Азийн утга зохиолын шагналт зохиолч Д.Урианхай төрөлх хэл бичгийнхээ төлөө тэмцэж байгаа Өвөрмонголчуудаа дэмжин НҮБ-д хандаж, 2020 оны есдүгээр сарын 05-нд захидал бичжээ.
"Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хүндэт Антониу Гутерреш танаа Таны амар амгаланг эрж чин сэтгэлийн мэнд дэвшүүлье. Эрхэм хүндэт дарга аа, Танд би эл захидлыг Монгол Улсаас бичиж, монгол үндэстний бичиг үсгийн хувь заяанд тулгарч магадгүй ноцтой асуудлын талаар яаралтай танилцуулахыг хүсэж байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын бүрэлдэхүүнд багтдаг Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО) нь дөрвөн сая монгол хүн амтай бөгөөд БНХАУ-ын “Үндсэн хууль”-ийн дөрөвдүгээр зүйлд зааснаар, “Бүх үндэстнүүд өөрийн хэл, бичиг, үсэг, ёс заншил, шашин шүтлэг, хэв маягаа шинэчлэх, хамгаалах эрхтэй”-гээр БНХАУ-ын бусад үндэстэн, үндэсний цөөнхтэй адил, тэгш нийгмийн нөхцөлтэй хөгжиж байгаа монгол угсаатан юм.
БНХАУ-д ӨМӨЗО-ны албан ёсны хэлний нэгээр монгол бичгийн хэлийг хуульчлан тогтоосон уламжлалтайн учир нь хүн төрөлхтний соёлын гайхамшигт өв, -монгол бичиг үсэг нь үүсэл, гарваль, цаг хугацааны хувьд Дорно дахины эртний арамей, согд, уйгур, бичиг үсэгтэй нас чацуу, тэдний нэгэн адил дэлхий дахины соёл, иргэншлийн хөгжлийн томоохон үнэт дурсгал мөнөөс үндэстэй юм.
Монгол үндэстэн түүхэндээ Хүннү өвөг удмынхаа үеэс Кэ-му бичиг, Хүннү бичиг үсэг, Рун бичиг үсэг, Хятан бичиг үсэг, Худам монгол бичиг үсэг, Дөрвөлжин бичиг үсэг, Тод бичиг үсэг, Соёмбо бичиг үсэг, Вагиндрагийн бичиг үсэг зэрэг авиан зүйт (phonogrammer) бичиг үсгүүд хэрэглэж оюуны соёлоо хэлбэрэлтгүй хөгжүүлж ирсний дотроос монгол бичиг, соёл нь хамгийн өнө удаан хугацаанд хэрэглэгдэж, монголчууд энэ бичгийн хэлээр дэлхийн иргэншилтэй харилцаж, Дорно, Өрнийн соёл, шинжлэх ухаан, философи сэтгэлгээ, утга зохиолд өөрийн хувь хандиваа багагүй нэмэрлэсэн нь энэ түүхэн үүргийг гүйцэтгэсэн монгол бичиг, соёлын гавьяа болно.
Дэлхийн улс үндэстнүүдийн бичиг, соёлын түүх судлаачид, мэргэжлийн эрдэмтдийн ноттой батлан тогтоосон шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний иш баримт, эх сурвалжуудын мэдээгээр монгол бичиг үсгийн үүсэл, хөгжил нь лавтайгаар хоёр мянган жилийн цаанаас эхтэй гэж тооцогддог бөгөөд дэлхийн бичиг үсгийн соёлын салшгүй түүхэн хэсэг гэж үздэг.
Гэтэл энэ 2020 оны зургаадугаар сард БНХАУ-ын засаг захиргааны зарим байгууллагаас ӨМӨЗО-ны Тунляо хотын монгол сургуулиудын сургалтыг зөвхөн хятад хэлээр явуулах заавар хэрэгжүүлж, найм дугаар сард БНХАУ-ын цахим сүлжээн дэх монгол апп-ыг хориглож, We chat, Dou yin дэх монгол бичлэгүүдийг устгаж, ес дүгээр сард ӨМӨЗО-ны монгол аймгуудын сургуулиудад зарим хичээлийг заавал хятад хэлээр заах болж БНХАУ-ын “Үндсэн хууль”-ийн дөрөвдүгээр зүйлийн заалт, 1989 оны “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийн 17 дугаар зүйлийн (d) “Хүн амын цөөнх буюу уугуул хүн амд хамаарах хүүхдийн хэлний шаардлагыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр онцгой анхаарахыг хөхиүлэн дэмжинэ”, 30 дугаар зүйлийн “Угсаатан, шашин буюу хэлний цөөнх, нутгийн уугуул иргэд бүхий улсад ийм цөөнхөд харьяалагдах хүүхэд өөрийн бүлгийн бусад гишүүний хамт соёлоо дагах, шашнаа шүтэх, зан үйлээ үйлдэх түүнчлэн төрөлх хэлээрээ ярихад саад тавьж болохгүй” гэсэн заалт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1992 оны Ерөнхий Ассамблейгаас баталсан “Хэл, шашин, угсаатны болон үндэстний цөөнхийн эрхийн тунхаглал”-д “Үндэсний цөөнхөд харъяалагдах хүн бүр өөрийн соёлын ололтоос хүртэх, өөрийн хэлээрээ ярих, эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, мэдээлэл авах, өөрийн хэл соёлоо өвлөх, дамжуулах шашнаа шүтэн бишрэх, шашны зан үйл үйлдэх эрхээ хамгаалуулах нь хүний эрхээс ялгагдах гол эрхүүд болдог” гэсэн заалтуудыг тус тус үл ойшоон зөрчиж, өөрийнхөө улсын “Үндсэн хууль”, Олон улсын хэмжээнд албан ёсоор дагаж мөрдөх ёстой хууль эрхийн тогтоомжуудад авантюрист хандлага гаргаж буй үйлдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллага, Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО) -ын удирдлага анхааралдаа авч байгаа гэж итгэж байна.
Монгол үндэстэн, угсаатны ахуй, соёл бол байгалийн эко бүтэцтэй нягт зохицсон, эх дэлхийнхээ орших чинад зүй тогтолтой “шүтэн барилдах” үзэл санааг амьдралынхаа философи болгодог нүүдлийн соёл, иргэншлийг олон зуунаар хөгжүүлж, хадгалж буй ууган ахуй, соёл бөгөөд нүүдлийн соёл, иргэншил нь орчин үеийн кибернетикжсэн прагматик иргэншилтэй харилцан шүтэлцээтэй хөгжсөөр хэсэг хугацааны ирээдүйд хүн төрөлхтний амьдрал, оршихуйн хамгийн зөв, хамгийн нийтлэг ардчилсан, байгал-нийгэмд хамгийн бага хор нөлөөтэй, хамгийн нигүүлсэнгүй, хамгийн хүнлэг дээд ёс суртахуунт хөгжлийн чиг хандлага болж чадах оюун санаа, үзэл баримтлал, боловсрол, гэгээрлийн үр хөврөлийг хамгийн ариун хадгалж байгаа соёл гэж би хувьдаа үздэг тул монгол үндэстэн, угсаатны бичиг үсэг, соёл, боловсролын хөгжилд аливаа улс төрийн үйл ажиллагаагаар хориг, саад учруулах нь нийт хүн төрөлхтний бичиг үсгийн соёлын хөгжилд шууд харшлах шинж чанартай зорилго хэрэгжиж эхэллээ гэж ойлгон сэтгэл гүнээ түгшиж байна.
Хэрэв энэ эхлэлийн эрс бурууг дэлхий нийтээрээ даруй БНХАУ-ын засаг захиргааны зарим байгууллагуудад эс ойлгуулж, даруй эс таслан зогсоовоос БНХАУ хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээ, соёл, гэгээрлийн нэгэн том ай сав руу үндсэрхэг явцуу үзлээр дайрч “соёлын геноцид” рүү халтирлаа! гэж өөр өөрийн бичиг үсэгтэй, үндэснийхээ өвөрмөц түүхэн соёлтой дэлхийн олон улс орон эгдүүцэн эсэргүүцэх эрсдэлтэй тулгарах магадлалтай юм. Ийм ноцтой үр дагавар үүсч болох гол шалтгааныг эрхэм хүндэт Антониу Гутерреш танаа айлтгахын ялдар ӨМӨЗО-ны монгол үндэстний ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэл бичгээрээ боловсрол, мэдлэг олох, эх хэлээ сайн сурах, эх хэлнийхээ судлалыг хөгжүүлэхийг нь хориглох цаг үеийн шийдвэр БНХАУ-ын зарим байгууллагаас гаргасныг Нэгдсэн Үндэстний Байгууллага дэлхийн улс үндэстнүүдийн харилцаан дахь алив үйл ажиллагааг шударга, хүнлэг байлгах үүрэг, эрхийнхээ дагуу даруй цуцлуулж, ӨМӨЗО-ны хүүхдүүдэд өөрийнхөө үндэсний хэл бичгээр сурч боловсрох эрхийг нь эдлүүлэх, хүн төрөлхтний оюуны соёлын түүхэн “амьд өв” – монгол бичиг соёлыг хамгаалах үйл хэрэгт бодитой тус хүргэхийг Танаас машид хичээнгүйлэн гуйж байна."