Хөдөлмөрийн зах зээл сэргэж байна. Ажилчдын тоо энэ оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 37.8 мянган хүнээр өссөн байна. Салбараар нь авч үзвэл, худалдаа, үйлчилгээ, уул уурхай, тээвэр, цахилгааны салбарт ажиллах хүний тоо өнгөрсөн оныхоос нэмэгджээ. Энэ салбарын идэвхжил бусад салбараас өндөр байсан нь эрэгтэй ажилчдын тоо өсөхөд нөлөөлсөн байна.
Тоон баримт харвал, энэ оны эхний улиралд эрэгтэй ажилчдын тоо өнгөрсөн оныхоос 32 мянган хүнээр нэмэгдэж 702 мянгад хүрчээ. Мөн эмэгтэй ажилчдын тоо 5.9 мянгаар нэмэгдэж 591 мянгад хүрсэн байна. Хөдөлмөрийн зах зээл сэргэхэд эдийн засгийн өсөлт нөлөөлжээ. Түүнчлэн энэ оны хагас жилийн байдлаар ажилгүйдлын түвшин 5.8 хувь болж буурсан байна. Өнгөрсөн жил 6.6 хувь байсан юм.