23 настай Ө.Тэмүүлэн нэг жилийн өмнөөс Монгол гэр хийх арга технологид суралцаж эхэлжээ. Учир нь түүний аав Ц.Өлзийбат 20 жилийн өмнөөс Монгол гэрийг ур ухаан, хичээл зүтгэлээ гаргаж урлаж эхэлсэн байна. Ө.Тэмүүлэн удам залгах ганц хүү нь учраас аавынхаа бизнесийг өвлөж, өргөжүүлэх хүсэлтэй явдгаа бидэнд хуучилсан юм.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байрлах энэ хашаанд хээтэй, хээгүй, олон өнгийн гэрүүд эздээ "хүлээнэ". Амралт, жуулчдын баазуудын ашигладаг 8 ханатай Монгол гэр ч энд бий. Харин цехийн үйлдвэр нь зурагтын хуучин эцэст байрладаг бөгөөд тэнд л жинхэнэ ажил бужигнана.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу Монгол гэрийг хүн төрөлхтний хамгаалах шаардлагатай өв хэмээн үзэж "Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2013 онд бүртгэж байв.
Тиймдээ ч Монгол өв соёл, уламжлалаа хадгалан авч үлдэх эргээд дараагийн хойч үедээ өвлүүлэн үлдээхээр ажиллаж буй аав, хүү хоёрыг энэхүү сурвалжилгаараа онцолж байна.
Ө.Тэмүүлэнгийн хувьд нас залуу учраас гэрийн модыг зүлгэх, хаалганы бариул хийх, унины нүх цоолох ажилд туслахын хажуугаар ачаа ачилцах, зөөх, маркетинг зэрэгт анхаардаг гэнэ.
Тэрбээр "Сургуулиа голоос нь орхиод аавынхаа ажилд орсноос хойш их ачаалалтай байдаг гэдгийг нь ойлгосон. Сурах юм ч их байна. Аавдаа загинуулж, магтуулах үе ч их бий. Гэхдээ загинуулах нь их. Аав маань их няхуур, нямбай хүн учраас миний хийсэн хэр баргийн ажил сэтгэлд нь нийцэхгүй. Хатуу хүн л дээ. Би айлын том хүү учраас аавынхаа бизнесийг өвөлж, томруулмаар байна. Бас аавынхаа итгэлийг алдмааргүй байна. Хэдэн жилийн дараа гэхэд өөрөө бие дааж гэр хийдэг болно. Бид хүмүүст чанартай гэр зарах зорилготой. Хүмүүс сэтгэл ханамжтай байвал дахиад манайхаар ирэх нь тодорхой. Манайхаас гэр авсан хүмүүс гэрээ тохижуулчихаад зургаа явуулахаар гоё урам авдаг" гэлээ.
Үйлдвэрлэсэн Монгол гэрүүдээ гадагш экспортолдог болжээ
Ц.Өлзийбатын гэр бүлийн "Тулга ундрах өргөө" ХХК нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн Монгол гэрүүдээ гадагш экспортолдог болжээ.
Гадаадад кемп ажиллуулдаг Монголчууд гадны жуулчдыг татахын тулд Монгол гэрийг ашигладаг гэнэ. Тэд ихэвчлэн улаан алаг өнгөтэй 3.2 сая төгрөгийн 5 ханатай гэр захиалдаг аж. Удахгүй АНУ-руу 20 ширхэг гэр явуулахаар бэлтгэлээ хангаж байгаа гэдгээ бидэнд хэлсэн юм.
Бэлэн 3.2 саятай ирээд гэр худалдаж авдаг гэвэл өрөөсгөл. Ихэвчлэн лизингээр өгөх үү, хувааж өгье гэж их асуудаг
Биднийг ярилцах хооронд Ц.Өлзийбатын гар утас зогсоо зайгүй хангинах аж. 20 жил гэр урласан болохоор хавь ойрынх нь хүмүүс түүнийг андахгүй. Улмаар нэг дуудлагыг автал "Маргааш 3 ширхэг таван ханатай сийлбэртэй гэр, зургаан ханатай сийлбэртэй гэр ачуулна" гэж ярих нь сонсогдоно. Захилга өгсөн жуулчны баазаас лавлаж асуусан нь энэ.
20 жил хөлс хүчээ дуслуулсан хөдөлмөрийг түүний хоёр гаранд үлдсэн шарх сорви илтгэх аж. Багаасаа хар ажил гэж гололгүй ажлыг хийж сурсан нь түүнийг хөдөлмөрч нэгэн хэмээхэд хүргэжээ.
Ц.Өлзийбат "Монгол гэр нь багтаамж сайтай, агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг учраас хүний эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Монголчуудын байнгын хэрэглээ учраас би анх гэр урлахаар шийдэж байлаа. Уг нь би мужаанчин биш ээ. Барилгын чиглэлийн хүн байхгүй юу. Ерөнхийдөө хар ухаанаар л гэр урлаж сурсан.
20-н жилийн өмнө анх хуучин гэр худалдаж аваад хаалгыг нь засварлаж, будаад бизнесээ эхлүүлж байлаа.
Хүү маань цаашдаа өөрийн гараар гэр хийж сурна. Гэр хийхэд хэрэглэгдэх материалуудаа сонгож, ажилчидаа цалинжуулна. Хүүг маань их ажил хүлээж байгаа. Одоо бол бизнес маань харьцангуй хөл дээрээ боссон. 7 хүнийг цалинжуулаад явж байгаа ч ажиллах хүмүүс олдохгүй хэцүү. Сургаад авах гэхээр замын голоос явчихдаг хүмүүс ч бас бий. Бодит амьдрал дээр угаасаа л ийм. Манайх таван ханатай гэрийг 3.2-3.5 сая, 6 ханатай гэрийг 5-6 сая төгрөгөөр зарж байна.
Мөн сийлбэртэй, сийлбэргүй хээтэй, хээгүй гэдгээс шалтгаалж үнэ нь өөр. Сийлбэртэй 5 ханатай гэр 5 сая, 6 ханатай нь 6.5-7 сая төгрөг байх жишээний. Иргэдийн хувьд бэлэн 3.2 сая төгрөгтэй ирээд гэр худалдаж авдаг гэвэл өрөөсгөл. Тийм бэлтэй хүн ховордсон. Ихэвчлэн лизингээр өгөх үү, хувааж өгье гэж их асуудаг. Тиймээс банкуудтэй энэ чиглэлд хамтарч ажиллавал борлуулалт илүү сайн явагдах юм байна лээ" гэдгийг онцлов.
Зээлээр гэрээ зартал хүмүүсээс авч чадаагүй авлага нь 20 сая төгрөгт хүрчээ
Ц.Өлзийбат өнгөрсөн хугацаанд олон хүнд Монгол гэр зээлээр заржээ. "Хүүхдээ тэвэрч ирээд зовлон ярина. Ахаа гэр оронгүй айлд хэцүү байна. Одоо тэдийг өгье үлдсэнийг нь найдвартай өгнө" гэхээр нь итгээд явуулна. Удалгүй утсаа салгаад алга болдог аж. Өнөөдрийн байдлаар хүмүүсээс авч чадаагүй авлага нь 20 сая төгрөгт хүрчээ. Ийнхүү хаширсан учраас энэ жилээс хүмүүст Монгол гэрээ зээлээр зарахаа больсон байна.
Ц.Өлзийбат шинэ гэр урлахаас гадна хүмүүсээс хуучин гэр худалдаж аваад янзалж будаад уул уурхайн компаниудад зардаг.
Энэ нь ч их зарагддаг гэнэ. Хуучин гэрийг 1.5-2.3 сая төгрөгөөр зардаг бол шинэ гэр 3.2 сая төгрөгийн үнэтэй. Уурхайн компаниуд мөнгөө хэмнэхийн тулд ажилчдадаа хуучин гэр авч өгдөг байна. Өчигдөр гэхэд хөдөө рүү 10 хуучин гэр ачуулжээ.
Ц.Өлзийбат “Булзаж мэлзэж буруу явбал буг биш хүн чамайг ална. Бусдад тустай зөв явбал бурхан биш хүн чамайг аварна" хэмээх үгийг зарчмаа болгож явдаг бөгөөд ямар ч хүнд гэм хоргүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө гэр бүлийнхээ төлөө явж байгаа гэдгээ бидэнд ийнхүү хуучилсан юм.