Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батнайрамдал: Боловсролын зээлийн сангаас 120 тэрбумын зөрчил илэрсэн ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаныг ойлгохгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 58 секунд

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсөв 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хорооны дэд дарга Д.Батбаяр танилцуулга хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан дээр асуулт асуухад мөнгөн хөрөнгө өнгөрсөн оны сүүлээр 12 их наяд төгрөг байгаа юм. Энэ мөнгөний хэдэн хувь нь Монголбанканд, хэчнээн хувь нь арилжааны банканд байршиж байна вэ?

Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Тавинжил: Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангаар илэрхийлэгдсэн 12 их наяд төгрөгийн 4,5 орчим их наяд төгрөг нь Монголбанканд байршиж байгаа. Энэ бол улсын төсвийн орлого болон төсөвт байгууллагуудын үлдэгдлээс бүрддэг. Төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдэл байгаа. Тэгэхээр энэ нь 35 орчим хувь нь Монголбанканд байршиж байна гэсэн үг. Үлдсэн 7,6 нь төрийн өмчит компаниуд, харьяа улсын үйлдвэрүүдийн газруудын арилжааны банканд харилцах дансны үлдэгдэл байгаа. Энэ бол "Эрдэнэт" ТӨҮГ, "Эрдэнэс Тавантолгой" ХК зэрэг томоохон компаниудын мөнгөн хөрөнгө далайцтай хэсгийг эзэлж байна.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ МӨНГИЙГ МОНГОЛБАНКАНД "ТҮГЖИХ" ШААРДЛАГАТАЙ ЮУ?

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд тодруулга авахдаа: Төсвийн 4,5 их наяд төгрөгийг арилжааны банканд байршуулсан бол энэ мөнгийг банк цааш нь тодорхой хувийг нь зээлэх байхгүй юу. Тухайн зээлээр авсан арилжааны банк орлого олно. Нөгөө талд зээлийг ашигласан аж ахуйн нэгж нь орлого олно. Тэгэхээр төсөвт төвлөрүүлэх татварын орлого нэмэгдэх боломжтой. Заавал бизнес эрхлэгчдийг дэмжих боломжтой эх үүсвэрийг төв банканд байршуулах нь буруу юм бишүү гэсэн саналтай байгаа юм.

Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Тавинжил: Нэмэлт хариулт өгье. Засгийн газрын төрийн сангийн тогтолцоог 2002 онд нэвтрүүлснээс хойш бүх төсөвт байгууллагууд Монгол Улсын төсвийг төв банкны нэгдсэн дансанд байршлуулж төлбөр тооцоог хийдэг. Үүнийг дагаад Засгийн газрын санхүүгийн удирдлага, мэдээллийн системийг нэвтрүүлсэн бөгөөд бүх төсвийн байгууллагууд улсын төсвийн зарлага, санхүүжилт, гүйлгээг хийдэг тогтолцоог хийдэг. Энэ нь Монгол Улсын 330 сум, 21 аймаг, 9 дүүрэг, зарим яам агентлагт цахимаар улсын төсвийн санхүүжилт зарлагын гүйлгээг хийдэг. Үүний гол улсын нэгдсэн данс нь Төвбанканд байдаг гэлээ.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭР 120 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН БАЙНА

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Миний асуулт боловсролын салбартай холбоотой. 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан дээр 137 төрийн өмчит хуулийн этгээдээр, тэр дундаа 109 байгууллагад санхүүгийн нэгдсэн дүгнэлт тайлан гарсан. Үүнээс нь 38 нь хязгаарлалттай дүгнэлт гарсан. Нэг үгээр хэлбэл, 1/3 нь асуудалтай. 38 дотор боловсролын салбарт Монголын хамгийн том төрийн өмчит сургуулиуд багтжээ. МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, ХААИС энэ таван их дээд сургуульд нийт 50 мянган оюутан суралцдаг. Энэ нь улсын хэмжээнд их дээд сургуульд суралцаж буй нийт оюутны 40 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь асуудалтай. Ер нь санхүүгийн тайланд хязгаарлалттай дүгнэлт гарч байгаа бол менежментийн асуудал шууд яригдаж байна гэсэн үг. 50 мянган оюутны ард дахиад бараг 100 мянга гаруй аав ээж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нь төлөх мөнгөө зарж байгаа. Төрийн өмчийн сургуулиудад менежментийн том реформ хийх юм уу. Хоёрт, Засгийн газрын 22 тусгай сан байна. Энэ тусгай сангуудаас 20д нь аудит хийгджээ. Нөгөө л алдарт боловсролын зээлийн сан. Энэ удаагийн аудитын дүгнэлтэд 120 тэрбумын зөрчил гарчээ. Сонирхолтой нь 120 тэрбум төгрөгийн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, найдваргүй болох эрсдэлтэй гэсэн байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөөр зээл авчихаад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдгийг хэзээ ч ойлгохгүй юм байна. Хаанбанкнаас бид зээл авахад хэзээ ч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусна гэж байдаггүй шүү дээ. Загджав даргын дүгнэлтэд ноцтой асуудал хөндөгдсөн. Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцахаар зээл авсан нь хэзээ ч төлөгдөж байгаагүй. Үүнээс 147 хүүхэдтэй холбогдож чадаагүй. Тэгэхээр энэ байдлыг яах вэ. Яагаад төв банканд нэрс нь өгөгдөхгүй байна вэ. Гэтэл дотоодод ардын хүүхдүүд нь алалцаж байж авсан 4 сая төгрөгийн зээлийг төлөхгүй бол Монголбанкны саарал жагсаалтад бичигдэж дипломоо ч хураалгадаг.

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хорооны дэд дарга Д.Батбаяр: Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, аудитын дүгнэлтийг арга хэмжээ болгодоггүй асуудал ужгирсан юм билээ. Тэр ч байтугай өнгөрсөн парламентын үед арга хэмжээ тооцуулахаар сөрөг болон хязгаарлалттай дүгнэлт авсан албан хаагчдад арга хэмжээ авхуулахаар Төсвийн зарлагын хорооноос Ерөнхий сайдад хүртэл хаяглаж явуулж байсан. Харамсалтай нь, энэ албан бичгийн хариуг заасан хугацаанд нь хүргүүлээгүй, арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй. Үеийн үед хариуцлага тооцохгүй явсан юм билээ. Цаашид энэ асуудлыг ч анхаарах ёстой. Шаардлагатай тохиолдолд УИХ-д тогтоол гаргуулахаар хүргүүлнэ.

Хамтарсан Засгийн газрын 22 сайдын төсөв 61 тэрбумаас  5 их наядын хооронд байна
Хамтарсан Засгийн газрын 22 сайдын төсөв 61 тэрбумаас 5 их наядын хооронд байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.