Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СПОРТЫН СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.Золзаяа: Олимпын өмнө баг, тамирчдыг онгоцонд суутал бид хамт байсан. “Квот” байхгүй гээд олимпод очиж чадсангүй

Ангилал
Нийгэм Спорт Ярилцлага
Огноо
Унших
9 минут 4 секунд

“Парис-2024” зуны XXXIII олимпын наадам ид үргэлжилж байна. Харин энэ удаагийн олимпын наадамд Монгол Улсын баг, тамирчид сэтгэл зүйч, хоол зүйчгүй явсан гэх мэдээлэл гарсан нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Тэгвэл энэ талаар Монголын Спортын сэтгэл судлаачдын холбооны сэтгэл зүйч Б.Золзаяатай ярилцлаа.

-Энэ удаагийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн тамирчин Б.Баасанхүү эх орондоо ирэх үеэрээ “Сэтгэл зүйч, хоол зүйчгүй явсан. Шаардлагатай үед цахимаар холбогдож байсан” гэж ярьсан нь олны анхаарлыг татаад байна. Эхлээд энэ асуудал дээр таны байр суурийг сонсъё?

-Өнгөрсөн Токиогийн олимпод албан ёсоор БТСУХ болон Эрдэм шинжилгээний анагаах ухааны төв таван сэтгэл зүйч ажиллуулсан. Мөн манай Спортын сэтгэл судлаачдын холбооноос гурван сэтгэл зүйч спортын 4-5 төрөлд спортын сэтгэл зүйн чиглэлээрээ ажилласан байдаг. Харин энэ удаагийн Парисын олимпод Эрдэм шинжилгээ, анагаах ухааны төв, БТСУХ, шигшээ баг хамтарч “Дэмжих баг”-ийг ажиллуулсан. Тодруулж яривал, судалгааны чиглэлээр өнгөрсөн оны есдүгээр сараас эхлээд арванхоёрдугаар сар хүртэл ажиллаад, улмаар олимпын эрх авах гэж буй 300 гаруй тамирчинтай ажилласан юм.

Үүний дараа энэ оны тавдугаар сараас олимпын эрх авсан 33 тамирчинтай өөрсдийнх нь хүсэлтийн дагуу багш, дасгалжуулагчтай нь яриад, хамтдаа ажилласан.

Харин сүүлийн үед олны анхааралд хүрсэн сэтгэл зүйчийн асуудалд миний байр суурь бол асуудлыг илүү шинжлэх ухаанч байдлаас хараасай гэж үзэж байна. Уг асуудал анхаарлын төвд байна гэдэг нь дараа дараагийн ажлуудад эхнээс нь төлөвлөж төсөвлөх шаардлагатай байгааг харуулж байна. Нөгөө талдаа тамирчин маань “Олимпод явах хүртэл сэтгэл зүйч ажилласан” гэж байгаа нь маш том давуу тал юм. Одоо ч олимп үргэлжилж байна. Чөлөөт бөхийн тамирчид маань, тун удахгүй М.Анхцэцэг маань хүндийн өргөлтөө хийнэ. Тэгэхээр спорт маань ид өрнөж байгаа цаг үед “Хоол зүйч, сэтгэл зүйч цахимаар ажиллаж байна” гэдгийг хүмүүс маш их ярьж байна л даа. Тиймээс дараа дараагийн тэмцээн уралдаан, ялангуяа спортын ноён оргил олимпод эртнээс төлөвлөж ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгох ёстой. Бидний хамтын ажиллагаа ч чухал.

Спортын сэтгэл зүйч нар явснаараа мэдээж сайн үр дүн гарна. Харин тамирчдын хажууд нь байж чадаагүй учраас амжилтад сөргөөр нөлөөлж байна гэж ярих нэг хэсэг байна. Энэ удаагийн олимпын наадам эхлэхийн өмнө баг, тамирчдыг онгоцонд суун суутал сэтгэл зүйчид хамт байсан. Үүний үр дүн тодорхой хэмжээнд гарсан. Хэрвээ тэмцээний явцад тамирчдынхаа хажууд байсан бол илүү өндөр үр дүн гарах байсан байх.

-Шаардлагатай тохиолдолд тамирчидтай цахимаар холбогдож, заавар зөвлөгөө өгч байгаа гэсэн. Цахимаар холбогдох, биечилж ажиллахын хооронд ялгаатай биз?

-Нэгдүгээрт, спортын төрөл, тамирчин бүхэн өөр. Гэхдээ биечилж байх ажлыг онлайн буюу зайнаас ажиллахтай харьцуулашгүй. Ер нь сэтгэл зүйчийн хийдэг гол ажил нь юу юм бэ гэхээр ажиглах, харах, ярилцах гээд мэдрэмжийн тухай асуудал.

Цахимаар холбогдож байгаа нөхцөлд Парисын олимпод боломж ямар байгааг бид мэдэхгүй. Жишээлбэл, хэн нэгэн тамирчин яг одоо үүсээд буй бодол санаагаа гаргая гэхээр хязгаарлагдмал нөхцөл үүсэх боломжтой. Гэхдээ бид бүхий л боломжоо ашиглан ажиллаж байна. Үүнийг маань үнэлж хараасай гэж хүсэж байгаа. Харин “квот” байхгүй гэдэг шалтгаанаар бид олимпод очиж чадсангүй.

-Тамирчдыг Парис руу явтал хамт байсан гэлээ. Тухайн үед тамирчдад сэтгэл зүйн ямар асуудал их тулгарч байсан бол?

-Олимп бол техник, тактикийн хувьд тамирчдын өрсөлдөх талбар шүү дээ. Тэгэхээр өндөр зэргийн хэмжээнд очихын тулд маш их хугацаа ордог. Дор хаяж 7-оос дээш жилийн туршлагатай тамирчид оролцож байгаа. Тиймээс анх удаа оролцож байгаа ч гэсэн сэтгэл зүйн болон биеийн тактикаа боловсруулсан туршлага асар их бий. Ер нь сэтгэл судлалын шинжлэх ухаан бол эрсдэлт нөхцөл байдалд бие сэтгэлээ хэрхэн удирдах вэ гэдэгт илүү төвлөрч ажилладаг.

Мэдээж, эх орондоо байгаа үед тамирчид харьцангуй тайван байдаг. Харин тэмцээнд явахаас 14 хоног, магадгүй нэг сарын өмнө сөрөг зүйл рүү харьцангуй орохгүй үе шат нь байдаг. Өөрөөр хэлбэл, тэмцээн уралдаандаа харьцангуй тайван очиж байна гэсэн үг.

-Тамирчин бүрийн онцлогоос шалтгаалж техникүүдийг зааж сургаж байгаа-

-Жүдо бөхөөр жишээ татвал, дөнгөж эхний барилдаандаа гарах болон медалийн төлөөх барилдаанд гарахын хооронд сэтгэл зүйн ялгаа бий байх. Медалийн төлөө барилдахад тамирчдад сэтгэл зүйн ямар асуудал үүсдэг бол?

-Спортын сэтгэл зүйн маш олон техник байдаг. Мэргэжлийн өндөр зэрэгт өрсөлдөж буй тамирчид 20-35 орчим сэтгэл зүйн техник буюу ур чадвар эзэмшсэн байдаг. Бид энэ олимпын циклд спортын төрлөөс хамаарч судалгааны ажилтайгаа уялдуулаад, хөгжүүлэх талаа олж харсан. Тамирчин бүрийн онцлогоос шалтгаалж техникүүдийг зааж сургаж байгаа.

Хэрвээ урьдчилж хараагүй нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдэг дээр төвлөрөх, тайван байдлаа хадгалах магадгүй зарим тамирчдад сандрах нь сайн зүйл байдаг. Тэгэхээр спортын сэтгэл зүйд тэр нь сайн, энэ нь муу гэсэн зүйл байдаггүй.

Мөн өөр нэг зүйлийг онцлоход, тамирчин дасгалжуулагч хоёрын харилцаа маш чухал. Тамирчин бүр өөрийн гэсэн онцлогтой учраас хэрэглэж буй аргууд маань харилцан адилгүй. Хамгийн гол хоёр техник нь юу вэ гэхээр төвлөрөх болон төвлөрөх чадвараа хадгалах, бие сэтгэлийн бэлэн байдлаа хадгалах аргууд дээр нь нэлээн ажилласан.

Миний хувьд тав дахь олимпдоо спортын сэтгэл зүйчээр ажиллаж байна. Энэ удаагийн олимпод манай тамирчид сэтгэл зүйн хувьд нарийн чадваруудыг харьцангуй сайн сураад очсон гэдгийг хэлье.

-Ард түмэн маань тамирчдынхаа сэтгэл зүйг дэмжээрэй-

-Тамирчин бүхэн ялж, амжилт гаргана гэж л олимп болон бусад тэмцээнд оролцдог. Гэвч тодорхой шалтгааны улмаас хүссэн амжилтаа гаргаж чадалгүйгээр дэвжээнээс буух тохиолдол байдаг шүү дээ. Зарим хүмүүс ч ялагдсан тамирчныг шүүмжилж, доромжлох үе бий. Тухайн тамирчны сэтгэл зүй ямар байдаг бол?

-Жүдогийн дасгалжуулагч Х.Болдбаатар багш “Монголчуудын маань өгч буй урам зориг, дэмжлэг бол хамгийн том сэтгэл зүй” гээд ярьж байсан. Бодоод үзэхээр маш чухал зүйлийг хөндсөн байгаа юм. Бид ч тамирчдаасаа өндөр амжилт хүсдэг, тэд ч өндөр амжилт үзүүлэхийг хичээдэг. Тэгэхээр үүнд юу хэрэгтэй байна вэ гэхээр илүү шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандмаар байна. Ялагдаад буугаад ирж буй тамирчны сэтгэл зүйд маш их нөлөөтэй зүйл бол энэ.

Энэ удаагийн олимпод оролцож буй манай тамирчдын 70-80 хувь нь анх удаа оролцож байгаа юм. Тиймээс ард түмэн маань тамирчдынхаа сэтгэл зүйг дэмжээрэй, аливаа зүйлд бодитоор хандаасай гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Нямбаатар: 640 хүүхдийн сургууль барих газрыг дүйцүүлэн “Номинреолтор“ ХХК-д Нисэх орчимд газар эзэмшүүлнэ
Х.Нямбаатар: 640 хүүхдийн сургууль барих газрыг дүйцүүлэн “Номинреолтор“ ХХК-д Нисэх орчимд газар эзэмшүүлнэ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.