Хилийн зурвасын тэг цэг, төмөр зам энд хүрээд зогсжээ. Урд хөршийн Сэхээ боомттой ган замаар холбогдох түүхэн эхлэл болсон энэ газар Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомт юм.
Одоогоор хоёр улс хил дамнасан ган замаар холбогдоогүй ч галт тэрэгний дуу хангинах өдөр ойрхон. Ийм итгэл тээсээр монголчууд гурав дахь төмөр замаа барьж дуусгалаа.
Гагцхүү галт тэрэгний дуу хангинах нааштай өдрийг чих тавьж хоног тоолон хүлээж буй. Хятадын Сэхээ боомттой холбогдох хил дамнасан нарийн царигтай төмөр зам барихад “хуруу дарам” зай л үлджээ.
Хайрга нь тагтаршиж амжаагүй зурайх ган замын цаана урд хөршийн хил зааглаж харагдана. Бид, хоёр улсын дундын бүсэд ирсэн нь энэ байлаа. Улсын хилээс 2.5 километрын зайтай орших Сэхээ боомттой төмөр замаар холбогдох түүхэн эхлэл ийнхүү тавигдаж байна.
С.БЯМБАЦОГТ: ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫГ АЛЬ БОЛОХ ХУРДАН НЭЭНЭ
Манай улсын хувьд 70 жилийн дараа Хятадтай холбогдох хоёр дахь экспорт, импортын гарцыг ийнхүү нээхэд бэлэн болсныг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт албан ёсоор зарласан юм. Хил дамнасан төмөр зам баригдснаар Монголын экспортын орлого нэмэгдэнэ гэж салбарын сайд үзэж байлаа.
Тэрбээр “Бид Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Шивээхүрэн-Сэхээ боомтын хилийн шугамд төмөр зам ирсэн байна. Маш богино хугацаанд төмөр зам барих ажлыг гүйцэтгэлээ. Нэг рэйс төмөр зам барихад 350 метрийн цаана баригдсан Хятадын төмөр замтай холбогдоно.
Хил холболтын төмөр зам баригдсанаар Монгол Улсын экспортын орлого нэмэгдэнэ. Нүүрсний экспортын хэмжээ 10 сая тонноор нэмэгдэнэ. Шивээхүрэн боомтоор гарч буй нүүрсний хэмжээ жилд 10 сая тонноор гардаг байсан бол энэ хэмжээ дахин 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн үг. Үүнийг дагаад валютын орлого, нөөц нэмэгдэх, эдийн засгийн хувьд томоохон ач холбогдолтой төмөр замыг хувийн хэвшлийнхэн барьж дуусгалаа. Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам аль болох богино хугацаанд хил холболтын төмөр замыг холбох бодлого барьж байна.
Үндсэндээ 70 жилийн хугацаанд Замын-Үүд-Эрээнээс хойш хил холболтын төмөр зам баригдаагүй. Тиймээс БНХАУ-ын Засгийн газартай Монгол Улсын Засгийн газар энэ жилдээ багтаан хэлэлцээр эхлүүлбэл Монгол Улс түүхэндээ хоёр дахь Хятад Монголыг холбосон төмөр замтай болно” гэсэн юм.
Ямартай ч ирэх аравдугаар сараас хил дамнасан төмөр замаар ачаа тээврийн гал тэрэг явж эхлэх чимээ одооноос сонсогдож эхлэв.
ТӨМӨР ЗАМЫН ҮР ӨГӨӨЖ НҮҮРСНИЙ ЭКСПОРТООР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ
2014 оноос эхлэн Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбох төмөр замын төсөл үндсэндээ саяхныг хүртэл царцсан. Жилийн өмнө бүтээн байгуулалтыг барилгын ажлыг ажлыг эхлүүлэх шанг татсан /2023.05.27 / цагаас хойш өнөөдөр ойн босгон дээр /2024.05.27/ өмнийн цэнхэр говьд ган зам зурайжээ.
Монгол инженерүүдийн хөлс, хүч шингэсэн эл төмөр замын дэлгэмэл урт нь 20 км бол гол төмөр замын урт нь 6.9 километр.
Төмөр зам болон өртөө зөрлөг, холбоо дохиолол орон сууц зэрэг нийт 10 гаруй байгууламж 300 орчим тэрбум төгрөгийн өртгөөр сүндэрлэжээ. Эл бүтээн байгуулалт нь төр хувийн хэвшлийн хамтын сонгодог жишээ болж байна.
Тодруулбал, Засгийн газрын 2018 оны 232 дугаар тогтоолоор “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулан хувьцааны 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 49 хувийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК тус тус эзэмшихээр шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төр бүх зүйлд гар бие оролцохгүй хяналтаа тавьсан бол хувийн хэвшил гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбох хил дамнасан төмөр замын үр өгөөж зөвхөн нүүрс, ачаа тээврийн экспортын орлогоор хэмжигдэхгүй. Төмөр зам дагасан дэд бүтэц, суурьшлын бүс бий болох ач холбогдолтой. Энэ утгаараа хоёр дахь Замын-Үүд болох эхлэл нь болохыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженер Ерөнхий инженер Т.Батзориг хэлсэн.
Тэрбээр “Монгол Улсын хувьд БНХАУ-тай Замын-Үүд-Эрээн гэх ганц гарцаар холбогддог байсан бол Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тав болгон нэмэгдүүлэхээр зорьж байна. Үүний нэг нь Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил байлаа.
Эхний ээлжид бид нарийн царигийн өртөөгөө барьж Сэхээ боомттой холбохоор ажиллаж байна. Энэхүү төмөр замаар 10 сая тонн ачаа тээвэрлэнэ.
2023 онд авто замаар 19.5 сая тонн ачаа тээвэрлэсэн бол энэ жил 30 орчим сая ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна.
Бид хилийн боомтуудаа үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Төмөр замын үр өгөөж зөвхөн экспортын орлогоор зогсохгүй суурин бүс бий болох, хүний нөөц боловсон хүчин нэмэгдэх ажлын байр бий болох олон талын үр өгөөжтэй” гэлээ.
Ч.ЧИНБАТ: ТӨМӨР ЗАМЫГ БОГИНО ХУГАЦААНД БАРЬЖ ДУУССАН
Мөн бүтээн байгуулалтын гол гүйцэтгэгчийн нэг “Нарийн сухайтын төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Чинбат ярихдаа “Хил холболтын төмөр замыг нээснээр авто замар гарах бүтээгдэхүүн багасна. Дотоодын тээвэрчид өдөрт ойрхон газар хоёр рэйс хийх боломжтой. Төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил удааширсан шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой. Бүтээн байгуулалтын улирал маш богино. Өвөл нь барилгын ажил зогсдог. Гэсэн ч маш богино хугацаанд бид төмөр замын барилгын ажлыг барьж гүйцэтгэсэн” гэж байлаа.
ТАНКНЫ ҮЛГЭР АРД ХОЦОРЧ АЗИ-ЕВРОПЫГ ХОЛБОХ ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БИЙ БОЛОХ ЭХЛЭЛ ТАВИГДАВ
Олон арван жил монголчуудыг “айлгасан” танкны үлгэр ард хоцорч, нарийн царигийн асуудал үүгээр эцэслэгдэж байна. Цаашлаад бидний нэрлэж заншсан нарийн цариг буюу олон улсын 1435 мм-ийн царигтай хил дамнасан Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж байна.
Энэ бол далайд гарцгүй хоёр хөршийн дунд оршдог геополитикийн хувьд өвөрмөц онцлогтой Монгол Улсын хувьд дэлхийн худалдааны сүлжээнд нэгдэх алтан боломж.
Нэг үгээр “Транзит Монгол” болох эхлэл нь өмнийн цэнхэр говьд бий болжээ.
Энэ талаар салбарын сайд “Дэлхийн 200 гаруй улсаас 70 хувь нь 1435 мм царигийн төмөр замтай. Иймээс энэ царигийн төмөр замаар экспортоор ачаа гаргаж , импортын бараа авна. Цаашлаад Орос-Хятадыг холбосон Монгол Улсын гурав дахь босоо тэнхлэгийн төмөр зам буюу Арц суурийн боомт, Завхан, Говь-Алтай аймаг, Баянхонгор, Өмнөговийг дайрч Ази-Европыг холбосон гурав дахь төмөр зам баригдана. Нийт 1155 километр өргөн царигтай төмөр зам барина.
Үндсэндээ хил холболт иж бүрэн болсноор уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргах, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах том бүтээн байгуулалтын эхлэл нь Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбох төмөр зам юм” гэсэн юм.
НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР ХААЧИХ ВЭ
Шивээхүрэн боомт нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм. Тус боомтоор жилд дунджаар 10-18 сая тонн эрдэс баялаг, уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байна. Энэхүү хүчин чадлыг өсгөх боломж нь төмөр замын тээвэр бөгөөд хүчин чадал өсөж, 30-35 сая.тонн болгон боомтын хүчин чадлыг өсгөх нэмэгдүүлэх боломжтой гэх тооцоо бий.
Өдөр бүр хэдэн зуун тонн, тонноор нүүрс гаргахаар хил дагаж оочирлох автомашины урт цуваанд нүүрс тээврийн жолооч нар амьдралаа залгуулж буй. Тэдний цалин дунджаар нэг цуваа явалтын буюу нэг рейсийн цалин 200-500 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хятадын хилийг чиглэсэн Монголын нүүрсний ачаа тээврийн цуваатай зэрэгцэн Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбох шинэ судас ийнхүү бий болж байна. Үүнийг дагаад олон жил уурхай дагаж ажиллаж амьдарсан жолооч нар ажлын байраа алдах эрсдэл отож буй. Халуунд халж, хүйтэнд хөрж урт цуваанд цаг хугацааг умартсан тэдний хувьд төмөр замын шинэ суурьшлын бүсэд ажиллаж амьдрах шинэ мэргэжил эзэмших боломж нээлттэй болохыг зам тээврийн салбарынхан хэлж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Харин Хятадын тал хил холбох нааштай хариу өгөх эсэх нь цаг хугацааны л асуудал болж байна.