Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хотынхон шинэ шөлний эрэлд гарч, тарган хонь 250-350 мянган төгрөгөөр зарагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 12 секунд

Цаг наашилж цайны сүү ойртсон зуны дэлгэр цагт нийслэлчүүд шинэ шөл уухаар хотоос гарч байна. Махны үнийн өсөлтөд хамгийн эмзэг ханддаг иргэд халуун чулуу атгахад харин ч гар татахгүй. Өдийд малчдын халаас түнтийж, иргэд халаасаа шавхдаг наадмын “сезон”-ын үе. Иймд шөлний хонь, боодогны ямааны үнэ ханшийг сурвалжлахаар Тэрэлж рүү явах зам дагуу байрлах “Налайх дахь амьд малын зах”-аар орлоо. Улаанбаатарт малыг хөлөөр нь зарах зөвшөөрөлтэй хоёр цэг байдгийн нэг нь тус зах юм.

Эндээс Тэрэлж рүү гэр бүл, найз нөхөд, хамт олноороо зугаалж буй хүмүүс шөлний хонио авах нь нийтлэг. “Эмээлт” захтай харьцуулахад тус захад хүний хөл, төмөр хүлгийн цуваа бага, хашаа нь эл хуль байв. Хүн харуулдсан ченжүүд хашаагаар ормогц өөр бусдаасаа өрсөлдөн “Хонь аваарай” , “Хэдэн төгрөгт хонь сонирхож байна, бага зэрэг үнэ тохироод авч болно шүү”, “Тарган хонь байна шүү” гэх зэргээр “рекламдана”. Наадамчин олон наадмаа хүлээж хоног тоолсон энэ өдрүүдэд баярын сезон орж эхлээгүй байгаа бололтой.

Хорхогны хонь дунджаар 200-350 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх аж. Харин боодогны ямаа 180 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ бол наадам болохоос зургаа хоногийн өмнөх үнэ. Харин баярын үеэр үнэ хэлбэлзэхгүй байх гэж ченжүүд ярьж байлаа.

Тэдний зүгээс энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад малын тарга тэвээрэг сайн байгаа тул малчид үнээ буулгахын хэрээр ченжүүд дагаж үнээ хямдруулж байгаа аж.

Мөн “Эмээлт” захтай харьцуулахад үнийн хувьд хямд мөртлөө тарган хонь зарж байгаагаараа “онгиров”. Тэд хоорондоо,

-Баруун аймгийн хонь нь бие жижиг мөртлөө үнэтэй. Тарган эр хонь нь 350 мянган төгрөг мөртлөө манай төлөг шиг юм билээ...гэж инээв

-Арай л хэтрүүлж байна. Гэхдээ л баруун аймгийн хонь туранхай тарга тэвээрэг муу л даа. Манай зүүн аймгийн хонь тарган, авсан хүндээ ч гомдолгүй л дээ...гэлцэв.

Өвөл хаврыг арайхийн чанга давсан малчид хотноосоо шилж, сонгосон хэдэн хонио хот руу тууж, ачихыг нь ачиж захын хашаанд багтахгүй болтол эгнэжээ. Наадам болоход портер, портероор нь хонь, ямаагаа буулгах хүлээлт тэдэнд байна. Жил бүрийн өдийд хүнгүй байна”, “худалдан авалт муудсан өдөрт гуравхан хонь зарлаа” гэж муу амладаг малчид, худалдаачид энэ жил худалдан авалт сайн байгааг ч нуусангүй. Үдээс өмнө 10:00, 11:00 цаг гэхэд наймаа хагарч өдөр нь багадаа л долоон хонь зардаг бол орой нь хоосон ачаатай буцдаг гэнэ. Зарим орой 10 хонь, ямаатай буцна. Нэг портерт ихдээ 20 хонь, ямаа багтдаг байна. Ялангуяа Баасан гарагаас эхлээд амралтын өдрүүдэд тэд завгүй. Орой 22:00 цаг хүртэл хонио зарах нь нийтлэг аж.

ХОНИНЫ ТАРГА ТЭВЭЭРЭГ САЙН, ҮНЭ БУУРЧ БАЙНА

Тэдний төлөөлөл Д.Пүрэвдорж бол залуу үеийн төлөөлөл. Тэр хонь зараад долоо дахь жилийн нүүрээ үзэж байгаа аж. Түүний гар эвэршиж, бас шалбарсан нь амаргүй хүнд ажил болохыг нь илтгэнэ. Одоо зарж буй хонь, ямаагаа Дундговь аймгийн малчны хотоос очиж авдаг байна. Сүүлийн үед малчид өндөр үнэ хэлэх болсон нь олж буй өчүүхэн ашгаас нь хугаслах болсон гэдгийг ч нуусангүй. Гэсэн ч амралт, зугаалгын улирал эхэлсэн энэ үед өдөртөө 7-10 хонь зардаг тухайгаа хэлсэн. Бас хонины тарга тэвээрэг сайжрахын хэрээр үнэ буурч байгаа гэнэ.

Тэрбээр "Мал тарга тэвээрэгтэй байхын хэрээр үнэ буурдаг. Бид зарж буй хонио аль бол дундаж үнээр зарахыг л хичээнэ. Гэтэл хөдөөнийхөн ирээд үнээ унагадаг. Иймээс ханшаа дагаад л бид үнээ унагахаас өөр аргагүй болно. Хэдийгээр үнэ буурч байгаа ч худалдан авалт сайн байна. Наадмын сезон ороогүй ч нэг машинаас багадаа л таван хонь зарж байна. Баяр болохоор портер портероор нь буулгах байх. Ажлын өдрүүдэд хүн багатай, амралтын өдрүүдэд хүн ихтэй. Аялал зугаалгаар явж байгаа хүмүүс хорхог, шөлний хонио манайхаас авдаг. Ихэнх нь дунджаар 250-350 мянган төгрөгийн хооронд хонь авч байна гэлээ.

ХҮМҮҮС ТАРГАН ХОНЬ Л АВДАГ, БИД ХОРХОГ БОЛГОХОД БЭЛЭН БОЛГООД Л ЯВУУЛДАГ

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат малчин Ц.Баттулга 17 жил мал маллаж байна. Түүний хувьд зундаа Налайх дахь амьд малын зах дээр хонь, ямаагаа зардаг. Өдөртөө Д.Пүрэвдоржийн адил 10 гаруй хонь зардаг бол зарим үед хоосон ачаатай буцдаг байна. Энэ зуны хувьд одоо л зуншлага сайжирч, малын тарга тэвээрэг сайн болж байгааг хэлж байсан юм. Хүмүүсийн хувьд тарган хониноос гар татдаггүй болохыг ч ярьж байлаа. Тэрбээр,

-Өвөл, хавар чанга байлаа. Миний хувьд 300 гаруй малтай. Нийт 30 хувь нь хорогдсон. Зундаа энд ирж хэдэн малаа зардаг юм. Заримдаа өөрөө ирж амжихгүй бол хүн гуйж заруулах ч үе байна. Баасан гарагаас эхлээд л хүмүүс шөлний хонь асууж ирдэг болохоор зах 22:00 хүртэл ажиллана. Аялал зугаалгаар явж байгаа хүмүүс аль болох тарган хонь л авдаг. Би ч бас аль болох авсан өгсөндөө өлзийтэй байхаар тарган тэвээрэгтэйг нь сонгож, эндээс хорхог болоход бэлэн болгоод л өгч явуулдаг даа. Ер нь манай зүүн зүгийн хонь, ямаанууд тарга тэвээрэг сайтай, жин ихтэй. Эмээлт захаас ч хямд үнээр зардаг. Эмээлт бол бага жинтэй хонио өндөр үнээр зардаг юм билээ.

ЯМААНЫ МАХ СЭРҮҮН ЧАНАРЫН ТУЛ АЯН ЗАМД МУУДАХГҮЙ БАС ӨВЛИЙН МАХНЫ ХОРЫГ ТАЙЛДАГ

-Гэр бүлээрээ шинэ шөл уухаар хонины үнэ ханш сонирхож байна. Тэнгэрт хадсан үнэтэй ч биш дундаж л юм байна. Барагцаагаар 250 мянган төгрөгт хонь авах бодолтой. Гэхдээ наадмаар ямаа л боодог хийхэд сайхан байдаг юм даа. Аялал зугаалгаар явахад мах нь сэрүүн чанарын тул муудахгүй. Ер нь монголчууд зундаа ямааны мах хэрэглэж өвөл идсэн махны хороо тайлдаг учиртай гэлээ.

ШУУРХАЙ: АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, хамтарсан ЗГ-т орох эсэх асуудлыг хэлэлцэж байна
ШУУРХАЙ: АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, хамтарсан ЗГ-т орох эсэх асуудлыг хэлэлцэж байна
 
ЦЕГ: “Урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгч байна“ гэх машин нь ДХИС-ийнх байна
ЦЕГ: “Урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгч байна“ гэх машин нь ДХИС-ийнх байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.