УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ундрам, Д.Өнөрболор нарын ухуулагч, шадар туслахаар ажиллаж байсан хоёр иргэн нас барсан талаар мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас "Төв аймаг Баяндэлгэр сумын нутаг …. тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад зургаадугаар сарын 21-ний 04:54 цагт ирүүлжээ. Улмаар тус тоотод суух 62 настай эмэгтэй Ц нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Талийгаач эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан. "Төв аймгийн Сүмбэр сумын нутагт “боомилсон байдалтай нас барсан хүн байна" гэсэн мэдээллийг зургаадугаар сарын 20-ны 14:40-д ирүүлснийг шалгахад тус газарт оршин суух Р /эр.45н/ нь өөрийгөө боомилж нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар ар гэрийн шалтгааны улмаас амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон" гэх мэдээллийг өгсөн.
Мөн ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Пүрэвдэлгэр уг мэдээлэлтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад "Төв, Сэлэнгэ аймагт хүн нас барсан гэмт хэрэг бүртгэгдсэн нь үнэн. Гэхдээ нэр дэвшигчдийг ухуулагч байсан уу гэдгийг СЕХ-ноос авах нь зүйтэй" хэмээн хариуллаа.