Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батаа: Спортоор хичээллэдэг хүүхэд аль ч ажлын байранд гологддоггүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 10 секунд

Өглөө бүр Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн хажуугаар явж өнгөрөхөд гартаа теннисийн цохиур барьсан нас насны хүүхдүүд зөөлөн бөмбөгөөр нэгэнтэйгээ харилцан тоглож байгаа харагддаг. Хүүхэдтэй бүртэй тулж ажиллан, түмэн завгүй байх багш нь тэдний дунд бөртөлзөн харагдана. Энэхүү дүр зургийг өглөө бүр харахдаа Монголд талбайн теннисийн хөгжил аль шатандаа явж буй талаар эргэцүүлдэг юм. Энэхүү асуултын хариултыг эрж дасгалжуулагч Б. Батаатай ярилцлаа.

Энэ эрхмийг Болдын Батаа гэдэг. Софт теннисийн спортын ОУ-ын шүүгч, спортын мастер цолтой. 2008 онд батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулийн хүрээнд 2009 оноос эхлэн ЧД-ийн Засаг даргын дэргэдэх дөрвөн шигшээ баг байгуулагдсаны нэг нь софт теннисийн анхны өсвөрийн шигшээ баг байжээ. Тэрхүү багийн дасгалжуулчаар тус спортын дасгалжуулагчийн замналаа эхлүүлэн одоог хүртэл амжилттай ажиллаж буй.

1994 онд ЧД-ийн 5-р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөөд, 1994-1998 онд Цагдаагийн дээд сургуульд суралцан мөрдөн байцаагч мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөн мэргэжлээрээ ажиллаж байгаад 2005 онд теннисээр хичээллэж эхлэн 2006 онд софт теннисийн спортын мастер цол хүртэн дасгалжуулагчийн эрхээ албан ёсоор авсан байна. 2011 онд софт теннисийн ОУ-ын шүүгчийн эрхээ авчээ.

-Юун түрүүнд софт теннис болон талбайн теннис юугаараа ялгаатай талаар тайлбарлаач?

-1878 онд буюу Японы хямралтай үед талбайн теннисийг хөгжүүлэх ажил явж байжээ. Тухайн үед талбайн теннисийн ногоон бөмбөг их үнэтэй байсан учраас Нагасэ Кенко гэдэг хүн одоогийн софт теннисийн резинэн бөмбөгийг анх санаачилсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл бөмбөгний ялгаа л бий. Резинэн бөмбөг учраас сайн цавчиж цохисон бөмбөг таваг шиг хавтгай болж ирдэг. Бусдаар талбайн хэмжээ, тоглолтын дүрэм, тор гээд бусад зүйлс нь адилхан.

-Софт теннисийн спортоор хичээллэх болсон шалтгаан тань юу вэ?

-Би багаасаа ширээний теннис, хөлбөмбөгөөр хичээллэдэг байсан. Сургуулиа төгсөөд мөрдөн байцаагчаар ажиллаж байх үедээ хэт удаан хугацаагаар сууж ажилладаг байлаа. Үүнээс болж таргалаад зүрхний хэм алдагдах болсон. Манай эхнэр софт теннисийн ОУ-ын спортын мастер хүн л дээ. Эхнэрийнхээ зөвлөгөөг даган хөдөлгөөний дутагдалд орохоос зайлсхийж софт теннис тоглож сурсан.

-Софт теннисийн бусад спортоос ялгарах давуу тал нь юу вэ?

-Энэ спортын давуу тал нь биеийн хүчний хувьд дөрвөн мөч дөрвүүлээ зэрэг ажиллана. Мөн сэтгэн бодох чадвар, нүдний хараа сайжирдаг. Учир нь энэ том талбай дээр хоёрхон хүн л тоглоно. Маш их хурд, хүч, тэсвэр, тэвчээр, тухайн тамирчны сэтгэл зүй гээд бүх зүйл нөлөөлдөг учраас энэ нь давуу тал болдог. Тухайн тамирчин өөрөө л хичээж чадвал амжилт гаргана. Хэн уйгагүй хөдөлмөрлөж чадна тэр хүн өөрийнхээ үр дүнг л харна.

-Танай секцэд одоогийн байдлаар хэдэн хүүхэд хичээллэж байна вэ?

-Манай секцэд 6-18 насны болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр ангилалд нийт 60 гаруй хүн бүртгэлтэй байна. Харин Чингэлтэйн өсвөрийн шигшээд албан ёсны бүртгэлтэй 20 хүүхэд байдаг. ЧД-ийн ЗДТГазар болон Орон нутгийг хөгжүүлэх сангаас энэ талбайг байгуулж өгсөн. Энэ талбай байгуулагдсаны үр дүнд Залуучуудын дэлхийн аваргын 3 удаагийн хүрэл медаль, Залуучуудын Азийн аваргын 2 удаагийн хүрэл медаль хүртсэн амжилттай. Энэ талбайг барьж өгсөн ЧД-ийн ЗДТГ болон бусад байгууллагуудад маш их талархаж явдгаа хэлмээр байна.

-Тэгэхээр 5-р сургуулийн энэ талбай ОУ-ын стандартад нийцсэн талбай гэж ойлгож болох уу?

-Яг тийм. ОУ-ын стандартыг хангасан.

-Софт теннисийн дугуйлангийн хичээллэх хугацаа нь улирлын чанартай юу?

Үгүй. Өвөлдөө ЧД-ийн спорт хорооны заландаа үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдүүдийнхээ хичээлийн хуваарийг зохицуулаад өглөө, оройны ээлжинд хичээллүүлдэг. Зундаа эргээд л гадаа талбай дээрээ гараад ирдэг. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр хоёр талбай барьсан. Энэ жил өвчний улмаас тэр талбай дээр олон хүн цуглуулсан үйл ажиллагаа явагдахгүй байгаа. Хөл хорио цуцлагдахаар хотын болон улсын аваргын тэмцээнүүд явагдана. Энэ жил манай софт теннисийн холбооны 30 жилийн ой тохиож байгаа. 1990 оны 9-р сарын 13-нд албан ёсоор бичиг баримтаа авсан байдаг. Ойн баярын тэмцээнүүдэд оролцох хүүхдүүд маань бэлтгэл сургуулилтандаа орсон.

-Улаанбаатар хотын хэмжээнд софт теннисийн дугуйлан, секцүүд хэр олон байдаг юм бэ?

-Яг хотын төвдөө 5-р сургуулийн энэ талбай цор ганц албан ёсны талбай. ҮЦХ-нд 3 талбай, “Хайрхан цогцолбор” дээр 2, Таван шард 1 талбай, Олимпын хорооны ард 4 талбай бий. Энд тэнд шинэ талбай барьж байгаа гэсэн сураг байсан. Секц дугуйлангийн хувьд манай багш нар бэлтгэл сургуулилтаа таслахгүйгээр энд тэндхийн заланд хийдэг.

-Таны бодлоор Монголын софт теннисийн хөгжил аль шатандаа явж байгаа вэ? Цаашдаа юуг анхаарах хэрэгтэй байна вэ?

-Софт теннисийн хөгжил Монголд харьцангуй сайн. Манай тамирчид дэлхийд чансаагаараа эхний 5-т багтдаг. Бидний анхаарах шайрдлагатай зүйлс гэвэл байр талбайны асуудал. Мэргэжлийн багш, дасгалжуулагчдыг маш сайн бэлтгэх хэрэгтэй. Төр засгаас талбай байгуулна гээд л зарим хүмүүс орон сууц барьчихдаг. Тийм учраас биеийн тамирын талбай олныг барьж байгуулан хүүхдүүдийн чөлөөтэй тоглуулдаг байх хэрэгтэй. Хүүхэд залуусаас гадна настай хүмүүс тоглоход их тохирсон спорт шүү дээ. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлж найз нөхөдтэйгээ ирээд хоорондоо ярьж хөхрөлдөн тоглодог хөгшчүүд олон байдаг.

-Настай хүмүүс энэ спортоор хичээллэх дуртай байдаг гэлээ. Танай дугуйлангийн хамгийн ахмад нь хэдэн настай хүн байдаг вэ?

-70 гарсан нэг хөгшин бий. “Бид тоглож суръя, энэ чинь гоё спорт байна, гэмтэж бэртэх зүйлгүй юм байна.” гээд л хүрээд ирдэг. Гурав дөрвөн хөгшчүүд ирээд юмаа заалгуулж аваад эндээ тоглочихоод л явдаг. Би хэдий багшлаж байгаа ч гэсэн тэр ахмадаас суралцах зүйл их байдаг. “Миний хүү ингээрэй, тэгээрэй. Тэрэн дээрээ анхаараарай, ингэж засаарай” гэж хэлдэг. Спортынхон, бизнесменүүд, хуульчид, банкныхан гээд л бүгд ирж тоглодог.

-Софт теннисээр болон бусад спортоор хичээллэдэг хүүхэд залуустаа зориулж юу гэж хэлэх вэ?

-Спортоор хичээллэдэг хүүхэд залуус маань тууштай байх хэрэгтэй. Спортоор хичээллэснээрээ эрүүл, чийрэг өсч цаашлаад ажилд ороход аль ч ажлын байранд гологддоггүй. Залуусын ганц алдаж байгаа зүйл нь оюутан болоод спортоо хаядаг. Үүнээс болж хөдөлгөөний дутагдал, таргалалт, зүрхний хэм өөрчлөгддөг. Тэгээд тэр хүүхдүүд чинь эргээд л хүрээд ирдэг. “За багшаа болохоо байлаа, таргалаад байна, одоо яах вэ?” гээд л гүйгээд ирдэг. Тийм учраас хүүхэд залуус маань спортоор байнга л хичээллэж байх хэрэгтэй. Хичээл сургуулиа таслалгүйгээр долоо хоногтоо хоёр удаа, ядаж нэг удаа заланд ороод сагсаа тоглоно уу, теннисээ тоглоно уу хамаагүй, хөдлөж л байх хэрэгтэй. Спортоор хичээллэхийн хэрээр тухайн хүн эрүүл байж урт удаан наслахын үндэс болж байгаа юм даа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Б. Амарбаясгалан

 

    

Болгарчууд Засгийн газраа эсэргүүцжээ
Болгарчууд Засгийн газраа эсэргүүцжээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.