Сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Саяхан 23 нам, 2 эвсэл сонгуульд өрсөлдөх батламжаа СЕХ-ноос албан ёсоор гардан аваад байна. Харин одоо эдгээр нам, эвслүүд сонгуульд "сойх" нэр дэвшигчдээ тодруулах гол ажилтайгаа нүүр тулна. Тодруулбал, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ сарын 14 буюу ирэх долоо хоногийн Мягмар гарагт намууд нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлүүлнэ. Нэр дэвшүүлэх ажиллагаа долоо хоног үргэлжлэх бөгөөд нам дотооддоо холбогдох хууль тогтоомж болон намын үндсэн дүрэмд тавигдсан шаардлагыг хангах улстөрчдөө тодруулах юм. Улмаар тавдугаар сарын 27-31-нийг дуустал СЕХ тухайн нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийднэ.
Одоогоор нэр дэвших хүсэлтэй гишүүд нь тус тусын намууддаа албан ёсоор хүсэлтээ илэрхийлээд байгаа. Харин тэднээс ХЭНИЙГ нь нэр дэвшүүлэх вэ гэдэг нь сонгуульд амжилттай оролцох гол цөм болох учиртай. Намын зүгээс нэр дэвшигчдэд хэд хэдэн шалгуурыг тавих бөгөөд үүнд олон нийтийн тавьж буй шаардлага, шалгуурыг ч агуулсан байх учиртай. Тухайлбал, МАН авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн улстөрчдөө нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Эл асуудлыг Сонгуулийн тухай хуулиар ч хуульчлаад өгчихсөн. Дан ганц хуулийн зүйл заалтыг чандлан дагахаас илүүтэй энэ удаа сонгогчид намууд хэр ёсзүйн өндөрлөгөө барьж чадах вэ гэдгийг анхааралтай гэгч нь ажиглаж байна.
Түүхэндээ хамгийн "сахилга сул" байсан парламентынхаа үйл ажиллагаа, гишүүдийнхээ ёсзүйд дүгнэлт хийж үзвэл, МАН л гэхэд яллагдагчаар татагдсан болон ял шийтгүүлсэн 9 гишүүнээ нэр дэвшүүлэхгүй байх учиртай. Тухайлбал, эдгээр хүмүүс дундаас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан 2 жил, Т.Аюурсайхан 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Харин Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ё.Баатарбилэг нарын гишүүд гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй.
Харин Ардчилсан намын тухайд алдсан хугацаагаа нөхөж сонгуульд амжилттай оролцохын тулд ёсзүйн өндөрлөгөө барих нь юу юунаас илүү чухал шалгуур болно. Хэрэв энэ зарчмаа баривал одоогийн УИХ-аас гадна намын гишүүд дундаасаа ял шийтгүүлсэн намын 8 гишүүнээ нэр дэвшүүлэхгүй байх учиртай. Үүнд, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, АН-ын дарга асан С.Эрдэнэ нарын улстөрчид багтана.
Ямартай ч тойрогт өрсөлдөх улстөрчдөд хуулийн хүрээнд хяналт тавих хязгаарууд байна. Харин намын жагсаалтаар орж ирэх улстөрчдөө хэрхэх вэ, тэдэнд ямар шалгуур тавих вэ гэдэг нь анхаарал татсаар. Энэ талаар олон нийт төдийгүй судлаачид ч өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж буй бөгөөд улс төр судлаач Д.Бумдарь "Нийгмийн сэтгэл зүй сүүлийн жилүүдэд улс төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын гэмт хэргийн асуудалд маш их эмзэглэж, хүчтэй шүүмжлэх болсон. Ийм үед улс төрийн намууд муу нэртэй хүмүүсээ жагсаалт руугаа оруулах нь сонгуулийн санал авах процесст илүү хортой учраас нэр цэвэр хүмүүсээ оруулах стратегийг барих байх. Улс төрийн намууд сонгогчдын судалгааг үндэслэж, тойрог руу ямар хүнээ, жагсаалт руу ямар хүнээ оруулбал илүү сайн санал авч чадах вэ гэдгээ анхаарах ёстой. Гэхдээ зарим тохиолдолд улс төр, нийгэмд танигдаагүй атлаа дараагийн удаа улс төрийн намаа залгамжилж явах кандитатуудыг оруулахыг үгүйсгэхгүй" гэх байр суурийг илэрхийлсэн байдаг.