Монгол Улсын хөгжил дорой, сэтгэлгээ нь ядуу амьдарч байгаа нь дан ганц эрх баригчдаас хамаарахгүй гэдгийг дараах жишээнээс харж болно. Учир нь иргэд Сүхбаатарын талбайд тарьсан цэцэг дундаас үнэтэй цэцгүүд буюу Лили, Алтанзулыг харанхуйд хөрс, шороотой нь хамт сугалаад явчихдаг болжээ. Өдөр тарьсан цэцгийг шөнө нь хулгайлж, хар нүх л үлдсэн байх жишээний.
Энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн байна. Зургаадугаар сарын 9-ны байдлаар 64 байршилд 441 мянган цэцэг тарьжээ. Үүнээс иргэдийн хулгайлсан, гэмтээж, хугалсан, цэцэгсийг тоолвол тоолж барахгүй биз.
Ерөнхийдөө өнөөдөр монгол хүний шүтдэг хамгийн гол үзэл нь амиа хичээх болжээ. Амиа хичээх үзэлтэй хүнд ёс зүй байдаггүй гэх үг тэдэнд яг тохирохоор.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оноос “Япон лугаа адил хөгжье” гэх санал санаачлагыг ихээр хэлж, уриалах болсон. Япончуудын хувьд хүн бүр өөрт оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлж, чин сэтгэлээсээ хандсанаар бүх зүйл зохих байрандаа байна гэж үздэг. Үүрэг хариуцлага, ёс зүйг хэн нэгнээс өгсөн даалгавар гэж тэд үздэггүй. Энэ нь Наран мандах улсын хөгжлийн гол түлхүүр гэдэгтэй маргах хүн байхгүй биз.
Гэтэл Монголд бүх юм эсрэгээрээ. УИХ-ын гишүүн нь ЖДҮ-ээс олноороо зээл авсан зэрэг асуудал өнөөдөр ч хуулийн байгууллагаар эцэслэгдээгүй. Гишүүд нь худлаа хэлснийхээ төлөө, хулгай хийснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, хариуцлагагүй байдлаар нь жагсаадаг бол Монгол Улс тэргүүлнэ үү гэхээр сүүлдэхгүй.
УИХ-ын гишүүд нь элдэв төрийн санг цөлмөнө, иргэд нь төв талбайн үнэтэй цэцэгсийг тононо. Шулуухан хэлэхэд, дээр, дооргүй хулгайч. Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэл "Монголчууд өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарсан" гэдгийг онцолж байсан удаатай.
Өдөр нь тарина, шөнө нь байхгүй. Яах вэ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү
-Өвлийн турш хүлэмжинд ургуулсан цэцгүүдээ гаргаж ирж тарьж хотоо гоё болгох гэхээр хулгайлаад явчих юм. Өдөр нь тарина, шөнө нь байхгүй. Яах вэ. Талбайд ялангуяа үнэтэй олон наст лили, алтанзул цэцэг гарч байгаа учраас алдагдаж байна. Сайны хажуугаар саар гэгчээр алдагдсан цэцгүүдээ нөхөж тарих ажил бас нэмэгдлээ. Гар нь загатнасан хэсэг бүлэг хэцүү хүмүүс байх юм. Энэ хот бидний л гэр. Хотоо хамтдаа арчлаад гоё болгоод авчихвал сайхан шүү дээ. Та бүхэн ч гэсэн шөнөдөө гудамжнаас цэцэг хулгайлж хумсалж байгаа хүн таарвал шаардлага тавиарай гэж хүсэх байна.
Цэцэгс дундаас ундааны сав, гялгар уут, тамхины иш их гардаг
УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн М.Маралмаа:
-Хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилгоор өнгөрсөн онд таван байршилд домбо, тогос, эмээл, тулга, эрийн гурван наадам сэдэвт долоон цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байсан. Харин 2024 онд 25 хийцлэл болгон нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр мандарваа, тахиан залаа, хоёр төрлийн хайтан цэцэг, тасалгаанд ургадаг лили, алтан зул, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халганаа, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 10 орчим төрлийн цэцгүүдийг дэлгээд байна.
Гэтэл өнгө үзэмж сайтай, гоёлын цэцгүүдийг хүмүүс хөрстэй нь хамт сугалаад явчихна. Өмнө жилээс Төв талбайд лили тарьж эхэлсэн бол энэ жил ягаан өнгийн лили тарьсан. Энэ нь иргэдийн сонирхлыг ихэд татаж, хулгайлаад байгаа бололтой.
Тэр бүр дээр нөхөн тарилт, хүний хөдөлмөр явж байгаа гэдгийг иргэд ойлгоосой. Халуун наранд цэцэгсийг нэг бүрчлэн суулгаж, услаад дундах хогийг нь түүгээд явж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй.
Төв талбайд хүмүүс их цугладаг. Тэр хэрээр цэцгэн дээр сууж ялбайлгаж, цэцэг их гэмтдэг. Энэ жил уг нь төв талбайн цэцэгт байгууламжид арчилгаа сайн хийж байгаа боловч хүмүүсийн хогоор дүүрчихдэг болсон. Цэцэгс дундаас ундааны сав, гялгар уут, тамхины иш их гардаг. Бид Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хийж байгаа. Иймд иргэн бүр ухамсартай байж, тарьсан цэцгийг хайрлаж, гамтай байхыг уриалж байна" гэлээ.
Эцэст нь монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон
Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэл "Өнөөдөр Монголын нийгэмд бүх хүрээнд шударга бус үйлдэл гаарсан. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтож, буурав гэдэг нь сонин. Үүнийг шинжлэх ухааны үүднээс зайлшгүй тайлбарлах шаардлага гарсан.
Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон.
Өнөөдөр шударга байх зарчим алдагдсан. Эдийн засгийн үүднээс шударга байна гэдгийг бол хуваарилалт гэдэг үг тохирох байх. Шударга ёс тогтоохын тулд шударга бус үйл үйлдсэн этгээдэд тодорхой хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулж, хохирлыг нь барагдуулах учиртай. Төрийн албан хаагчид, улстөрчид шуналаа татаагүй цагт ёс суртахуунлаг нийгэм тогтохгүй.
Шударга ёсыг тогтооход эр зориг маш чухал. Эр зориггүйгээр шударга ёс тогтоогдоно гэж байхгүй. Эр зориг байхгүй бол аймхай, амаа хамхисан, цаагуураа хов живд хөтлөгдсөн нийгэм болж хувирдаг. Монголын нийгэм үндсэндээ иймэрхүү байдал руу орсон” гэжээ.