Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Нямханд: 70 гарчхаад их сургуульд сурах амар байгаагүй. Тэтгэврийнхээ зээлийг авч сургалтынхаа төлбөрийг төлсөн

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
6 минут 1 секунд

73 насныхаа босгонд ХААИС-ийг Мал зүйч мэргэжлээр төгсөж, ромбо, дипломоо гардсан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн М.Нямханд гуайг UBN сайт онцолж байна. Тэрбээр сурахад хэзээ ч оройтохгүй, нас бол зүгээр л тоо гэдгийг батлан, өөрийн биеэр үлгэрлэсэн юм. Бид түүнтэй утсаар холбогдон сэтгэгдлийг нь тодруулж, цөөн хором ярилцлаа.

-Юун түрүүнд их сургуулиа амжилттай төгссөнд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Сургуулиа амжилттай төгсчхөөд одоо хөдөө гэртээ ирчихсэн байна.

-Та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу. Залуу насандаа ямар ажил хөдөлмөр эрхэлж байв. Яагаад их сургуульд суралцахаар шийдсэн талаар яриагаа эхэлье?

-Намайг Мэдэгмаа овогтой Нямханд гэдэг. Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг 1974 онд төгссөн. Дунд мэргэжлийн Мал зүйч хүн. 2013 онд тэтгэвэртээ гарсан. Охиныхоо ажилд туслах зорилгоор их сургуульд элсэж, эчнээгээр төгссөн. Миний охин бас мал зүйч мэргэжилтэй. Хар ямааны судалгаа хийдэг. Түүнд нь тус дэм болох зорилгоор сургуульд сурсан.

-Сурах шийдвэрийг тань гэрийнхэн нь яаж хүлээж авсан бол?

-Мэдээж маш их дэмжсэн. Хөдөө суманд мал малладаг хүнд Улаанбаатарт сургуульд сурах амар байгаагүй. Хүүхдүүд минь маш их дэмжиж, ирж, очих зардал мөнгийг минь шийддэг байсны хүчинд сургуулиа амжилттай төгсөж чадсан.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би долоон хүүхэдтэй. Таван охин, хоёр хүүтэй.

-Их сургуулиа төгсөөд ромбо, дипломоо аваад зогсож байх үед танд юу бодогдож байв?

-Хүнд харуулах бакалаврын зэргийн ромбо, дипломтой болчихлоо гэж бодоод л баярлаж зогссон. Залуу байхад сурах боломж олдоогүй. Өдий насандаа их сургуульд элсэж суралцана гэж зүүдлээ ч үгүй явсан болохоор Хөдөө аж ахуйн их сургуулийн хаалгаар алхаж орох бүртээ маш их баяр, бахдалыг мэдэрдэг байсан.

-Сургалтын төлбөрөөс эхлээд л олон асуудал тулгарч байсан байх. Та яаж шийдэж байв?

-Тэр мэдээж. Би 2.5 жил сурахдаа 4 сая гаруй төгрөгийн сургалтын төлбөр төлсөн байдаг. Энэ бүх төлбөрөө тэтгэврийнхээ зээлийг авч төлдөг байсан.

-Мал маллахын хажуугаар их сургуульд сурахад хүндрэлтэй зүйл байв уу. Та яаж зохицуулж байв?

-Хүндрэлтэй зүйл байлгүй яах вэ. Хот хөдөөгийн хооронд олон дахин явахаас эхлээд олон бэрхшээл тулгарсан. Гэр бүл, үр хүүхэд, ХААИС-ийн эрдэмтэн багш нарынхаа ач буянаар сургуулиа амжилттай төгсөж, 73 насныхаа босгонд ромбо, дипломоо гардаж авсандаа маш их баяртай байгаа.

-Залуу хүүхдүүдтэй энэ зэрэгцэж чадахгүй ч хол хоцорчихгүй юм сан гэж хичээсэн-

-Одоо эргээд бодоход хамгийн хэцүү санагдаж байсан зүйл нь юу байна?

-Хичээлдээ суухаар зарим хичээлээ ойлгохгүй байсан болохоор өөртөө жаахан гутарч явсан. Тэр л хамгийн хэцүү байсан санагдаж байна. Залуу байсан шигээ хурдан сэтгэж чадахаа больчихдог юм байна. Залуу хүүхдүүдтэй зэрэгцэж чадахгүй ч хол хоцорчихгүй юм сан гэж хичээсэн. 70 гарчихсан хөгшин хүн болохоор багш нар минь бас дэмжсэн байх гэж бодож баярлаж явдаг даа.

Тухайн үед бүх зүйл хэцүү шантармаар санагдаж байсан. Одоо эргээд бодоход хэцүү гэхээсээ илүү сонирхолтой байсан юм шиг санагдаж байна.

-Хамт сурч байсан оюутнууд нь танаар маш их бахархдаг байсан байх. Ер нь хандлага нь ямар байв?

-70 гарчхаад сургуульд сурч байна гээд явахаар залуу хүүхдүүдэд их содон харагдсан байх гэж боддог. Итгэж ядаад л дахин дахин асуудаг байсан. Гэхдээ бүгд маш их дэмжиж, "Та ямар мундаг юм бэ. Танаар бахархаж байна" гэдэг байсан.

-Та дипломоо ямар сэдвээр хамгаалсан бэ?

-Энэ жил эчнээгээр 8 хүн төгссөн. Би хар ямаагаараа дипломоо хамгаалсан.

-Хар ямааны судалгаа гэж их ярилаа. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгч болох уу?

-Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын хар ямаа гээд өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн ямаа манай суманд байдаг. Нарийн ширхэгтэй ноолууртайгаараа дэлхийд гайхагддаг. Хар зүсмийн хэр нь цагаан өнгийн ноолуур өгдөг. Өнөө жилийн байдлаар манай сумын хар ямааны ноолуур зах зээл дээр хамгийн үнэтэй борлуулагдаж байна. Энэ хар ямаагаа цаашид үүлдэр болгох зорилгоор манай охин хар ямааны судалгаа хийж, ажиллаж байгаа. Манай нөхөр бид хоёр судалгааных нь 20 хар ямааг малладаг малчин нь байгаа юм. Бүх юм нарийн зохион байгуулалттай явдаг. 9.00 цагт бэлчээгээд 17.00 цагт хотлуулаад 7 хоног тутам хэмжилт хийж, 14 хоног тутамд цусыг нь авна гээд их нарийн арчилгаа шаарддаг.

Ярилцсанд баярлалаа

НӨАТ-ын сугалааны 5-30 сая төгрөгийн 1 азтан тодорлоо
НӨАТ-ын сугалааны 5-30 сая төгрөгийн 1 азтан тодорлоо
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.