэдэхгүй хүүхэд, өсвөр үеийн залуус, эцэг эхчүүд байхгүй. Уг зохиолын анхны уншигч 22 настай Б.Мөнх-Очир “Би 7 настайдаа анх Динзаг уншиж эхэлснээс хойш номонд дуртай болсон. Тэр үед ширээний найз маань Динзаг уншиж байхыг хараад сонирхож байсан юм. Зурагтай, бас текссттэй болохоор унших хүсэл төрсөн л дөө. Дараагийн бүлгүүдийг нь унших дуртай болдог. Одоо бодоход хүүхдэд дүүрэн тексттэй ном уншуулснаас илүү үйл явдал нь хараад ойлгогдохуйц байх нь илүү сонирхол төрүүлдэг юм шиг санагддаг. Динзагийн тухайд түүхэн үйл явдлыг адал явдлаар өгүүлсэн байдаг нь маш сонирхолтой. Динза өөрөө маш эх оронч дүр. Тийм болохоор эх орноо хайрлах сэтгэл, үзэл бодлыг ч хөгжүүлдэг юм болов уу.
Харин номын худалдааны төвүүдээр явахад анзаарч байхад эцэг эхчүүд текст нь бага, зургаар яах юм гэж голж шилдэг нь дутагдалтай. Аль эсвэл хүүхдэдээ ийм бага тексттэй ном уншаад юу сурах вэ гэх мэт өөрийнхөө өнцгөөс харах хандлагатай байдаг. Гэтэл эсрэгээрээ тухайн хүүхдэд сөрөг нөлөөлж магадгүй.
Тиймээс тухайн хүүхдийн насанд нь өөрийн сонирхлыг нь татах номыг л уншуулах чухал болохоос адал явдал, тууж роман уншуулснаараа хүүхэд номонд дурладаггүй, унших чадвар нь дээшлэхгүй гэдгийг эцэг эхчүүд ялгаж салгаж ойлгоосой. Миний хувьд багадаа Динзагийн бүх бүлгийг уншиж дуусгасан бол саяхан Цондоолойгийн бүх бүлгийг уншиж дуусгалаа” гэв.
Түүний хувьд Динза болон Цондоолой, Цүндээлэй нь зөвхөн хүүхдийн ном биш эцэг эхчүүд ч бас хамт унших нь хүүхэдтэйгээ ярилцах сэдэвтэй болохоос гадна гэр бүлийн уур амьсгалыг ч халуун дулаан болгоно гэж зөвлөж байлаа.
Динза болон Цондоолой, Цүндээлэй бүтсэн түүх нь өөрөө эхийн хайраас ургаж өнөөдөр Монголын мянган, мянган хүүхдийн сэтгэлд хоногшсон өнөөдөр ч ширээнийх нь ном болж явна. Номын зохиолч А.Дэлгэржаргал хүүхдүүддээ үлгэр ярьж өгдөг, ном уншиж өгөхөөс л өнөөдрийн зохиолын баатрууд амилжээ.
Нөгөөтээгүүр, номын дэлгүүрт гадаад, дотоодын өчнөөн үлгэрийн ном, хүүхдийн сэдэвтэй ном байдаг ч Динза болон Цондоолой, Цүндээлэй яагаад алдартай байна вэ? гэхэд эцэг эхчүүдийн төлөөлөл үг сонголтоос авхуулад үйл явдлыг зургаар илэрхийлсэн байдал зэрэг нь анхаарал татдаг болохыг эцэг эхийн төлөөлөл ярьж байлаа.
УТАСНААС ИЛҮҮ НОМ ХҮҮХДИЙН СОНИРХЛЫГ НЬ ТАТАЖ БАЙНА
н.Мөнхнасан: Миний хувьд гурван хүүхэдтэй. Гэр бүлээрээ Динза болон Цондоолой, Цүндээлэйг уншаад ярилцахад маш сонирхолтой байдаг. Тогтмол уншигч нь байгаа. Манай хүүхдүүд утаснаас илүү номонд дуртай болсон.
Гэхдээ зарим өөр төрлийн зохиолын номыг манай хүүхдүүд уншихад анхаарал нь сарнидаг. Харин Динза болон Цондоолой, Цүндээлэйгийн тухайд утсаа үзэхгүй, номондоо дурлаж шимтэж уншдаг. Хүүхдүүдийн сонирхлыг утаснаас илүү татаж байгаад нь баяртай байгаа.
Эргээд хоорондоо ярилцах, үзэл бодлоо илэрхийлэх, уншсан зүйлээ бусдад ойлгуулдаг чадвартай болж байгаагаар ч үр дүнтэй байгаа юм. Хүн бүр л хүүхдээ ном уншуулж сургахыг хүсдэг. Гэхдээ яаж гэдэг арга нь тодорхой биш байдаг. Тийм болохоор Динза болон Цондоолой, Цүндээлэй л илүү үр дүнтэй.
20 настай Динза болон Цондоолой, Цүндээлэй ном нь төсөл хөтөлбөр болон хэрэгжиж байна. Энэ бол хүүхдийн хөгжил, төлөвшлийн цогц хөтөлбөр. Энэ хүрээнд “Багштайгаа ангиараа уншъя” ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний тод жишээ нь 84 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийнхан байлаа.
Мөн нийслэлийн алслагдсан бүс, гэр хороололд “Нэг гудамны уншигч найзууд” зорилтот хөтөлбөр ч хэрэгжээд эхэлжээ. Зөвхөн нийслэлээр зогсохгүй орон нутагт “номын сан анд найзууд” номын сангийн хөтөлбөр хэрэгжиж байна.
Энэ хөтөлбөрт 3 аймгийн 20 мянган уншигч багачууд, “Нисдэг Динзагийн агаары номын сан” уншлагын хөтөлбөрт 14087 хүүхэд байна. Эдгээр төсөл хөтөлбөрийн зорилго нь номоор дамжуулан хүүхдийг хөгжүүлэх.
ДИНЗА БОЛОН ЦОНДООЛОЙ, ЦҮНДЭЭЛЭЙ БАГА БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГАТАЙ ТОХИРЧ БАЙГААД УРАМТАЙ БАЙНА
Номын зохиолч А.Дэлгэржаргал: Цондоолой, Цүндээлэй мэндэлсэн цагаас хойш 20 жил өнгөрч байна. Энэ хугацаанд 1996 оноос хойш төрсөн хүүхдүүдийн ихэнх нь уншсан. Хэвлэгдсэн тоогоор харвал 2.3 сая хувь бол хэвлэмэл бүтээгдэхүүний хувьд сурах бичгээс ч илүү хэвлэгдсэн тоон үзүүлэлт гарч байна.
Бид анхны уншигч 2000 хүүхдийн дунд судалгаа явуулахад 3 хувь нь номоо худалдан авч уншсан бол 97 хувь нь номын сангаар уншсан. Тэгэхээр номын хэвлэгдсэн тооны цаана уншигдсан тоо маш их. Бид ном хэвлэгдсэн цагаас эхлэн хүүхдэд зориулсан, хүүхэд хөгжлийн маш олон арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн.
Ерөнхийдөө өнгөрсөн 20 жилийн хугацаанд сурган хүмүүжүүлэгч нар номыг сургалтын арга зүйдээ ашиглахад илүү үр дүн гардаг гэсэн санал гарч байсан. Иймээс илүү үр дүнтэй болгох зорилготойгоор хөтөлбөржүүлж багшийн ашиглах цаг буюу иргэний ёсзүй, Хүн ба нийгэм хичээлүүдэд ашигласан.
Бага боловсролын гол агуулга нь Монгол хүнийг бий болгоё гэдэг хөтөлбөр арга зүй болох боломжтой гэдэг нь хөтөлбөр арга зүй дээр харагдаж байгаа нь урамтай байна. Энэ хөтөлбөрийн нэг болох “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрт орсон хүүхдүүдийн үзэсгэлэнг гаргалаа.
Үүний зэрэгцээ олон нийтэд танилцуулах, боловсролын салбарынханд туршлагаасаа хуваалцах зорилготой өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна” гэсэн юм.