Д.Сүхбаатарын талбайгаас баруун хойш найман километр 400 метр явахад л Монгол Улсын иргэдийн амьдрал эрээнтэй байраантай, энхэл донхол байгааг харж болно.
Цас бурганаж, үүлэн сүүдэр хаа сайгүй алаг тарлантсан энэ өдөр Улаанчулуутын хогийн цэгийг зорилоо. Улаанбаатараас гарсан олон төрлийн хогийг овойж оцойтлоо ачсан хово машинууд тоос татуулан цувж, овоолсон хогон дээр хэрээ сандайлан суухаас авхуулаад энэ газрын дүр зураг эмх замбараагүй хар бараантана. Яайжгий сандал, тартагтаа тулсан угаалгын машин, урагдсан гутал, машины гүпр, лааз гээд энд элдэв төрлийн хог хаягдал хөлөөр нэг хөглөрнө. Бидэнд хог мэт санагддаг энэ зүйл олон хүний амьдралыг залгуулдаг “алт” ч болж хувирдаг байна.
Мэдээж цар тахал буурахгүй байгаа энэ үед хог дагасан амьдрал тусдаа нэгэн ертөнц болж хувирсныг харж болохоор байсан юм. Хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцэхгүй, эмч эмнэлгийн ажилчид дутмаг байгаа үед энэ хүмүүс хэрхэн аж төрж байгааг сурвалжиллаа.
Хог түүдэг хүмүүс хэмээн гадуурхагдаж эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ дорвитой ч хүртэж чаддаггүй хүмүүсийг энэ сурвалжилгадаа “Бидний нэг” хэмээн нэрийдье.
Эл газарт байгаа хүмүүсийг ойлгохдоо архичид голцуу байдаг хэмээн буруу ташаа боддог аж. Харин энд үр хүүхдээ сургах гэсэн, хоногийн хоолтой нь залгуулах гэсэн хүмүүс пургисан шар тоосон дунд өөрөөсөө ч том хоёр гурван том, том шуудай давхарлан үүрч нулимс гүйлгэнэсэн нүдээр эргэн тойрноо нэгжин харж олигтой мөнгө болчих хог хаягдлыг хайна.
Тиймдээ ч хог ачин ирж буулгах, машинуудыг тосон гүйлдэх нь аав ээжээ ажлаас нь ирэхэд амдан гүйлдэх жаахан хүүхдүүд шиг харагдлаа. Магадгүй тэдний ард ингэж тосон гүйлдэх бяцхан үрс хүлээгээд л сууж байдаг байх.
1.
Ингээд бид дараагийн машин хог иртэл амсхийж суугаа С тэй коронавирусийн цар тахал их байгаа үед эмч эмнэлгийн тусламж дэмжлэг хэр авч байгаа талаар лавлаж асуухад “Биднийг хэн ч анхаардаггүй. Байхгүй мэт...” хэмээн ярьж байсан юм.
Харин түүнийг ярьж байх хооронд хажуунаас нь “Бидний нэг” Г, “Яах вэ түргэн дуудахаар бол нэг юм ирдэг юм. Ирсэн хэд нь харин үхэж байсан ч тоохгүй дээ. Бараг үхээгүй байна уу. Үхэхээр нь цагдаа дуудчихгүй гэх нь л халаг байдаг юм. Нэг удаа бүр ухаан алдсан Т-г хөлөөрөө түлхэж байхыг нь ч би харсан. Байнга ийм шороо тоосонд ажиллахаар нүдний хараа муудна, хамар бол таг шүү дээ” хэмээн ярьсан юм. Гэхдээ тэд ярилцлага өгөхөөс эрс татгалзаж байсныг энд дурдъя.
Харин энэ хүмүүст хүрэх эмч эмнэлгийн үйлчилгээ тийм муу байна уу?
Энэ талаар тус хогийн цэгтэй хамгийн ойролцоо байх СХД-ийн 26-р хорооны “Эхэл Босго”-ӨЭМТ-ийн эмч Х.Бадамсэдээс асууж тодруулахад, “Энэ хүмүүс дунд бүртгэл мэдээлэлгүй хүмүүс ч олон байдаг. Халдвар хамгааллын дэглэм бол байхгүй гэж хэлж болно. Яг халдвар авчихаад эмнэлэг бараадаж ирэхээс айдаг хүмүүс байхгүй юу. Манай өрхийн эмнэлгээс байгаа хэдэн тестээ гаргаад очиж шинжилгээ авах ч үе байдаг. Заримдаа өрөвдөөд өөрийнхөө мөнгөөр тест аваад шинжилгээ авсан тохиолдол ч байна. Цаашлаад манай өрхийн эмнэлгээс дөрвөн эмч ажлаасаа гарсан. Бид аль болох хүрэлцэх чадах хэмжээндээ л зүтгэж байна” гэдгээ хэллээ.
2.
Энд ганцхан нэг дүүрэг, нэг хороо гэлтгүй орон нутгийн иргэд ч мөн адил байдаг юм байна. Тиймээс тэдэн дунд бүртгэлгүй иргэд ч мэр сэр байлаа. Орос, Унгар Улсад эдийн засгийн мэргэжлээр боловсрол эзэмшсэн, жолооч, багш, барилгын дотоод засал чимэглэлчин, инженер гэх мэт олон мэргэжил боловсролтой газар газраас ирсэн “Бидний нэг”-үүд байсан юм.
Бид хот тохижилт хөгжлийн газраас тус цэгт хог асгаж буй машинуудыг хаа хамаагүй хог асгуулахгүй байхыг хянаж зохицуулдаг эмэгтэйтэй уулзаж ярилцахад энэ газар хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байгаа талаараа хэлсэн юм. Тэрбээр “Эгч нь энэ газар хоёр жил гарангийн хугацаанд ажиллаж байна. Анх өнөөдрийнхөөс цөөхөн хүмүүс байдаг байлаа. Одоо энэ хүмүүсийн тоо улам л олон болоод байгаа юм. Эд нар нэг их муу хүмүүс бол биш ээ. Хааяа олсон юмаа булаацалдаж зодоон цохион болдог тал ажиглагддаг. Энд 80 настай эмээгээс авхуулаад 16 настай хүүхдүүд ч байгаа. Ер нь өдөр болгон л шинэ шинэ хүмүүс харагдаад байх болсон” хэмээн ярилаа.
Энд амьдарч байгаа хүмүүсийн хувьд хог түүж байгаа гэж хэлүүлэх дургүй. Харин энд ажиллаж байна, ажилдаа гарлаа хэмээн ярих нь зүйтэй гэдгийг хэлж байсан юм.
Эл газрын хамгийн залуу иргэн Б-г яагаад хогон дээр ийнхүү ажиллах болсон шалтгааныг асуухад “Барилга дээр ажиллахаар цалингаа өгдөггүй "мурьдаг". Тэгж муриулж хөдөлмөрөө шулуулж байхын оронд өөрөө хогоо цуглуулаад цааш нь зарж мөнгөө гар дээрээ авах нь илүү үр дүнтэй байдаг гэсэн бол 45 настай эмэгтэй Г-ийн хувьд “40-өөс дээш насныханыг ажил авдаггүй шүү дээ, авсан ч хоолны газрууд нэлээд хэд хоног дагалдан хийлгэж байгаад цалин ч үгүй, царай ч үгүй хөөгөөд явуулдаг тиймээс л бид энд ирдэг” гэдгээ хэллээ.
ЖИШЭЭ: Улаанчулуутын цэг дээр ажилладаг иргэд зөвхөн нэг хорооноос л гэхэд ийм байна,
Улаанчулуутад ажилладаг СБД-ийн 36-р хорооны хүмүүсийн
Нас 26-68
Боловсролын байдал бүрэн дунд 16, суурь 7, боловсролгүй 2
Мэргэжилтэй 8, мэргэжилгүй 17 иргэн
Ам бүлийн байдал 2-7
Үүнээс харахад, Монгол Улсын ажилгүйдэл, ядуурал, үнийн хөөрөгдөл жилээс жилд нэмэгдэж Улаанчулуутын хогийн цэгээс амь, амьдралаа болгох айл өрх олон болж байна. Ийм асуудлуудтай хатуу тэмцэхгүй бол өдөр хоногийг давахын тулд зүсэм талхаа үр хүүхдэдээ хувиарлан өгч, ойр орчмынхоо дэлгүүрээс төмс ширхэглэх, гурил, будаагаа граммлах, цаашлаад хэрзийтэл шулсан яснаас шөл гаргаж идэх төдий амьдралаа зогоох иргэд нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал болж байна. Улаанчулуутын хогийн цэгийг тойрсон асуудлууд үүгээр дуусахгүй. Хэдэн бор төгрөгийн төлөө амь наана тэмцэж хүчирхийлэлд өртөж, зодуулж, нүдүүлж, хэл амаар доромжлуулж яваа эмэгтэйчүүд ч байна. Төрийн байгууллагуудын үнэнээс тэнгэр шиг хол зөрүүтэй судалгаа, шийдвэр гаргагчдын амьдралтай нийцдэггүй тушаал шийдвэрүүдийн балгаар энд ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж дагаад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй ийм иргэд олширсоор байна.
Сурвалжилсан: Х.Умаахан