Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголчууд төрөлт багассаны горыг 2040 онд тэтгэврийн ДАРАМТААР мэдэрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 7 секунд

Дэлхий даяар төрөлт багасаж байна. БНСУ, Япон, Хятадад төрөлт буурч төрөх эмнэлгүүд үүдээ барьж эхэлсэн. Засгийн газраас төрөлтийг дэмжсэн санхүүгийн арга хэмжээнүүд авч байгаа ч төдийлөн амжилт олохгүй хэвээр. Энэ нь эдийн засаг, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн сан зэрэгт сөргөөр нөлөөлөх учраас дээрх улсуудын эрх баригчдын толгойны өвчин болж эхэлжээ.

Монгол Улсад ч ялгаагүй төрөлт буурч сүүлийн 15 жилийн доод түвшинд хүрээд байна.

Өнгөрсөн 2023 онд 64.3 мянган хүүхэд төрж төрөлт өмнөх оноос 1300-гаар буурчээ. Үүн дээр 2024 оны эхний дөрвөн сарын үзүүлэлтийг нэмлээ ч төдийлөн "амжилт" олохгүй бололтой. Учир нь Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2024 оны эхний улиралд мэндэлсэн хүүхдийн тоо дөнгөж 14244. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2208-аар бага буюу 13.4 хувиар буурсан гэсэн үг.

Төрөлтийн сүүлийн таван жилийн мэдээллийг харвал, 2019 онд 78.2 мянган хүүхэд төрсөн бол энэ үзүүлэлт жил ирэх тусам буурсаар 2023 онд хамгийн бага буюу 64.3 мянга хүрч, 13.9 мянгаар ийнхүү буурчээ. Үүнээс харахад төрөлтийн "шугам" дахиад л уруудах бололтой.

Манай улсын нийт хүн амын 35.5 хувийг залуучууд буюу 16-35 насны иргэд эзэлж байна. Энэ нь хөдөлмөрийн насны иргэд нийт хүн амын дийлэнх хэсгийг эзэлж байгаа буюу хүн ам зүйн “Цонх үе” анх удаа тохиож байгаа юм. Уг "Цонх үе" нь 2030 он хүртэл үргэлжилж, 2040 оноос хаагдана.

Хүн ам зүйн цонх үе хаагдах үед цөөн тооны ажиллах хүчин харьцангуй олон өндөр настнуудыг тэтгэх хэрэгтэй болох учраас Монгол Улсын нийгмийн хамгааллын систем, тэтгэврийн төлөвлөлтөд хүндрэл учрах эрсдэлтэй.

Мөн хөдөлмөрийн насны хүн ам урьд үеэс цөөрсөөр эдийн засгийн өсөлт удааширна. Бид “Цонх үе”-ээ амжилттай зөв бодлого хэрэгжүүлж ашиглаж чадахгүй бол ирээдүйдээ хүнд ачаа үүрүүлнэ. Товчхондоо одоогийн хөдөлмөрийн насны хүмүүс бүгд тэтгэвэрт гарчихаар бидний үр хүүхдүүд одоо төлж байгаа татварын хэмжээнээс хамаагүй ихийг төлнө гэсэн үг юм.

2040 оноос эхлэн тэтгэврийн зардал иргэдэд хамгийн их дарамт болж эхэлнэ

Нийгмийн даатгаын ерөнхий газар дарга Л.Мөнхзул:

-Европт 2050 он гэхэд нийт хүн амынх нь бараг 30 хувь нь тэтгэврийн насных болно гэсэн тооцоо гарсан. Тиймээс ирээдүйд тэтгэврийн зардал, эрүүл мэндийн үйлчилгээний зардал өндөр болно. Ер нь насжилтийг тойрсон бүх төрлийн зардал өснө гэсэн үг. Монгол Улсад ийм асуудал тохиолдохыг үгүйсгэхгүй.

2030 он хүртэл манайх хүн ам зүйн "Цонх үе" буюу хамгийн залуу хүн амтай үе гэсэн үг. Яг энэ цонх үед Монгол Улс төрөлт, эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэх ёстой. Улмаар энэ хугацаанд тэтгэврийн зөв бодлогыг хэрэгжүүлж байж тэтгэврийн хуримтлалыг өсгөнө.

2040 оноос эхлэн тэтгэврийн зардал иргэдэд хамгийн их дарамт болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, насжилтын нөлөөлөл үзүүлэх он нь 2040 он гэсэн үг.

Олон улсын байгууллагуудын хийсэн актуар тооцооллоор 2050 он гэхэд одоо тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тоо Монгол Улсад гурав дахин өснө гэх судалгааг гаргасан. Одоогоор 500 мянган хүн тэтгэвэр авч байгаа бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, өндөр настны тэтгэвэр авдаг иргэд бүгд багтаж байгаа. Үүнээс өндөр настны тэтгэвэр авдаг ахмадууд 300 гаруй мянга байгаа. Энэ тоо 10 жилийн өмнө 200 гаруй мянга байсан бол 10 жилийн дотор 30 хувиар нэмэгдсэн. Цаашдаа ч энэ зардал нэмэгдэнэ. Тиймээс эртнээс хувь хүн өөрөө тэтгэврийн хуримтлалыг бий болгох ёстой. Ганцхан улсын тэтгэврийн системээс хангалттай тэтгэвэр авч чадахгүй гэж үзэж байгаа бол нэмэлт бусад төрлийн орлогоосоо хувийн тэтгэвэртээ хуримтлал үүсгэнэ.

Өөрөөр хэлбэл, олон эх үүсвэрээс бүрдсэн буюу олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох шаардлагатай болсон нь хүн ам зүйн насжилттай холбоотой. Энэ нь 2040 онд ирэх тэтгэврийн дарамтыг багасгана.

Энэ систем хэзээ ажиллаж эхлэх вэ гэхээр эдийн засгийн суурь нөхцөл таатай үед ажиллана. Хэт их өндөр инфляцтай санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зах зээлгүй үед ажиллахад төвөгтэй. Тэтгэврийн хуримтлалыг өсгөхийн тулд эдийн засгаа тэлж хөгжүүлэх нь юунаас илүү чухал. Эдийн засаг сайжрах үед 2040 оноос улсын эдийн засагт үзүүлэх тэтгэврийн сангийн дарамт буурч эхэлнэ. Тиймээс суурь эдийн засгийн хөгжлийг тэлэх бодлогыг одооноос хэрэгжүүлэх хэрэгтэй.

Одоогийн хууль эрхзүйн орчны үйлчлэл дор хаяж 15-20 жилийн дараа гардаг. Тэгэхээр 2040 оноос эхэлж үйлчилнэ гэсэн үг.

2024 онд нийгмийн даатгалын систем реформууд хийгээд эхэллээ. Хуулиараа баталгаажуулчихлаа. Энэ реформуудын үр нөлөө 2040 оноос мэдэгдэнэ. Тэр болтол нийгмийн даатгалын систем шударга, тууштай, нээлттэй явах ёстой.

Гэрээт гэрлэлт нь төрөлтийг нэмэгдүүлэхэд сөрөг нөлөө үзүүлнэ

Хүн ам зүйн цонх ганц удаа нээгдээд хаагддаг учраас энэ үзэгдлийг аль болох урт хугацаанд ашиглаж, цонх хаагдах үед тулгарах асуудлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд төрөөс төрөлт, гэрлэлтийг дэмжих шаардлагатай болжээ. Монгол Улсад төрөлт буурч албан ёсны гэрлэлт бус хамтран амьдрах, гэрээт хэлбэр рүү шилжиж байгаа зэрэг өнөөгийн нийгэмд үүссэн шинэ хандлагууд нь төрөлтийн цаашдын түвшинд сөрөг нөлөө үзүүлнэ гэж судлаачид таамаглаж байгаа аж.

2023 онд гэрлэлт хэрхэн буурсан болохыг дараах статистикаас харж болно.

Монгол гэр бүлийн хэв шинжид задрал үүсэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, залуусын дунд гэрээт гэр бүл гэх шинэ үзэгдэл бий болсон байна. Албан бус мэдээллээр Монголд 14 мянга орчим гэрээт гэр бүл бий гэх. Гэрээт гэр бүлийн онцлог нь талуудын аль нэг нь бэлгийн харилцааг чухалчилж байгаа бол нөгөө тал нь санхүүгийн дэмжлэг хүсэмжилдэг гэнэ. Энэ үүднээс гэрээний хугацаанд хэн, ямар эрх үүрэгтэй байх талаар гэрээ байгуулж, зохих нөхцлийг тусгаж өгсөн байдаг. Тухайлбал, дундын өмчгүй байх, хүүхэдтэй болохгүй, бие биеэ мэхлэхгүй байх, өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй байх, санхүүгийн тусламж үзүүлэх, хэн нэгнийхээ ажилд саад болохгүй, бие биеэ дарамтлахгүй, эрх чөлөөнд халдахгүй байх гэсэн нөхцлийг хоёр тал харилцан тохирч, хүлээн зөвшөөрсөн байдгаараа онцлог.

Залуус гэр бүлийн үүрэг, хариуцлага хүлээхээс зайлсхийх, гэрлэлт өөрсдийнх нь эрхийг хязгаарлана гэж боддог учраас гэрээт гэр бүлийн хэлбэрийг ийнхүү сонгох болжээ.

Шинэ гэр бүлд 500 мянган төгрөгийг өгөхөө больсны дараа гэрлэлт эргээд буурчээ

МАН 2006 онд гэр бүлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүд, тухайлбал, хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл болж буй хосуудад 500 мянган төгрөг олгох хууль санаачилж, хэрэгжүүлж байсан. 1963-2010 оны хооронд 44 жилд хүн амын тоо 2.6 дахин нэмэгдсэн байхад өрхийн тоо 3 дахин буюу илүү хурдан өсжээ. 2008 оноос өрхийн тоо эрс нэмэгдэж, өмнөх жилүүдэд нь 14-21 мянгаар нэмэгдэж байсан өрхийн тоо 2008 онд даруй 32 .1 мянгаар, 2006 онд 38.7 мянган өрхөөр өсжээ.

Үүнд төрөөс өрх гэр бүлийг дэмжиж хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд 500 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн нь нөлөөлсөн байна.

Харин уг тэтгэмжийг 2010 оноос зогсоосны дараа өрхийн тооны цэвэр өсөлт эргээд буурчээ. Тухайн үед залуус 500 мянган төгрөг авахын төлөө хоорондоо хуурамчаар гэрлэлт батлуулсан тохиолдол олон гарсан гэдэг.

Зарим нэг тоон мэдээллээс дурдвал шинэ гэр бүлийн мөнгийг олгож байсан 2006-2010 онуудад жилд дунджаар 30 мянган хос гэрлэлтээ батлуулсан байгаа юм. Өмнө нь энэ тоо дөнгөж 15 мянгад хүрдэг байж.

Залуу гэр бүл гэрлэлтээ батлуулмагц мөнгө олгож эхлэхээр гэрлэлт батлуулах үзүүлэлт нь механикаар хоёр дахин өссөн гэсэн үг. Залуу гэр бүлд мөнгө олгоход жилд төсвөөс дунджаар 15-20 тэрбум төгрөг зарцуулж байв. Гурван жилийн хугацаанд гэж тооцвол 60 тэрбум төгрөг. Залуу гэр бүлд мөнгө олгосноороо гэр бүлийн амьдрал илүү тогтвортой болсон гэж дүгнэх аргагүй. Нэг ёсондоо гурван жилийн хугацаанд 60 тэрбум төгрөгийг гэр бүлүүдэд зарцуулсны үр дүн харагдахгүй байгаа юм. Зөвхөн залуу гэр бүлийн мөнгө ч биш, тэр жилүүдэд хүүхдийн мөнгө, иргэн бүрт олгох хишиг хувь гээд улс орон даяараа популист халамжийн бодлогын “халууралд” улс орон даяараа автсан гэхэд буруудахгүй.

Хүн ам зүйн цонх нээгдэх үеийн төрөлтийг дэмжих бодлогын ЭРЭЛД

Төрөлтийн талаарх бодлого гэдэг нь Засгийн газраас хувь хүн, гэр бүлүүдийн төрөлтийн тоонд нөлөөлөх зорилгоор авч хэрэгжүүлж буй шууд болон шууд бус арга хэмжээнүүдийн цогц юм. Сингапурын Засгийн газраас залуучуудыг танилцуулах үдэшлэгийг зохион байгуулдаг бөгөөд гэрлэгчдэд мөнгөн тэтгэмж олгох, орон сууцаар хангах зэрэг арга хэмжээг авдаг аж.

Дэлхийн улс орнууд хүн амын насны бүтцэд төрөлтийн гүйцэтгэх үүргийг хэн бүхэн ойлгож байгаа боловч насжилт явагдаж байгаа олон оронд төрөлтөд маш бага анхаарал хандуулсан байдаг гэнэ.

Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогод хүн амын тогтвортой өсөлтийг хангаж, хүн ардаа урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино гэж заажээ. Өнөөгийн хуулиар "Цалинтай ээж" хөтөлбөр, хүүхдийн мөнгө, “Эхийн алдар” нэг, эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа мөнгөн тусламж үзүүлж байна.

Хүн амын өсөлтийг дэмжих бодлого баримталж буй орнуудын туршлагаас харахад хосуудын төрөлтийг дэмжихдээ халамж, тэтгэмж гэх мэт эдийн засгийн урамшууллаас гадна хүүхэд асрах, өндөр настан, гэр бүлийнхнээ асрах, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны үйлчилгээнүүд зэрэг гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагааг анхаарах нь илүү үр дүнтэй аж.

Нас баралтын түвшин буурч буй өнөө үед хүн амын өсөлтийг зөвхөн төрөлтийн түвшинг дэмжсэнээр хангах боломж байгаа учраас Монгол Улсын хувьд хүн амын бодлогоо эргэн харж, төрөлтийг дэмжиж буй улс орнуудын туршлагыг авч хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Тодруулбал,

  • Хүүхдийн тэтгэмжийг олгохдоо хүүхдийн нас, хүүхдийн тоогоор ялгаатайгаар олгох.

Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарах. Үүнд хүүхэд аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хүүхдэд зориулсан үнэгүй эсвэл зарим хөнгөлттэй бараа үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, хүүхэд асрах, цэцэрлэг, яслийн үйлчилгээг сайжруулах.

  • Төрөөс орон сууцны асуудалд дэмжлэг үзүүлэх. Залуу гэр бүл, олон хүүхэдтэй гэр бүлийг орон сууцны хөнгөлттэй, урт хугацааны зээлд хамруулах,

Эхчүүдэд жирэмсний болон хүүхэд асрах цалинтай чөлөө олгох. Хэрвээ хүсвэл эцэгт нь цалинтай чөлөө олгох гэх мэт.

FACELOOK: Удам дамжсан төмөр замчин Т.Сайнжаргал
FACELOOK: Удам дамжсан төмөр замчин Т.Сайнжаргал
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.