УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 байлгах ёстой. Нам, эвсэл мэдээж хамгийн лидер эмэгтэйгээ жагсаалтын эхэнд оруулж таарна. Тэгвэл УИХ-д суудал авах магадлалтай нам, эвслийн жагсаалтаа ахлах лидер эмэгтэй нэр дэвшигч хэн байх вэ?
Ардчилсан нам
АН-аас УИХ-ын гишүүн С.Одонтуяа жагсаалтаа ахлах магадлал хамгийн өндөр. Тун удахгүй халаагаа өгөх парламентад УИХ-ын дэд даргаар ажиллаж, сөрөг хүчнийхээ үүргийг чамбай гүйцэтгэсэн тэрээр энэ сонгуульд АН-ын нүүрийг тахалж, эмэгтэйчүүдээ манлайлах нь гарцаагүй. С.Одонтуяа нь 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр, 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан билээ.
“Үндэсний Эвсэл”
“Үндэсний Эвсэл”-ийн эмэгтэй нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүн асан А.Ундраа ахална гэсэн таамаг байна. Физикийн ухааны доктор, Стэнфордын их сургуульд багшилж, эзэмшсэн мэдлэг, боловсролоороо имижээ бүрдүүлдэг тэрээр “Үндэсний Эвсэл”-ийн суурийг тавилцахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний хувьд 2016 онд УИХ-ын гишүүн болохдоо Баянгол дүүрэгт С.Одонтуяатай өрсөлдөж ялалт байгуулсан билээ.
МАН
МАН-аас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа жагсаалтаа ахлах болов уу. Тэрээр Сангийн дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргээс сонгогдож, Боомтын сайд, ХНХ-ын сайдаар ажиллаж байна. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Тэтгэвэрийн шинэчлэлтийн асуудалд голлон анхаарав.
ХҮН
ХҮН-аас Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл жагсаалтаа ахлах нь маргаангүй биз ээ. Түүний хувьд 2020 оны сонгуулиар УИХ-ын 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүргээс нэр дэвшсэн. Эдийн засагч, олон улсын санхүүч, бизнесийн удирдлагаар мэргэжил эзэмшсэн тэрээр 2016 оноос эхлэн ХҮН-ын Удирдах зөвлөлд орж ажилласан.