Сар шинийн баяр амралтын өдрүүдээр онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Эдгээр өдрүүдэд объектын гал түймэр нэг, эрэн хайх аврах ажиллагааны 26 дуудлага бүртгэгджээ.
Хоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө цасан шуурга шуурч малчид малтайгаа төөрч уруудах, авто машинууд цасанд боогдох, цахилгаан эрчим хүч тасрах зэрэг хүнд нөхцөл байдал үүссэн.
Баруун-Уртад хамгийн их буюу 10 см Эрдэнэцагаан, Халзан сумдад хамгийн бага буюу 3 см цасан бүрхүүл тогтжээ. Цасан шуурганы үеэр салхи зарим тохиолдолд 26-27 м/с хүрч ширүүссэн байна.
Дээрх 26 дуудлагын дөрөвт нь аймгийн ОБГ-ын алба хаагчид, бусад дуудлагад сумдын мэргэжлийн ангиуд ажиллаж эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулжээ. Нийт дуудлагын долоо нь хүн төөрсөн бусад нь цасан суусан, авто машин бензингүй болж гацсан гэх дуудлага байсан бөгөөд сумдын мэргэжлийн ангиуд нийт 64 том хүн 29 хүүхдийн амийг авран хамгаалжээ.
Малынхаа араас явж, шуурганд төөрсөн иргэдийг эсэн мэнд олсон ч Наран суманд нэг иргэн харамсалтайгаар амиа алдаж, нас барсан байдалтай олдсон байна.
Баруун-Урт Улаанбаатар чиглэлийн авто замын цасанд хаагдсан хэсгүүдийг Талын зам болон ОБГ-ын техникийн хүчээр нээж, хэвийн болгосон гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!