Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Нэхээд байсан нэгдсэн самбарыг нь нэвтрүүлсэн ч зарим нам, эвслүүд нь “үл тоож“, ухамсаргүй нөхдүүд нь зурагт хуудсуудыг гэмтээж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 20 секунд

"Арван самбар өнгөрөөд манай гэр бий" гэх маазрал урьд өмнөх сонгуулиудаар гардаг байв. Энэ нь хаа саагүй байршуулсан нэр дэвшигчдийн явган самбаруудаас үүдсэн яриа. Харин энэ удаагийн сонгуулиар манайхны эл хошгинол "Нэгдсэн самбар тавьчихаар чинь гэрээ яаж зааж өгөх юм бэ" гэдгээр солигдов.

Тодруулбал, энэ удаагийн сонгуулиар Сонгуулийн Ерөнхий хорооноос олон улсын жишигт байх нэгдсэн самбар гэх шийдлийг нэвтрүүлээд буй юм. Тус самбарыг байрлуулснаар сонгогч нэг дороос бүх нэр дэвшигчдийн мэдээллийг авах боломжтой бөгөөд зардал бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой талаар албаныхан онцолж байгаа. Сонгуулийн тухай хуульд заасанчлан нэр дэвшигчдийн зурагт хуудас байрлах нэгдсэн самбарыг суманд 2, аймгийн төвийн суманд 5, хороонд 4-ийг бэлтгэж, байрлуулах ажлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцахаар хуульчлагдсан.

Харин үүгээр дамжин гол ач холбогдлыг зардал мөнгөнөөс гадна иргэдийн амьдрах орчин нөхцөлд саад, төвөг учруулахаас сэргийлнэ гэдгээр харж болох талтай. Тиймдээ ч замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул саад учруулж болзошгүй байдлаар байрлуулахыг хоригложээ. Урьд бол гудамж талбайд нэр дэвшигчийн явган самбарыг эмх цэгцгүй, хэт олноор байршуулдаг байсан нь иргэдийг шүүмжлэлийг ихээр дагуулдаг байсан билээ.

Харин сонгуулийн сурталчилгаа эхэлсэн эл өдрүүдэд СЕХ нь нэгдсэн самбаруудаа байршуулаад бэлэн болгочихсон. Гэтэл тус самбарууд дээр зарим нам эвслийн нэр дэвшигчдийн нь зурагт хуудас, мэдээлэл нь өнөөдрийг хүртэл байршаагүй байгаа нь анхаарал татлаа. Тухайлбал, 120 нэр дэвшигчийн зураг хуудас байрлах боломжтой нэг самбар дээр 20 хүрэхгүй шахам хүний зураг хуудас байх аж.

-БАЙР СУУРЬ: Нэгдсэн самбарын талаарх таны бодол-

Харин иргэдээс нэгдсэн самбартай хэр зэрэг танилцаж, мэдээлэл авч байгаа талаар нь тодруулсан юм. Энэ үеэр иргэд нэгдсэн самбарын ач холбогдлын талаар дараах байр сууриудыг илэрхийлж байлаа.

-Нэгдсэн самбар байршуулах нь энд тэнд эмх цэгцгүй явган самбар ихээр босгож байснаас дээр болов уу -

Иргэн: Нэгдсэн самбар байршуулах нь энд тэнд эмх цэгцгүй явган самбар ихээр босгож байснаас дээр болов уу гэж харж байна. Нэгдсэн журмаар мэдээлэл өгч байгаа нь иргэдэд ч таатай шүү дээ. Нөгөөтэйгүүр бүх л нам, эвслийн нэр дэвшигчдийн мэдээллийг дан ганц сонин, сэтгүүлээс бус нэг дороос ингэж харах нь амар байна. Харин нэр дэвшигчдийн зурагт хуудсыг нь баллаж, сохлох нь байж болохгүй зүйл гэж иргэн хүнийхээ хувьд бодож байна. Тэгээд ч энэ хүмүүс чинь богино хугацаанд л өөрсдийгөө таниулж, сурталчилгаагаа олон хүнд хүргэхийг хүсэж байгаа шүү дээ.

-Нэгдсэн самбарууд харьцангуй цэгцтэй харагдаж байгаа ч иргэд тогтож зогсоод харах эсэхийг нь хэлж мэдэхгүй юм-

Иргэн: Миний хувьд нэгдсэн самбар байршуулж байгаад тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаа. Тогтож харах нь бага. Бусад орнуудаас жишгээс авч байгаа нь сайшаалтай. Бас өмнөх сонгуулийн сурталчилгааны үеэр гудамж талбайд жижиг самбарууд ихээр байршуулдаг шүү дээ. Үүнтэй харьцуулахад нэгдсэн самбар нь хамаагүй цэгцтэй ойлголт өгөхөөр байна. Гэхдээ тогтож харахын тухайд сайн хэлж мэдэхгүй юм.

-Энэ чинь л зардал мөнгө хэмнэнэ шүү дээ-

Иргэн: Нэгдсэн самбарт нэр дэвшиж буй хүмүүс бүгд л зурагт хуудсаа байршуулах ёстой байх. Сонгуулийн сурталчилгааны ажил эхлээд 10 гаруй хоног өнгөрсөн байна. Яагаад өнөөдрийг хүртэл нэр дэвшигчид нь мэдээллээ бүрэн гүйцэд байршуулаагүй байгааг гайхаж байна. Нэр дэвшигчдийн мэдээллийг нэг дороос өгөх зорилго тээж байгаа нь зөв. Гаднын улс орнуудад яг л ийм байдаг шүү дээ. Энэ чинь л зардал мөнгө хэмнэнэ шүү дээ.

-Нэгдсэн самбар дээр нэр дэвшигчдийнхээ зурагт хуудсыг байршуулах эсэх нь тухайн намуудын асуудал-

Нэгдсэн самбарын зохион байгуулалттай холбоотой асуудлыг аймаг, дүүрэг тус бүрийн Сонгуулийн хороо хариуцаж буй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн хэмжээнд байршуулсан нэгдсэн самбаруудын талаар тус дүүргийн Сонгуулийн хорооны гишүүн П.Булганмаагаас тодрууллаа.

-Энэ удаагийн сонгуульд шинээр нэвтрүүлэн ашиглаж буй нэгдсэн самбарын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор танай дүүргийн хэмжээнд хэчнээн нэгдсэн самбарыг байршуулаад байна вэ?

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нам эвслүүд хоёр янзаар сурталчилгаагаа хүргэх боломжтой байгаа. Нэгдүгээрт, зурагт хуудас. Хоёрдугаарт, нэгдсэн самбар дээр байршуулах зурагт хуудас гэсэн хоёр хэлбэрээр сонгуулийн сурталчилгаагаа иргэд сонгогчдод хүргэх боломжтой. Нэг хороонд дөрвөн ширхэг байршуулсан. Манай дүүрэг нь нийт 20 хороотой. Өөрөөр хэлбэл, нийт 80 ширхэг нэгдсэн самбарыг бэлтгэсэн байгаа. Нэгдсэн самбарт нам эвслүүд маань өөр өөрсдийн Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн дарааллынхаа дагуу нэр дэвшигч нарынхаа зурагт хуудсыг байршуулах ёстой юм. Үүнээс гадна дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн болон тохижилт бүхий 188 байршлыг дүүргийн ИТХ-аас тогтоож өгсөн. Эл 188 байршилд нам эвслүүд маань нэг хороонд 2-оос илүүгүй зурагт самбарыг байршуулах боломжгүй байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар нэгдсэн самбар нэлээн олон байршилд байрлаж, иргэдэд нэгдсэн журмаар мэдээлэл хүрч байгаагаараа онцлог болж байна.

-Сурталчилгаа эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Гэвч өнөөдрийн хүртэл тодорхой нам, эвслүүд нэгдсэн самбар дээр нэр дэвшигчийнхээ зурагт хуудсыг байршуулаагүй харагдана лээ. Ер нь энэхүү самбар нь иргэдийг мэдээллээ авахад зориулагдсан нэг шийдэл. Үүнд тодорхой төсөв хөрөнгө гарган бэлтгэж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талдаа нэр дэвшигчид маань ингэж хайнга хандаж байгаа явдалд иргэд шүүмжлэлтэй хандаж байна?

-Дүүргийн Сонгуулийн хорооноос сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө нам, эвслүүдтэй уулзаж, нэгдсэн самбар дээр хэрхэн яаж зурагт хуудсаа байршуулах талаар мэдээлэл өгсөн. Нэгдсэн самбар дээр зурагт хуудсаа байршуулах эсэх нь тухайн намуудын асуудал. Бидний хувьд самбарын аль хэсэгт тухайн нам эвслийн нэр дэвшигчийн зурагт хуудас байрлах вэ гэдгийг хэлж өгсөн.

-ДҮР ЗУРАГ: Нэр дэвшиж буй хэдийнхээ зурагт хуудсыг учир зүггүй баллаж сохлоод, урж тасдаад заримыг нь "хог" болгоод шидчихэж-

Нэгэн үе бусад орнуудын жишгийг дагаж нэгдсэн самбар хийх хэрэгтэй, хөлд хөглөрдөг явган самбаруудаа цэгцлэе хэмээн нийтээрээ давалгаалж байлаа. Энэ жилээс өнөөхийг нь нэвтрүүлэв. Гэвч нэгдсэн самбарт нэр дэвшигчдийн мэдээлэл байршиж эхэлснээс хойш нэгэн асуудал хөндөгдөх болсон нь зурагт хуудсыг нь урж, тасдаж гэмтэл учруулж буй асуудал байлаа.

Угтаа иргэд бид өөрийн сонголтоо сонгуулийн өдөр санал өгөх байранд очиж илэрхийлэх учиртай. Харин түүнээс урьтаад өөрсдийнхөө төлөөлөл болгож төрд илгээх хүмүүсийнхээ талаар хангалттай мэдээлэл авах нь чухал. Үүнд л нэгдсэн самбарын гол зорилго оршино. Гэвч 4-5 байршил дахь нэгдсэн самбар дээр очиход, бүгдэд нь нэгэн түгээмэл дүр зураг ажиглагдсан юм. Энэ бол нэр дэвшиж буй хэдийнхээ зурагт хуудсыг учир зүггүй баллаж сохлоод, урж тасдаад заримыг нь хуулж аваад хэдийнэ газарт "хог" болгоод шидчихэж.

-НЭР ДЭВШИГЧ: Сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд нэр дэвшигчид өөрийгөө таниулах нэг арга нь самбар байдаг юм шүү. Нэгэндээ хүндэтгэлтэй хандъя-

Энэ талаар зарим нэр дэвшигчид ч өөрийн байр суурийг илэрхийлсэн байсныг уншигч та бүхэн харсан байж болох. Тухайлбал,

-Нэр дэвшигч: Миний зургийг урж тасдаад, баллаж сохлоод хаячихаж. Харахад онцгүй л юм. Сонгуулийн сурталчилгааны богинохон хугацаанд нэр дэвшигчид өөрийгөө таниулах нэг арга нь самбар байдаг юм шүү. Нэгэндээ хүндэтгэлтэй, шударга, цэвэр өрсөлдье.

-Иргэн: Сонгуульдаа цэвэрхэн шударга оролцох өрсөлдөхийг уриалж байна. Нэр дэвшигчдийн нэгдсэн самбар дээр олон намын нэр дэвшигчид зурагаа наасан байсан. Гэтэл бүгдийг нь хуулж авахаас гадна машинаар мөргөж эвджээ. Ослоор самбар мөргөсөн байж болох ч ослоор бүгдийг нь хуулна гэж байхгүй. Цэвэрхэн шударга сонгууль явагдаасай.

-Нэр дэвшигчид зурагт хуудсанд нь гэмтэл учруулж буй асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулах боломжтой-

Тэгвэл сонгуулийн сурталчилгааны самбарт байршуулсан зурагт хуудсыг баллаж, сохолсон, урсан зэрэг асуудлууд дээр ямар зохицуулалт бий талаар Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны гишүүн П.Булганмаагаас тодруулахад "Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн зурагт хуудсанд гэмтэл учруулах, дээр нь элдэв янзын үг хэллэг бичиж доромжлох, баллаж, сохолсон зэрэг зөрчлүүд түгээмэл ажиглагдаж байгаа. Энэ зөрчлийг цагдаагийн байгууллагаас хянаж байна. Зөрчлийн тухай хуулиар цагдаагийн байгууллагад харьяалуулан, ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлүүлж байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн өргөдөл, гомдол байвал тухай нэр дэвшигч цагдаагийн байгууллагад хандах боломжтой гэсэн үг. Эхнээсээ өргөдөл гомдлоо барагдуулаад явж байгаа" гэлээ.

Нэр дэвшигчийн зурагт хуудсанд гэмтэл учруулсантай зэрэгцэн дахин шинээр сольж наах шаардлага үүснэ. Тэгвэл хуулийн хугацаанд зурагт хуудсаа хэчнээн удаа солих боломжтой вэ гэдэгт "Өөрийн хуваарьт байршил дээрээ зурагт хуудсаа хэдэн ч удаа сольж байршуулах боломжтой. Хуульд нэгдсэн самбарт зурагт хуудсаа байршуулна гэж заасан болохоос хэдэн удаа гэж хязгаарлалт тогтоосон зүйл байхүй" гэсэн юм.

-ХУУЛЬ: Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулахыг хориглоно-

Сонгуулийн тухай хуулийн 70.10-д Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулахыг хориглоно хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийн зурагт хуудас, самбарыг санаатайгаар гэмтээсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх аж.

Эсэргүүцэл байвал түүнийгээ өөрийн өгөх саналаараа илэрхийлж болно. Харин одоогийн нөхцөлд эл самбараас таниас гадна олон иргэд мэдээлэл авна гэдгийг ухамсарлах нь зүй ёсных биз ээ. Нөгөө талдаа сонгуулийн сурталчилгааны хугацаа богино. Залуу нэр дэвшигчид энэ хугацаанд иргэд сонгогчдод өөрсдийгөө танилцуулна гэдэг бол чанга ажил. Тиймээс нэр дэвшигчид болоод өөрсдийн мэдэх эрхийг хүндэтгэж, нэгдсэн самбарыг зөвхөн нэг дороос мэдээлэл авахдаа л ашиглах нь зүй

“Даймонд авч өгнө” гэх хуурамч зарын дагуу холбогдсон хүүхдүүдээс эцэг, эхийнх нь дансны мэдээллийг авч, мөнгийг нь залилжээ
“Даймонд авч өгнө” гэх хуурамч зарын дагуу холбогдсон хүүхдүүдээс эцэг, эхийнх нь дансны мэдээллийг авч, мөнгийг нь залилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.