Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дэлгэрсайхан: Төсөвт төрийн оролцоо буурахгүйгээр эдийн засаг тогтворжихгүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 56 секунд

УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Үүнтэй зэрэгцэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ удаагийн өргөн барьсан төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлснөөр тодорхой эрсдлүүд бий болох магадлалтайг сануулсан юм. Тэгвэл эл асуудлын хүрээнд эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Төсвийн хүрээний мэдэгдлээр эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8 хувь гэж өндөр төсөөлж оруулж ирсэн байна. Үүнийг хэр үндэслэлтэй тооцоолол гэж харж байгаа вэ?

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тооцооноос илүү тодорхой бодлого барьдаг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд төсвийн үр ашигтай байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох асуудлыг л бид эрэлхийлж байгаа юм. Үүний тулд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд тодорхой эрсдлүүдийг харж байгаа. Өнөөдөр манай улсын төсвийн орлого нэмэгдэж байгаа дүр зураг эдийн засагт бий. Дөрөвдүгээр сарын мэдээллээр ч төсвийн тэнцэл ашигтай гарч, эдийн засгийн нөхцөл байдал сайн байгаа нь үнэн боловч манай зөвлөлөөс төсөвт төрийн оролцоог бууруулах нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн оролцоог бууруулна гэдэг нь төсвийг зарлага цар тахлын өмнөх үеэс хэт өндөр тэлэлттэй явааг зогсоох явдал юм. Учир нь бид өнөөдрийг хүртэлх түүхээ харвал орлого нэмэгдсэн үед түүнийгээ зарцуулаад л, буурсан үед нь төсвийн алдагдал, өр нэмж эсвэл ОУВС-гийн хөтөлбөрт орчихоод явж байдаг мөчлөг дагасан циклтэй байгаа. Сангийн яамны зүгээс ч олон жилийн мөчлөгийг сөрсөн бодлогыг барих ёстой.

Төсвийн орлого өндөр байгаа үед тэлэлтээ багасгаж, хуримтлал руу шилжих ёстой. Бид эрсдлээ багасгах ёстой гэж яриад байгаа боловч бодлогын хувьд түүнтэйгээ нийцэж чадахгүй байна.

-Бодлого нь гаргаж буй төсөөлөлтэйгөө нийцэхгүй байгаагийн суурь шалтгааныг юу гэж харж байна?

-Суурь нөхцөл нь ДНБ-ий өсөлтийг хэт өөдрөгөөр таамагласан байна. Үүнээс гадна инфляцын түвшинг хэт доогуур байх боломжтой гэж үзсэн. Тодруулбал, 2027 он гэхэд инфляцыг гурван хувьд хүргэх, нүүрсний экспортыг 103 сая тоннд хүргэх өөдрөг төсөөллүүдийг дэвшүүлсэн байсан. Энэ жил 78 сая тонн, дараа жил 80 гаруй сая тонн нүүрсийг экспортолно гэх мэт. Ийм өөдрөг, нэг салбараас хэт хамааралтай төсвийн хүрээний мэдэгдэл нь эрсдлийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн энэ нь төсвийн тэлэлтийг хэт дэмжиж, хуримтлуулах, төсвийг хямгатай зарцуулах бодлогын эсрэг байна. Бидний өгсөн тоонуудаас ДНБ-ий өсөлт, төсвийн зарцуулалтын өсөлт, орлогын таамаглал зэрэг нь өндөр байгаа. Нийцэж байгаа тоонууд бий. 2025 оны хувьд 16 үзүүлэлт байгаагаас 9 нь бидний таамаглал, зохих боломжтой хэмжээнээс давчихсан байгаа. Харин нийцэж байгаа зургаан л үзүүлэлт бий. Төсвийн зарлагыг л хэт өндөр тэлсэн төсвийн хүрээний мэдэгдэл байна гэж харж байгаа. Бодлогын хувьд өмнөх алдаагаа давтаад байна. Хэрэв нүүрсний экспорт, гадаад орчны эрсдлээс болоод таамагласан шиг орлого орж ирэхгүй бол томоохон эрсдлүүд үүсэж болзошгүй юм.

-Энэ жил 78 сая тонн, дараа жил 80 гаруй сая тонн, цаашлаад 100 гаруй сая тонн нүүрс экспортлох боломж бидэнд бий юу. Гадаадын зах зээл дээр гарч болох эрсдлийг юу гэж харж байна вэ?

-Дотооддоо хэрэгжүүлж буй бодлогуудын сайн тал бий. Төмөр зам, боомтуудын хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа нь үүний нэг жишээ. Нүүрсийг биржээр арилжаалж, үнийг нь өсгөх гэж оролдож байгаа зэргээс харвал эдгээр нь сайн бодлого мөн. Гэхдээ өнөө, маргаашдаа хэр хүчтэй экспортод нөлөөлж чадах вэ гэдэг нь чухал. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам л гэхэд энэ жил 6 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн тооцоотой байгаа нь бидний тооцоод байгаа 80,90 сая тонн гэсэн тоонуудтай хэр нийцтэй байна вэ гэдэг асуудал байна. Боомтын сэргэлт бидний хийж буй ажлууд нь экспортын тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тийм сайн нөлөөлж чадах уу гэх асуудал байгаа. Гадаад талдаа БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сэргэж байгаа, инфляц нь 0-ээс дээш давсан гэх мэт мэдээ байгаа боловч нийт нүүрсний эрэлтийн хэмжээ нь 100 гаруй сая тонн байна.

Нөгөө талд нь Австрали болон ОХУ-аас өөрсдийнхөө нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлогуудыг барьж байна. Тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, гаалийн татварын бодлогоор өөрсдийн экспортыг нэмэгдүүлэх бодлого бариад байгаа. Энэ мэтээс авхуулаад гадаад зах зээл дээр тодорхой эрсдлүүд байна. Бидний өмнө олон хүчтэй өрсөлдөгчид нэмэгдэж байна.

Мөн дэлхийн энергийн байгууллагаас гаргасан таамаглалаар, 2023 он Монгол Улсын хувьд "цонх" үе буюу БНХАУ руу импорт нэмэгдсэн, түүн рүү Монгол Улсын оролцоо нэмэгдэх таатай нөхцөл бүрдсэний тул олон сая тонн нүүрс гаргаж чадсан. Цаашдаа нүүрсний эрэлт ойрын хугацаанд тийм ч их нэмэгдэхгүй. Гэхдээ буурахгүй байх ч магадлалтай. Эерэг талынх нь гол нөлөөлөл бол БНХАУ-аас биш Энэтхэгээс илүү хамаарна гэх олон улсын судалгааны байгууллагын таамаглалууд байгаа юм. Тэгэхээр бидэнд гадаад хүчин зүйлс эрсдлүүд үүсгэж болзошгүй. Өнөөдрийн байдлаар нүүрсний экспортын хэмжээ тогтвортой буюу өмнөх жилийн түвшинд байгаа боловч үнийн түвшин тал дээр анхаарах ёстой асуудлууд одоо ч гарч ирсэн хэвээр байна.

-Энэ байдлаараа төсвийн тэлэлтийг үргэлжлүүлж болохгүй гэж та онцолсон. Тэгвэл төсвийн бодлогоо энэ чиглэлд оновчтой болгохын тулд гаргалгаа нь юу байх вэ. Бодлогын хувьд?

-Төсвийн тогтвортой байдал гэдэг агуулгаа илүү харах ёстой. Төсвийн хүрээний мэдэгдэл бол дунд хугацааны төсвийн бодлогын гол суурь байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Төсвийг зөв болгохын тулд нэн тэргүүнд төрийн оролцооны түвшинг гарцаагүй бууруулах ёстой. Төрийн оролцоо гэдэг нь өнөөдөр 37,38 хүрчихээд байгаа төсвийн нийт зарцуулалтын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ. Тэгэхээр энэ хувь хэмжээг аль болох 30-аас доош түвшинд барих ёстой. Нэгдүгээрт, төсвийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, орлого өндөртэй үедээ төсвөөс тодорхой сангуудад хуримтлуулах боломж бүрдэнэ. Ирээдүйд тулгарч болзошгүй эрсдэлийг хаах боломж бүрдэж буй юм. Гуравдугаарт, зардлын тэлэлт байхгүй байна гэдэг нь зардлууд нь оновчтой буюу халамж, хөрөнгө оруулалтын зардлуудаа илүү оновчтой болгох нөхцөлийг бий болгоно.

Олсныхоо хэрээр төсвөө тэлээд л байвал өмнөх төсвийн үр ашиггүй, оновчгүй зарцуулалт тарамдсан байдал хэвээр үргэлжилнэ. Тиймээс бодлогын гол хөдөлгүүр нь ДНБ-д эзлэх төсвийн зарлагыг үе шаттайгаар хурдтай бууруулах арга хэмжээг л авах явдал. Ингэснээр илүү бодитой төсөв болж энэ хэрээр төсвийн алдагдал буурах магадлал бий.

-Сонгуулийн өмнө болон дараа аль ч үед ирээдүйд үр ашиг нь бий болдог зарцуулалтууд руу мөнгөө хуваарилах шаардлага өндөр байгаа-

-Та сая хуримтлуулах шаардлага байгаа талаар ярьж байна. Саяхан Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Гурван сан дээрээ хуримтлалаа бий болгох бүрдэж байгаа. Гэхдээ нөгөө талд түүнд хуримтлуулах мөнгөн хөрөнгөө зөв бодлогоор зохицуулж өгөх шаардлага байна. Магадгүй төсвийн энэ мэт тэлэлтээс үүдэж сангуудад эрсдэл бий болох вий гэдэг болгоомжлол ч байна?

-Бид өнөөдөр Баялгийн сангийн тухай ярьж байна. Эдгээр сангууд дээр мөнгөө хуримтлуулах ёстой гэж яриад байгаа нь өнөөдрийн нөхцөлд бидэнд хуримтлал үүсэж чадахгүй байгаа явдал юм. Тэгэхээр хуримтлал үүсгэх олон шаардлага бий. Баялгийн сангийн тухай хууль бол сайн хууль мөн. Сайн хуулийн суурийг тавьсан. Б.Баттөмөр тэргүүтэй гишүүд гол шигтгээ санаануудыг нь гаргаж, баялгийн санд төвлөрүүлэх орлогуудыг тодорхой болгож өгсөн. Үзэл баримтлалын хувьд ч авууштай хууль болсон. Тиймээс хуульд байгаа сангуудыг жинхэнэ сан гэдэг агуулгаар нь харж, баталгаатай хөрөнгө бүрдүүлж, Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хангах шаардлагаа хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол бид уул уурхайн салбараас маш их хэмжээний орлого олж ирж байгаа боловч түүнийгээ сүүлийн арав гаруй жилийн турш дорвитой зөв зүйлд зарцуулаагүй гэсэн дүгнэлтийг дотоод, гадаадын эдийн засагчид байнга хэлдэг. Уул уурхайгаас орж ирсэн мөнгөнийхөө 90 гаруй хувийг үр ашигтай зарцуулж чадахгүй байна гэж Дэлхийн банк хэлж байх жишээтэй. Тиймээс бидэнд хуримтлуулах шаардлага бий.

-Цаг үе нь ч сонгуулийн өмнө таарч буй тул төсвийн бодлого тал дээр тайвширдаг тал бий. Гэтэл үүнтэй зэрэгцээд энэ хавар улс төрийн шинжтэй олон шийдвэрүүд гарлаа. Эдгээр шийдвэрүүд ирэх намар эдийн засаг талдаа ямар нэгэн хүндрэлийг дагуулах уу. Таны байр суурь ямар байна вэ?

-Сонгууль дөхсөн үед зарим томоохон шийдвэрүүд гардаг тохиолдлууд бий. Гэхдээ зөвхөн энэ удаагийн УИХ, Засгийн газартай холбоотой асуудал биш. Гол нь гарч байгаа шийдвэрүүдийг бид нийгэм, эдийн засгийн үр дагавар нь, ирээдүйд өгөх нөлөөлөл нь хэр байх вэ гэдэг дээр л нийтээрээ анхаарах шаардлагатай. Саяны гаргасан шийдвэрүүд дунд тэгж хардах боломжтой шийдвэрүүд ч байна. Мөн нэн хэрэгжүүлэх шаардлагатай, цаг үеийн шалгуурын хувьд хийвэл зохилтой ажлууд мөн үү гэвэл мөн. Гол нь энэ хэмжээний мөнгийг бид сүүлийн арав гаруй жилийн турш зарцуулж байна, төсөв тэлж байна. Зарцуулалт өндөр байгаа нь эргээд нийгэм, эдийн засгийн үр ашигт үр дагавар дагуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ер нь их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийнэ гэдэг нь эдийн засагт тодорхой хэмжээний халалтыг авч ирдэг.

Тиймээс одоо бидний гол зорих ёстой зүйл бол сонгуулийн өмнө болон дараа аль ч үед ирээдүйд үр ашиг нь бий болдог зарцуулалтууд руу мөнгөө хуваарилах шаардлага өндөр байгаа.

Ярилцсанд баярлалаа

Г.Ууганбаатар: ХЭҮК иргэдэд учирсан сэтгэл санааны хохиролд 3,3 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байна
Г.Ууганбаатар: ХЭҮК иргэдэд учирсан сэтгэл санааны хохиролд 3,3 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.