Ес дэх удаагийн Улсын Их хурлын ээлжит сонгууль болоход ердөө 20 ч хүрэхгүй хоног үлдэж. Монголчууд анх удаа холимог тогтолцоотой шинэ парламентаа сонгох түүхэн чухал энэ цаг мөчид нам эвсэл, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байна. Ирэх дөрвөн жил тэднийг ямар дүрмийн дагуу “тоглох вэ” гэдгийг харах боломж нь энэ юм.
Нэг ёсондоо, мөрийн хөтөлбөр бол нэр дэвшигчдийн сонгогчдыг татах хуулиар олж авсан эрх. Харамсалтай нь манайд мөрийн хөтөлбөрт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Үнэндээ нэр дэвшигч нь ч тэр, иргэд ч тэр өнгөрсөн удаагийн сонгуулийн циклүүдэд мөрийн хөтөлбөрт ямар амлалт өгснийг мартчихсан тууж яваа.
Өнгөрсөн найман удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд хамгийн их давтагдсан атал уриа лоозонгийн шинжтэй болсон амлалтуудыг бид цувралаар бэлтгэн хүргэж байна.
------------------------------
-ӨРХИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЖ ЧИНЭЭЛЭГ ДАВХАРГЫГ БИЙ БОЛГОНО ГЭЖ АМЛАСАН Ч ЯДУУРЛЫН АНГАЛ УЛАМ ГҮНЗГИЙРЭВ-
Улс төрийн нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт багтсан мөрөөдлийн жагсаалтын нэн тэргүүнд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр нэмж, ядуурлыг бууруулах бас арилгах. Энэ талаар 1992 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаснаас хойш 31 жил өнгөрч байна. Харин эрх баригчид ядуурлыг тэглэх том амбицтай ч бодит байдал дээр уриа лоозонгийн шинжтэй л болжээ. Бодит байдал дээр иргэдийн ихэнх нь ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр амьдарч байна. 3.6 сая гаруй хүн амынх нь тэн хагас болох 1.2 сая иргэн ядуу болохыг эрх баригчид өөрсдөө ч дуугарсан. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр ядуурлын түвшин 2022 оны байдлаар 27.1 хувьтай гарч байлаа. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд ядуурлын шугам хамгийн ихдээ 21 хувьд хүрч байжээ.
-ТЭД ЯМАР АМЛАЛТ ӨГЧ БАЙВ: МАН ӨРХИЙН ОРЛОГЫГ НЭМЖ АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ТУХАЙ 6 УДАА АМЛАЖЭЭ-
1992 оны зургаадугаар сарын 28-ны УИХ-ын сонгуулийн дүнгээр МАХН УИХ-д 70 суудалтай, харин 31.1 хувийн санал авсан Ардчилсан нам 5 суудалтай болж байв. Энэ сонгуульд найман нам хоёр эвслээс нийт 293 нэр дэвшигч сонгуульд өрсөлдсөн. Харин нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт хамгийн их давтагдсан амлалтуудын нэг нь “иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлнэ” гэжээ.
Жишээ нь, 1996 оны сонгуульд 5 намын мөрийн хөтөлбөрт “цалин тэтгэврийг нэмж ажилгүйдэл ядуурлыг арилгана” гэж тусгажээ. Тодруулбал,
1996 ОНЫ СОНГУУЛЬД:
Монголын Ажилчны Нам мөрийн хөтөлбөртөө,
- Ажилгүйдлыг багасгаж 60 хувь буюу 180 мянган хүнийг ажлын байртай болгоно
Монголын Ардчилсан Сэргэн Мандалын Нам мөрийн хөтөлбөртөө,
- 3.2 Цалин, тэтгэвэр оюутны тэтгэлгийн доод хэмжээг амьжиргааны өртгийн доод хэмжээнээс багагүйгээр тогтоож үнийн өсөлтийн 1 хувь тутамд 0.8 хувиас доошгүйгээр улирал тутам нэмэгдүүлнэ. Тэтгэврийг оны ялгаатай тогтоосон одоогийн гажуудлыг шууд арилгаж, дээд түвшинд нь жигдрүүлнэ. Тэтгэврийн бодит хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, индексжүүлнэ.
Монголын Үндэсний Эв Нэгдлийн Нам
- Ажилгүйдэл, ядуурлыг арилгана /Удирдлагын зардлыг бууруулж хувийн үйлдвэрлэлийг дэмжсэн эдийн засгийн бодлого явуулж, цалин хангамж, ахмад настнуудын тэтгэврийг 5-10 дахин нэмж нийгмийн ядуурал, ажилгүйдлыг бүрэн арилгана /
Монголын Хөрөнгөтний Нам
- Бид мөнгө амлахгүй. Харин ажлын байраар хангаж чөлөөт сэтгэн бодох, бүтээн туурвих, хөдөлмөрийн амт шимтээ мэдрэх боломж олгоно
Монголын Уламжлалын Нэгдсэн Нам
- МУНН-ын нийгмийн бодлогын үндэс нь иргэн бүрт аж амьдралаа дархлах өргөн бололцоо олгох явдал гэж үзнэ.
Мөн 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 оны сонгуульд дээрхтэй утга ижил цалинг нэмэх, ядуурлыг бууруулах амлалтуудыг өгсөн байдаг. Он оноор нь эргэн харвал,
Жишээ нь, өнөөдрийн Ардчилсан нам нь 2000 оны 12 сарын 6-нд Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн 6 хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан түүхтэй.
Эдгээр намууд 2000 онд мөрийн хөтөлбөртөө “Үнийн өсөлттэй уялдуулан хүн амын орлогыг нэмэгдүүлнэ”, “хүн ард элбэг хангалуун аж төрөх нөхцлийг бүрдүүлэх”, “ядуурлыг бууруулж хөдөлмөр эрхлэлттэй нягт холбох” энэ мэтээр утга агуулга ижил нэг зорилгыг дэвшүүлж байж.
ХООСОН АМЛАЛТ
2004 ОНЫ СОНГУУЛЬД: 7 нам 1 эвсэл мөрийн хөтөлбөрөө танилцуулж байж. Үүнээс сонгогчдын 44.8 хувийн санал авч Их хуралд 36 суудал авсан МАХН “Таны төлөө тантай хамт” уриатайгаар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлжээ. Тус намын мөрийн хөтөлбөрт,
- Ядуурлыг бууруулах, иргэдийн орлогыг тогтвортой болгох, өсгөх зорилгоор ажлын байрыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч 145.000 ажлын байр шинээр бий болгоно.
2008 ОНЫ СОНГУУЛЬД: 12 нам, 1 эвсэл мөрийн хөтөлбөр танилцуулж байв. Сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАХН УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан Ардчилсан нам 28 суудалтай болсон байдаг.
Сонгуульд ялалт байгуулсан МАХН мөрийн хөтөлбөртөө,
- Иргэн бүр тогтвортой орлоготой байх эдийн засгийн орчин бүрдүүлж, 2012 онд дундаж өрхийн сарын орлогыг нэг сая төгрөгөөс дээш болгох боломжийг хангана.
Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө,
- Амьжиргааны баталгаажих доод түвшин гэх ойлголтыг аажмаар халж, дундаж орлоготой өрхийн тоог нийт өрхийн 60-аас дээш хувь хүртэл нэмэгдүүлнэ.
- Айл өрх нэг бүрээс доод тал нь ажилгүй байгаа нэг хүнийг мэргэшүүлж ажилтай болгоно.
- Бид амандаа хоолгүй нэгнээ амин зуулгатай залгуулж, амь зуулгатай айл өрхийг арвидсан хөрөнгө хураах боломжтой болгоно.
2012 ОНЫ СОНГУУЛЬ: Анх удаа холимог хэлбэрээр мажоритар ба пропорциональ тогтолцоогоор явсан. Сонгогчдын 33.5 хувийн саналыг авсан МАН 17 суудал авсан бол 34.2 хувийн саналаар авсан АН 25 суудал авч ялалт байгуулсан. Мөн 17.9 хувийн санал авсан МАХН-МҮАН эвсэл 3 суудал авсан байдаг. Зургаа дахь удаагийн сонгуульд нийт 11 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байдаг. Үүнээс
Сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө,
- Цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ
- Ажилгүйдлыг бууруулах үүднээс хөдөлмөрийн багтаамж ихтэй салбаруудыг бодлогоор дэмжинэ.
- Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж, уул уурхайн баялгийн орлогоос баялгийн сан байгуулж, сангийн 60 хүртэлх хувийг ирээдүйн тэтгэврийн санд нөөц болгоно
УИХ-д 17 суудал авсан МАН мөрийн хөтөлбөртөө,
- Иргэн бүрийг өндөр бүтээмжтэй цалин хөлс сайтай тогтвортой ажлын байртай болгоно
- 300 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлын түвшинг хөгжингүй улс орны түвшинд хүртэл бууруулна.
- Гадаадад ажиллаж байгаа иргэдээ эх орондоо ирж ажиллахыг урамшуулж дэмжинэ.
- Үнэ, цалингийн өсөлтэй уялдуулсан индексийг тогтоох замаар нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн зөрүүг арилгана
БУСАД
МАХН-МҮАН эвсэл мөрийн хөтөлбөртөө,
- Нийгмийн хувьсгалын хүрээнд ядуурал, ажилгүйдлыг арилгаж чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлж, иргэдийнхээ амьдралын түвшин ба чанарт томоохон өөрчлөлт хийхийг зорино.
“Гурав дахь хүчин эвсэл” мөрийн хөтөлбөртөө,
- Ядуурлын эсрэг дайн зарлаж чинээлэг чинээлэг, дундаж давхаргыг нийгмийн зонхилох хэсэг болгох нөхцөлийг бүрдүүлнэ.
Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөртөө,
- Нийгмийг архагшсан өвчин ядууралд хандах төрийн бодлогыг өөрчилнө
Иргэний хөдөлгөөний нам мөрийн хөтөлбөртөө,
- Нийгмийн халамжийн хавтгайрсан бодлогыг хязгаарлана.
Монголын ногоон нам мөрийн хөтөлбөртөө,
- Монгол Улсын өрх, гэр иргэн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлж, чинээлэг давхаргын эгнээг өргөжүүлнэ
Социол Демократ Нам мөрийн хөтөлбөртөө,
- Стратегийн ордуудаас олох орлогыг шударга бус хуваарилж буй явдлыг таслан зогсоож ядуурлын хувийг бууруулах чиглэлд зарцуулах тогтолцоог бүрдүүлнэ.
Монголын Уламжлалын Нэгдсэн Намын мөрийн хөтөлбөртөө,
- Хүн амынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх нь төрөөс нийгмийн өмнө хүлээх үндсэн үүрэг гэж үзнэ.
Хөгжлийн хөтөлбөр намын мөрийн хөтөлбөртөө,
- Үйлдвэрлэл-худалдаа-үйлчилгээ гэсэн санхүү бизнесийн үйл ажиллагааг өндөр түвшинд явуулснаар зах зээлийн нийгмийг хөгжлийн хэмжээнд хүргэж нийгмийн ядуурлыг арилгана.
Эх орон нам мөрийн хөтөлбөртөө,
- 120 мянгаас доошгүй ажлын байр шинээр бий болгож ядуурлыг зогсооно.
Эх орончдын нэгдсэн нам мөрийн хөтөлбөртөө,
- Нэн ядуу хөдөлмөрийн насны иргэдийн ажилтгүйдлын даатгалын шимтгэлийг төр хариуцаж, ажилгүйдлын даатгалын санг бүрэн бүрдүүлэх замаар ажилгүй иргэдийг ажилтай болох хугацааны тэтгэмж олгодог чадавхийг бий болгоно.
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам мөрийн хөтөлбөртөө,
- эдийн засгийн эрх чөлөөг иргэддээ бодитоор эдлүүлнэ
2016 ОНЫ СОНГУУЛЬ: Сонгогчдын 46.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 65 суудалтай, харин 34.2 хувийн санал авсан Ардчилсан нам 9 суудалтай болсон юм. Энэ сонгуульд нийт 12 нам 3 эвсэл оролцож мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байдаг.
УИХ-д хамгийн олон суудал авсан МАН мөрийн хөтөлбөртөө,
- Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй,
- Цалин урамшууллыг өсгөж өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ
- Өрхийн орлого, зарлага ядуурлын түвшинг тогтоох шалгуур үзүүлэлт, аргачлалыг сайжруулж бодит амьдралд нийцүүлнэ.
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах
Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө,
- 2016-2020 онд ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулан хөдөлмөр эрхлэх нөхцлийг бүрдүүлж ядуурлын түвшинг 18 хувь хүртэл хувиар бууруулна.
- Эдийн засаг дахь бүтээмжийн менежментийг шинэчлэх замаар нийт ажил эрхлэгчдийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ.
МӨРИЙН ХӨТӨЛБӨР ДАМНАСАН ЯДУУРЛЫГ 2 ДАХИН БУУРУУЛАХ АМЛАЛТ
2020 ОНЫ СОНГУУЛЬ: УИХ-д 62 суудал авсан МАН төрийн эрхийг үргэлжлүүлэн барихаар болов. Энэ сонгуульд 13 нам, 4 эвсэл оролцож мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байдаг.
МАН мөрийн хөтөлбөртөө,
- Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.
- Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална
- Орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
АН мөрийн хөтөлбөртөө,
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилгүйдлыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн сангийн орлогыг олон эх үүсвэрээс бүрдүүлж ажилгүйдлын даатгалыг өргөтгөн хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тогтолцоо болгон хөгжүүлнэ
2024 ОНЫ СОНГУУЛЬ: Шинээр бүрдэх 126 гишүүнтэй парламентад "хөл тавих" өрсөлдөөнд улсын хэмжээнд 1336 нэр дэвшигч оролцохоор сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлээд байна.
МАН мөрийн хөтөлбөртөө,
- Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах бодлого баримтална
- Нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлнэ
Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө,
- Ажилгүйдлийн түвшинг 5 хувиас бага түвшинд байлгах хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тогтолцоог бүрдүүлнэ