.jpg)
Увс аймгийн Баруунтуруун суманд хоёрдугаар сарын 5-ний өдөр айлын гэр шатаж, гэртээ байсан бага насны 3 хүүхэд галаас эсэн мэнд гарсан байна. Тодруулбал, ээж нь усанд яваад ирэх хооронд цахилгааны массаас үүдэн гал гарч, 7 настай хүү Маргад-Эрдэнэ 2 настай, 6 сартай 2 дүүгээ гэрээс гаргаж амжсан аж.
Энэ талаар гэрийн эзэгтэй Ц.Энхзаяагаас тодруулахад "Тухайн өдөр 13:00 цагийн орчимд нөхрөө ажилд нь хүргэж өгчхөөд ээжийндээ очсон. Манай том хүү ээжийнд маань байдаг юм. Би захиалгат бялуу хийдэг. Захиалгаа хүргэж өгөхөөр ахаар нь хоёр дүүг нь харуулж үлдээгээд явсан. Эргээд иртэл гэрт ус байхгүй болохоор нь усандаа яваад иртэл гэр маань шатаж байсан. Орж ирээд л амбаарынхаа хаалгыг таттал өөдөөс улаан гал авалцаад, хүүхдүүд байгаагүй. Тухайн үедээ энэ улаан галд миний хүүхдүүд байхгүй юм байна л гэж бодогдсон. Тэгтэл хойноос манай нэг ах хүүхдүүд нь энд байна гэж орилсон. Ах нь эхлээд дунд дүүгээ түлхэж гаргаад, бага дүүг нь бүүвэйлэгчид нь унтуулсан байсныг өлгийнөөс салгаад тэврээд гарсан байсан. Том хүү минь тухайн үед шоконд орсон. Орой нь гэнэт инээгээд, гэнэт уйлаад, цочиж сэрсэн байдалтай байсан. Өвлийн хүйтэнд орох оронгүй ч элэг бүтэн байгаадаа баяртай байлаа.
Аав ээж, ах дүүс, нутгийн зон олон, ажлын хамт олон Баруунтуруун сумынхныхаа хүчинд орох оронтой боллоо. Миний том хүү хоёр дүүгээ аврах тавилантай байж. Элэг бүтэн байгаадаа хүүдээ маш их баярлаж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!